NEWS агентлаг "Нэг сэдэв, найман эх сурвалж" булангийн ээлжит дугаараа Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бэлтгэлээ. БНМАУ нь 1921 оноос хойш тусгаар тогтнолоо бататган, гадаад улс оронтой бие даан харилцаж, статус-квогоо бататган хадгалахын төлөө тэмцэж ирсэн цаг үед Халх голын дайн болсон юм. 10 мянга гаруй цэрэг, офицер, 100 гаруй онгоц, танк, их буу, бөмбөгдөгч онгоц тэртээ 80 жилийн өмнө буюу 1939 онд Халх голын эрэг дээр ЗХУ-Японы цуст мөргөлдөөний эцсийн шат эхэлсэн түүхтэй. Эцэстээ Японы квантуны арми ялагдаж, газар нутгийн хил хязгаараа Монголын гүн рүү оруулах оролдлогоо зогсоосон юм.
Халх голын дайн үед Монголын нийгмийг малчид ард иргэд бүрдүүлж байсан төдийгүй дайны өмнөхөн их хэлмэгдүүлэлтэд цэргийн дээд албан тушаалтнууд өртсөн байдалтай байсан юм. Гэсэн хэдий ч ЗХУ-ын улаан армийн тусламжтайгаар энэ дайнд ЗХУ, БНМАУ хамтран ялалт байгуулж чадсан билээ. Халх голын дайны үр дүнд цэрэг байлдааны ажиллагаанаас гадна дипломат ажиллагаа явагдсан тухайн үеийн олон улсын харилцаанд томоохон байр суурь эзэлсэн үйл явдал байв. Эцсийн дүндээ монголчууд төрийн тусгаар тогтнолоо бататгаж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх алхмуудаа хийсэн нэн чухал он жилүүд байлаа.
ЭХ СУРВАЛЖ 1
Халх голд техник, тактик, цэргийн хэрэглэлийн олон зүйлийг туршсан
Халх голын тулалдааны талаар цэргийн эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнөдөг болоод байна. Юун түрүүн, энэ үйл явдлын нэршлийн талаар. Түүхийн баримт бичгүүдэд энэ явдлыг тулалдаан, байлдаан, дайн, цэргийн ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөн гэх зэргээр олон янзаар тэмдэглэж иржээ.
ОХУ-ын Цэрэг-түүхийн нийгэмлэгийн судлаачдын үзэж байгаагаар энэ үйл явдлыг дайн гэж нэрлэж хараахан болохгүй аж. Ингэж үзэж байгаагийн учир нь, Халх голд цэргийн ажиллагаа явуулах фронт нээгээгүй нь явдал аж. Цэргийн шинжлэх ухаанд дайн гэдэг тодорхойлолтын гол элемент нь фронт байдаг байна. Тус нийгэмлэгийн дэд захирал М.Ю.Мягковын хэлж байгаагаар Халхын голын тулалдаан цэргийн шинжлэх ухааны түүхэнд олон шинэ зүйлийг оруулж иржээ. “Халх голын тулалдааны талаарх архивын баримт материалууд одоо л олонд дэлгэгдэж байна. Энэ дайны сэдэл юу байсан, япончууд ЗХУ-ын байлдааны бэлэн байдлыг шалгасан уу, эсвэл Япон илүү холын зорилготой байсан уу гэдэг талаар одоо ч судлаачид ярьж байна. Халхын голын тулалдаан нь Оросын цэргийн шинжлэх ухааныг олон зүйлээр баяжуулсан, хэд хэдэн шинэ зүйлийг туршсан үйл явдал байсан” гэлээ. Юун түрүүн, пуужин зөөгч шинэ онгоцыг туршжээ. Мөн тухайн үед хэрэглэж байсан танкууд хуучирч, маневр муутай байсныг нотолсоны үндсэн дээр шинэчилсэн байна. Мөн энэ үеэр хуурамч мэдээллээр дайснаа төөрөлдүүлэх тактикийг хэрэглэжээ. Монголчууд үүнийг “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киногоор мэддэг. Чанга яригч зоосон хоёр машинаас дайны ажиллагаа явагдаж байгаа мэт худал чимээ өгч төөрөгдүүлэх, мөн ухуулга сурталчилгаа хийж байгаа тухай гардаг. Мөн Халхын голын тулалдаан эхлэхийн өмнө ЗХУ-ын цэргүүд шинэ өмсгөл, хэрэглэлтэй болсон бөгөөд энэ нь дайн байлдааны үед хэр тохирсон болохыг мэдэж авсан байна. Тухайлбал, 1936 онд явган цэргийн шинэ төмөр дуулга хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ нь “Халхын голка” нэрээр түүхэнд бичигдэн үлдсэн байдаг ажээ. Гэхдээ энэ малгайг өмсөхөд тохиромжгүй байсныг Халхын голд нотолж, эх орны дайн эхлэхээс өмнө сольж сайжруулсан юм байна. 1936 оноос өмнө оросын цэргүүд Францад үйлдвэрлэсэн дуулга хэрэглэдэг байжээ.
Цэрэг тактикийн хувьд бас шинэ хуудас нээсэн нь маршал Г.Н.Жуковын явган цэргийн дэмжлэггүйгээр дан танкийн дайралт хийсэн явдал юм.
Халх гол тойрсон өөр нэг хэлэлцүүлэг нь дэлхийн II дайн Халх голд эхэлсэн үү, эсвэл Гитлерийн Герман Польш руу довтолсноор эхэлсэн үү гэдэг байр суурь. Халх голын ялалт нь дэлхийн II дайны хувь заяаг тодорхойлсон чухал үйл явдал учраас Халх голоос дэлхийн дайныг түүхийг ярих хэрэгтэй гэсэн байр суурийг үгүйсгэх аргагүй юм.
Халх голын тулалдааны талаар нарийвчлан судлах зүйл маш их байгааг ОХУ-ын Цэрэг-түүхийн нийгэмлэг онцлон хэлж байна. Энэ нийгэмлэгийн идэвхтэй оролцоотойгоор Оросын дунд сургуулийн түүхийн сурах бичигт Халхын голын тулалдааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан бүлгийг нэмж оруулжээ.
Жич: Энэ материалд дурдагдаж буй баримтуудыг 2014 онд авсан болно.
Д.НАРАНТУЯА
ЭХ СУРВАЛЖ 2
Халх голын дайныг тойрсон их гүрнүүдийн геополитик
ГХЯ-ны зөвлөх, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Батбаяр:
Халх голын дайн 1939 оны тавдугаар сараас есдүгээр сар хүртэл нийтдээ дөрвөн сар үргэлжилсэн. Энэ дайн бол цэргийн байлдааны ажиллагаа төдийгүй тухайн үеийн олон улсын харилцаанд томоохон байр суурь эзэлсэн үйл явдал болсон.
БНМАУ зөвхөн хөрш орнууд болох ЗХУ, гоминданы Хятад төдийгүй Зүүн Ази, цаашлаад дэлхийн харилцаанд татагдан оролцож, эцсийн дүндээ төрийн тусгаар тогтнолоо бататгаж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх алхмуудаа хийсэн нэн чухал он жилүүд байлаа.
Түүх сөхвөл, Япон улсын зүгээс 1920-иод оны дунд үеэс газар нутгаа тэлэх бодлогыг идэвхтэй явуулж эхэлсэн. Японы квантуны арми 1932 оны гуравдугаар сард Манж-Го улсыг байгуулан, Манжийн хааны сүүлчийн эзэн хаан Пү-Иг тэргүүнээр нь тавьсан юм. Япончууд Манж-Го улсыг байгуулахдаа манж, хятад, монгол, япон, солонгос гэсэн таван үндэстнээс бүрдсэн, өмнөх Манж Чин гүрэнтэй залгамж холбоотой гэдгийг харуулах гэж оролдсон. Түүнчлэн монгол үндэстний төвлөрөн суудаг Хянган мужийг тусгайлан байгуулсан зэрэг нь тодорхой улс төрийн зорилго агуулж байсныг илтгэн харуулдаг. Халх гол сумын хэрэг явдлаас болж, 1935 оны зургадугаар сараас ЗХУ Манж-Гогийн хил Манжуур өртөөнд БНМАУ Манж-Гогийн төлөөлөгчдийн хооронд шууд яриа хэлэлцээ хийсэн. Энэ яриа хэлэлцээ 1935 оны зургадугаар сараас наймдугаар сар, 1935 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сар, 1936 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сар, 1937 оны наймдугаар сараас есдүгээр сар хүртэл дундаа завсарлагатайгаар гурван жилийн хугацаанд 4-5 удаа хуралдсан байдаг.
Уг яриа хэлэлцээг хэдийгээр БНМАУ, Манж-Гогийн төлөөлөгчид хийж байсан боловч тэдний цаана ЗХУ, Японы эрх ашиг байж, Москва, Токиогийн байр сууриас асуудал яригдаж байсан нь өнөө цагт тодорхой болсон.
Япон улс, Манж-Гогийн тал гэрээ хэлэлцээгээр дамжуулан БНМАУ-ын байр суурийг тандах, яриа хэлэлцээ хийх, сүрдүүлэх аргыг хослон хэрэглэхдээ БНМАУ-Манж-Гогийн хооронд дипломат харилцаа тогтоож, Улаанбаатар болон бусад төв суурин газарт квантуны армийн төлөөлөгчийг Манж-Гогийн дипломат элч нэрээр суулгаж, БНМАУ-ын Батлан хамгаалах бүх талыг тандах зорилт тавьж байв.
Харин ЗХУ болон Монголын тал уг Манжуурын хэлэлцээг удаа дараа уяж, аль болох цаг хожиж, БНМАУ-ын хил хязгаарын байдалд өнгөлзөх гэж оролдсон дайсныг тас цохих, Манж-Готой улс төрийн харилцаа тогтоох асуудлаар татгалзсан байр суурьтай байв.
Гэхдээ сүүлийн үеийн судалгаанаас харахад, Ерөнхий сайд П.Гэндэн зарим нэг асуудлаар өөрийн гэсэн байр суурьтай байжээ. Тухайлбал, тэрээр Манж-Гогийн төлөөлөгчдийг Улаанбаатарт суулгах юм бол хажуудаа байлгаад харж, хянаж байх гэсэн байр суурьтай байсан ажээ.
1936 оны долдугаар сард байгуулагдсан Зөвлөлт-Монголын харилцан туслалцах протокол нь Зөвлөлт-Японы харилцаа хурцадсантай шууд холбоотой. 1935 оны арванхоёрдугаар сард болсон Манжуурын бага хурлын үеэр Манж-Гогийн төлөөлөгчид БНМАУ-ыг бие даасан улс гэж үзэхгүй, хэрвээ та бүхэн Манж-Гогийн шаардлагыг хүлээн авахгүй бол квантуны арми хүч хэрэглэн, Улаанбаатар хүртэл цэрэг хөдөлгөнө гэх зэргээр сүрдүүлсэн байдаг. Дараа нь, ЗХУ-Японы удаа дараагийн уулзалтын үеэр Японы тал ЗХУ чухам ямар үндэслэлтэй болоод БНМАУ-ын нэрийн өмнөөс яриад байгаа юм вэ гэсэн асуудлыг тавих болсон. Эцэст нь, квантуны арми 1936 оны нэгдүгээр сараас Дорнод хил дээр өдөөн хатгалгаагаа улам эрчимжүүлж, хилийн заставыг ихээхэн хүчээр дайрах болсон. Энэ бүх хүчин зүйлийн үндсэн дээр Сталин тэргүүтэй зөвлөлтийн удирдлага П.Гэндэнг БНМАУ-ын Ерөнхий сайдын үүрэгт, ажлаас нь чөлөөлж, түүний оронд илүү дуулгавартай, үнэнч хүнийг сонгож тавих, хоёрдугаарт, Зөвлөлт-Монголын хооронд харилцан туслалцах гэрээ байгуулж, дэлхийн нийтэд зарлах, ямар нэгэн томоохон зэвсэгт мөргөлдөөн гаргахаас урьдчилан сэргийлж, Зөвлөлтийн цэргийг Монголын нутагт оруулах гэсэн бодлогын чанартай шийдвэрээ 1936 оны эхээр гаргасан нь харагдаж байна.
1932-1936 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, Гадаад явдлын сайдын хэргийг давхар хашин байсан П.Гэндэн, Манжуур өртөөнд Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж байсан Г.Самбуу нар нь хүн ам цөөтэй, газар нутаг ихтэй Монгол орны хувьд батлан хамгаалах асуудалд ЗХУ-ыг түших нь зүйтэй боловч Манж-Го, түүний цаана байгаа Японтой харьцахдаа тун болгоомжтой байж, дайн үүсгэхгүй байх, маргаантай асуудлыг хэлэлцээний аргаар шийдэх, хил хязгаарын будилаантай асуудлыг шийдэх хавсарсан комисс байгуулах хэрэгтэй гэсэн өөрсдийн үзэл бодолтой байлаа.
Тэд Манжуур өртөөнд Япон, Манж-Гогийн түшмэдтэй өдөр тутам харьцаж байснаас гадна ЗХУ-ын Манжуур дахь Консулын газрын ажилтнуудын байнгын хараа хяналт, хардлага дор ажиллаж байжээ. 1937 оны есдүгээр сард Манжуур өртөөнд болсон хэлэлцээнд орсон П.Гэндэн, Г.Дэмид нарын тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг эсэргүү бүлгийн гишүүд, Японы тагнуул хэмээн хилсээр хэлмэгдүүлж, цаазын ял оноосон ажээ.
ЗХУ, Японы харилцаа 1936 онд улам хурцадсан нь Япон-Германы хооронд Коминтерны эсрэг гэрээ байгуулагдсантай шууд холбоотой. Тэд ЗХУ-ыг өөрсдийн дайснаа хэмээн тодорхойлж, Зөвлөлт нь тэднийг дайрах эсвэл дайрахаар заналхийлэх аваас гэрээнд гарын үсэг зурсан талууд бие биетэйгээ зөвлөлдөн гэж тусгажээ.
Мөн 1930-аад оны дунд үе гэхэд ЗХУ-ын удирдлага нь Алс Дорнодод өөрийн зэвсэгт хүчээ бэхжүүлж чадсан тул цаашдаа Японд буулт хийхгүй, аливаа асуудлаар хатуу байр суурьтай байна, үүн дотроо Манжуур өртөөнд болж байсан Монгол-Манж-Гогийг хэлэлцээг таслан зогсоох зэргээр хатуу няцаалт өгч байх бодлогод шилжсэн юм.
Халх голын дайнд хоёр талаас оролцсон хүн хүч, хамарсан нутаг дэвсгэр, ашигласан зэвсэг техникийн хувьд орон нутгийн томоохон дайны шинж чанартай, жирийн нэг хилийн мөргөлдөөнөөс хол давсан үйл явдал байсан юм.
Тухайн үед Япон нь стратегийн сонголтоо хийх эгзэгтэй үе тулгарч ирээд байсан. Тэд Хятадтай сунжирсан дайн хийж байгаа нөхцөлд Хятадад тусалж буй ЗХУ-ыг гол дайснаа гэж үзэж, БНМАУ-ын нутгаар дамжуулан томоохон цохилт өгөх, аль эсвэл Европод их гүрнүүд дайнд татагдаж орох нөхцөлд өмнө зүгт хүчээ хаяж, Зүүн Өмнөд Ази, Номхон далай дахь Англи, Франц, Голландын колонийн эзэшил нутгийн булаан авах хоёр сонголттой Япон улс нүүр тулгараад байсан юм. Японы талын эх сурвалжаас үзэхэд, Токио Халх голын дайн эхэлснээс хойш даруй хоёр сар орчмын дараа таван яамны сайд нарын зөвлөгөөн хийж, Номун ханы мөргөлдөөнийг авч хэлэлцээд, уг мөргөлдөөнийг бүрэн хэмжээний дайн болгон өргөжүүлэх хэрэггүй. Таатай боломж гарвал дипломат аргаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж байв. Харин ЗХУ-ын удирдлага Халхын голд Японы квантуны армид хүчтэй сөрөг цохилт өгөхийн тулд Европод дайн гарах цагийг хойшлуулах үүднээс нацист Германтай үл довтлох гэрээ байгуулахаар идэвхтэй хэлэлцээ хийж байв.
Япон нь 1930-аад оны эхнээс ЗХУ-ын Алс Дорнодод байнга цэргийн аюул учруулж байсан тул Сталин БНМАУ нь Зөвлөлтийн Алс Дорнодын фронтын шууд үргэлжлэл болох стратегийн асар их ач холбогдолтой завсарын бүс гэж үзэж байв. Европын дайн аюул нүүрлэж байгаа үед ЗХУ нь хэрвээ Япон Алс Дорнодод БНМАУ-ын хил орчмоор өнгөлцөх юм бол хатуу сургамж өгөх хэрэгтэй. Ингэж байж Зөвлөлтийн тал аюулгүй байлдаа хангах, анхаарлаа Европод төвлөрүүлэх, тэр ч байтугай Алс Дорнодод буй цэргээ Европ руу шилжүүлэх боломж бололцоо нээгдэнэ гэж үзэж байв.
Маршал Г.К.Жуков Японы армийн эсрэг сөрөг давшилтаа наймдугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд түүнээс дөрөв хоногийн дараа буюу наймдугаар сарын 24-нд ЗХУ-Германы хооронд үл довтлох гэрээ, Зүүн Европод нөлөөний бүсээ хуваах тухай хавсралт нууц протоколд хоёр тал гарын үсэг зурсан юм. Ийнхүү Европт дэлхийн хоёрдугаар дайн үүсч, олон улсын байдал огцом өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Япон улсаас Москвад суугаа Элчин сайд Того Шэйнорид ЗХУ-тай хэлэлцээ хийх үүрэг өгч, Номун ханы нутаг дахь хийхээр төлөвлөж байсан сөрөг давшилтаа зогсоохын квантуны армид есдүгээр сарын 03-нд тушаав.
Москва, Токио аль, аль нь дайныг түргэн дуусгах сонирхолтой байсан тул 1939 оны есдүгээр сарын 09-16 хооронд хэлэлцээ хийж, хоёр тал тус тусын эзэлж байсан байрлалаа хадгалж, гал зогсоох дипломат тохиролцоонд хүрсэн. Ийнхүү Халх голд дөрвөн сар үргэлжилсэн дайн дуусгавар болсон юм.
1940 оны зургадугаар сард Москва хотноо Молотов, Того нар БНМАУ Манжуурын хилийг эцэслэн тогтооход монголын баримталж ирснээр Халх голоос зүүн тийш 20-25 км-т хилийн шугамыг тогтоосон төдийгүй, Япон нь БНМАУ-ын оршин тогтнох эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлын 1941 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан ЗХУ-Японы төвийг сахих гэрээгээр хүлээн зөвшөөрсөн юм.
"Халх гол-80" олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлээс эмхэтгэв
ЭХ СУРВАЛЖ 3
Халх голын дайны үеийн БНМАУ-ын нийгэм, улс төрийн байдал ба Халх голын дайн
БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж:
БНМАУ нь 1921 оноос хойш тусгаар тогтнолоо бататган, дотоод хэрэгтээ Хятадыг оролцуулахгүй, гадаадтай ч бие даан харилцаж, статус-квогоо бататган хадгалахын төлөө тэмцэж ирсэн цаг үед Халх голын дайн болсон.
“Их буу дуугарснаар дайн эхэлдэггүй” гэдэг. Халх голын дайн 1939 оны тавдугаар сараас зэвсэгт тэмцлээр эхэлсэн ч энэ дайн зайлшгүй болох нь улс төр, цэрэг стратегийн нөхцөл байдал, түүхэн үйл явдлын өрнөлөөс Монголын нийгэмд тодорхой болсон юм.
Дэлхийн улс орнууд эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжил, түүхий эдийн дутагдлаас үүссэн зөрчил нь эзлэн түрэмгийлэх бодлогод хөтлөхийн зэрэгцээ, пролетарийн хувьсгал өрнөн дэлгэрэх хандлага ихэсч байсан нь хэд хэдэн улсад цэрэгжсэн Засгийн газар байгуулагдахад хөтөлсөн, мөн тэр үеийн нөлөө бүхий барууны улс гүрнүүдийн гадаад бодлогод “пролетарийн хувьсгал”-ын аюултай тэмцэх, улмаар зарим улс Коминтерны эсрэг гэрээ байгуулж эхэлсэн.
Дэлхийн дахинаа хоёр туйлт ертөнц үүсэн бүрэлдэж, өөр өөрсдийн сонирхол, эрх ашгийг хамгаалахын төлөө, улмаар ялалтад хүрэхийн төлөөх бодлого, үйл ажиллагаагаа өргөн фронтоор өрнүүлж байсан цаг үе юм.
Энэ түүхэн цаг үеийн Монголын нийгмийг үндсэндээ малчин ардууд бүрдүүлж байсан бөгөөд Манжийн ноёрхол дор 220 гаруй жил болсон, аж үйлдвэр хөгжөөгүй, буурай хөгжилтэй улс байлаа.
Энэ үед Монголын нийгэм, улс төрийн дотоод байдалд хэлмэгдүүлэлт өрнөсөн цаг үе байсан.
Улс төр, нийгмийн, цэргийн олон зүтгэлтнийг “ардын дайн”, “хувьсгалын эсэргүү”, “Японы тагнуул”, “Нармай Монгол” байгуулах хэрэгт оролцсон зэрэг том хэргээр болон “Гэндэнгийн хэрэг”, “Лам нарын хэрэг” гэх мэт үндэслэлгүй ял тулгалтаар цаазалсан бөгөөд зарим нөхдийг “найдваргүй этгээд” хэмээн үзэж, ажил албанаас нь халж байв.
БНМАУ-ын Дорнод хилийн цэрэг, улс төрийн байдал Халх гол орчимд нэн ярвигтай болж, улсын хил зөрчих нь олширч, далайц хэмжээ нь өдрөөс өдөрт нэмэгдэж, улмаар Монгол ардын цэргийн обьектыг япончууд бөмбөгдөж, 1939 оны тавдугаар сарын 20-оос Япон-Манж-Го давшилтаа эхлүүлжээ.
БНМАУ-ын ардын цэргийн арми тавдугаар сарын 17-оос Тамсагбулагаас Хамар давааны чиглэлд хөдөлж, тавдугаар сарын 20-ноос Быковын салаатай нийлж, анхны байлдааныг явуулж эхэлсэн.
Ийнхүү Халх голын орчимд Зөвлөлт-Монголын цэрэг хамтарсан байлдааны ажиллагааг явуулж эхэлсэн явдлыг цэргийн шинжлэх ухааны үүднээс авч үзэхэд байлдаан байсан юмуу, аль эсвэл цэргийн операц байсан уу гэсэн асуулт тавигддаг. Мэдээж, олон тооны дараалсан байлдаанаас операц бүрддэг бөгөөд операц нь далайц хэмжээ, байлдааны ажиллагааг явуулах хүч хэрэгсэл, орон зай, цаг хугацаа, нөөц хүч зэргээрээ байлдаанаас ялгаатай.
Халх голын дайн дахь Зөвлөлт-Монголын цэргийн хамтын ажиллагаа нь бодит байдлаараа цэргийн операцын урлагтай илүүтэй холбогддог. Халхын гол дахь байлдааны ажиллагаа нь цэргийн урлаг судлалын үүднээс харах юм бол байлдаан, операцаар явагдсан ч түүнд операц нь голлох үүрэгтэй байсан. Үүнийг дараах баримт, үйл явдлаас харж болох юм.
Нэгд, хоёр улсын цэргийн хамтарсан байлдааны ажиллагаа байсан нь тактикийн түвшний асуудал биш бөгөөд операцын түвшний асуудал юм.
Хоёрт, ЗХУ-ын зүгээс нэгдүгээр армийн бүлэглэлийг энэ дайнд оролцуулсан нь операц явуулах үндсэн нэгж болох цэргийн нэгдэл байсан.
Гуравт, энэхүү дайн дахь байлдааны ажиллагаанд армийн авиац өргөн оролцсон нь цэргийн томоохон операцын шинжийг агуулдаг. Зөвлөлтийн онгоцууд Халх голын дайнд тактикийн үүргээс гадна операцын гүнд байлдааны ажиллагаа явуулж ирсэн байдаг.
Дайны явц дахь агаарын байлдааны масштаб хэмжээг Зөвлөлтийн цэргийн бүлэглэлийн командлагч байсан маршал Г.К.Жуков “Халх голд явагдсан агаарын тулалдаан шиг том тулалдааныг агуу эх орны дайны явцад ч би үзээгүй” гэж нэгэн ярилцлагадаа тодорхойлсон байдаг.
Дөрөвт, Халх голын дайнд БНМАУ-ын цэргийн 70 гаруй хувьд буюу тав, зургаа, наймдугаар морьт дивиз, наймдугаар хуягт дивизион, бусад байлдааны хангалт, ар талын хүчин оролцсон нь дайны ажиллагааг үндсэндээ цэргийн операцын ажиллагаагаар явуулсан болохыг харуулдаг.
Эцэст нь тэмдэглэхэд “байлдаан” бол тактикийн түвшний нэгтгэл, ангиудын хүчээр явуулдаг байлдааны ажиллагаа юм. “Халх голын байлдаан” гэсэн нэр томьёог ашиглах нь онолын хувьд буруу, тактикийн хувьд асуудлын мөн чанарыг бууруулсан, улс төрийн хувьд алдаатай болохыг тэмдэглэхийг хүсч байна.
"Халх гол-80" олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлээс эмхэтгэв
ЭХ СУРВАЛЖ 4
"Халх голын дайны үеэр МАХЦ-ийн хээрийн штаб онцгой үүрэг гүйцэтгэж байсан"
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Мягмарсамбуу:
Монгол ардын хувьсгалт цэргийн Дорнод групп гэж тухайн үедээ халх голын байлдааны үеэр хүрэлцэн ирсэн Монгол ардын хувьсгалт цэргийн арми, хилийн цэргийн армийн салбаруудыг ийнхүү нэрлэж байсан юм.
Халх голын дайны эхний үе шатыг удирдсан хүн бол Бүх цэргийн жанжин штабын дарга н.Лувсандамба. Энэ хүн бол тавдугаар сарын дундуур Халх голд очиж, долдугаар сар хүртэл дайныг удирдсан. Тухайн үеийн цэргийн хүч, байлдааны ажиллагааг тагнах, турших ажиллагааг явуулсан. Үүнийг үндсэндээ Халхын голд байсан МАХЦ-ын зургадугаар дивизийн хүчээр явуулсан байгаа юм. Дараа нь гуравдугаар дивизийг Халх голд татсан. Тавдугаар сарын 28-29-ны өдөр Халх голын байлдааны түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан, хамгийн ширүүн, хүчтэй тулгаралт болсон байлдааныг удирдсан юм. МАХЦ-ийн наймдугаар морьт дивизийг мөн Халхын голд татах шийдвэрийг гаргасан боловч харамсалтай нь, долдугаар сарын нэгэнд улс төрийн хилс хэргээр баривчлагдсан байгаа юм. Иймээс Халхын голд МАХЦ-ийн салбарын удирдлагыг бэхжүүлэх зайлшгүй шаардлага гарсан учраас Цэргийн явдлын яамны сайд, бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсаны гуравдугаар сарын 31-ны өдрийн тушаалаар комиссар Ж.Лхагвсүрэнг Бүх цэргийн жанжинаар томилж, Халхын голд илгээсэн. Долдугаар сарын дундуур МАХЦ-ын долдугаар дивизийн дарга Цэрэнг МАХЦ-ийн жанжин штабын даргаар томилж, Халхын голд илгээсэн. Энэ үеэс Халхын голд МАХЦ-ын удирдлага шинэчлэгдэж, МАХЦ-ын хээрийн штаб байгуулагдсан. Хээрийн штабын бүрэлдэхүүн таван хүний бүрэлдэхүүнтэй.
Хээрийн штабын гэр, майхан Хамар давааны баруун талд байрлаж байсан. Гэр штаб нь өөрийн гэсэн удирдлага, зохион байгуулалттай байв. Долдугаар сарын 16-нд хээрийн штабад комендат салаа байгуулсан. Удирдлага гурван тасагтай нийт 45 хүнтэй комендат салаа байв. Хээрийн штаб нь хамгаалалт, тагнуулын ажиллагаа явуулах, мэдээ цуглуулах зэрэг үүрэгтэй байсан.
Үүний зэрэгцээ, Халх голын дайны үед монголчууд хээрийн хэвлэлийн газартай байлаа. Тус хээрийн хэвлэлийн газар нь “Эх орны төлөө” сонин гаргаж байсан. Үүний зэрэгцээ ухуулга хуудсыг хэвлэж байв. Тус ухуулга хуудас нь Япон болон Манжийн цэрэг нарт хандаж гаргаж байжээ. Ухуулга хуудсыг олон мянган хувиар хэвлэж тарааж байсан. Эх орны төлөө сонины газар ажиллаж байсан Сэвжид өөрийнхөө дурдатгалдаа “Бид сониноос гадна ухуулга хуудас хэвлэж, орон даяар тараадаг байсан. Япон, Манжийн цэргүүд бууж өгөхдөө бидний тараасан ухуулга хуудсыг жадныхаа үзүүрт өлгөөд ирдэг байсан” гэв.
Байлдааны үүрэг бүхий дараагийн нэг нэгж нь бол фронтын шуудан. Халх голын фронтоос Улаанбаатар хүртэл фронтын шуудан ажиллаж байв. Шуудангийн цагийн хуваарийг хээрийн штабын даргын тушаалаар баталсан. Долоо хоног бүрийн Лхагва гаригийн 05.00 цагт Хамар даваанаас хөдлөөд Тамсагбулаг, Матад, Баянтүмэн, Өндөрхаанаар дамжаад Баасан гаригт Улаанбаатарт хүрэх, буцахдаа Ням гаригийн өглөө 05.00 цагт Улаанбаатараас гардаг байв.
Есдүгээр сард хээрийн штаб хоршоо байгуулагдсан. Монгол ардын хувьсгалт цэргийн хээрийн штабад дайн дууссаны дараагаас эхлээд есдүгээр сарын үеэр фронт дээр байлдаж буй цэргийн анги салбаруудын ар тал, ахуй хангаж, сахилга зохион байгуулалтад дээрх хоршоо анхаарч ажиллаж байв. Халх гол дээр байлдаж байсан цэргүүдийн амьдрал ахуй хүнд байсан иймээс тодорхой арга хэмжээ авч байсны нэг нь бол хоршоо байв. Хээрийн штаб бол байлдааны тушаал гаргаж байв. Байлдааны тушаалыг Лхагвасүрэн жанжин гаргаж,дараа нь жанжин штабын дарга Цэрэн гарын үсэг зурна, зарим тохиолдолд хоёр жанжин тус тусдаа тушаал гаргах тохиолдол гардаг байв. Лхагвасүрэн бол анги салбаруудад нам улс төрийн ажилтнуудыг томилох гэх мэтчилэн асуудалд голчлон анхаарч байсан бол жанжин штабын дарга Цэрэн МАХЦ-ын анги салбарын байлдааны бэлэн байдал, дайтах чадвар, байлдааны үүрэг тушаал, сахилга зохион байгуулалт, ар тал ахуй хангамж гэх мэтчилэн асуудлыг хариуцдаг байсан. МАХЦ-ийн хээрийн штаб өөрийн гэсэн удирдлага, байлдааны нэгжтэй, байлдааны тушаал гаргадаг, тэрхүү тушаалаа газрын зурагт буулгадаг, өөрөөр хэлбэл, хээрийн штабад армийн уурга тархиныхаа үүргийг нэр төртэй биелүүлж байсан.
Жанжин штабын дарга Цэрэн хээрийн штабт есдүгээр сарын нэгнээс хойш хийсэн гол ажил нь хэлэлцээрийн дагуу япон цэргийн шарилыг ухаж, илрүүлэх МАХЦ-ийн анги салбаруудын ахуй хангалтыг сайжруулах, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх, өвлийн бэлтгэлийг хангах ийм үйл ажиллагаа явуулж байв. Тэрбээр Монгол ардын хувьсгалт цэргийн хээрийн штабыг долдугаар сарын 10-аас есдүгээр сарын 16 хүртэл удирдсан хүн юм.
"Халх гол-80" олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлээс эмхэтгэв
ЭХ СУРВАЛЖ 5
Япончууд эцэстээ бактериологийн дайн өдөөсөн ч ялагдсан
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Номунхан дайны судалгааны төвийн алхах мэргэжилтэн Сью Жан Зян:
Япон улс 1930-аад оны эхээр Дундад улсын зүүн хойд хэсгийг түрэмгийлэн эзэлсэн бөгөөд энэ хэсэг газрыг ЗХУ руу довтлох суурин газар болгож, хилийн мөргөлдөөн байнга үүсгэж эхэлсэн.
1936 оны арваннэгдүгээр сард Япон улс Германтай “коммунизмын эсрэг факт” хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа сүр хүчээ илтгэн, Номунханы дайн, дэлхийн хоёрдугаар дайныг үүсгэсэн юм. Тэд 1939 онд Дундад улсын ихэнх газрыг түрэмгийлэн эзлэж, урт хугацааны дайныг төлөвлөн, квантуны цэрэг Өвөр Монголын Хөлөнбуйр Шинэ барга зүүн хошууны Хандгай-Жанжин сүм, Амгалангаас Халх голын дунд, доод урсгал хүрэх газар орноор аймшиггүйгээр халдсан юм.
Дэлхийн цэрэг дайны түүхэнд энэ дайн хамгийн анхны их хэмжээний орчин үеийн зэвсэг, техникээр зэвсэглэсэн, цэрэг ангиар дайрсан анхны дайн болов.
Энэхүү 7800 км квадрат дайны талбарт хоёр талаараа дайны фронтод 200 мянган цэрэг, 500 гаруй их буу, 900 гаруй байлдааны нисэх онгоц, 1000 гаруй танк, хуягт машин хөдөлгөж, 60 мянга гаруй хүн амиа алдаж, шархдадсан. Японы 54 мянган цэрэг болон их хэмжээний хүнд зэвсэг, техник, хэрэгслэл сүйдэж, хамгийн сүүлд бактериологийн дайн хийсэн боловч энэ дайнд ялагдсан юм.
1939 оны гуравдугаар сарын 26-нд Японы ерөнхий штаб, байлдааны анги болон 731 дүгээр отряд Токиод хуралдаж, 731 дүгээр отрядад хийгдэж байгаа бактериологийн зэвсгээр дайралт хийх арга хэмжээний талаар хэлэлцэв.
Хуралд ерөнхий штабын дарга нар Иши Широгийн бактериологийн дайны судалгаа, үр дүнгийн тухай мэдээллийг сонсож, бактериологийн зэвсгийн туршилт хийх зарим асуудлыг судлан ярилцаж, бактериологийн дайн эхлүүлэхийг санаачилсан ажээ.
Гурван сарын дараа Номун ханы дайнд 731 дүгээр отряд бактериологийн дайралтаа эхлүүлсэн
Дайнд оролцсон бактериологийн цэргийн анги хоёр бүлэгт хуваагдаж, нэг бүлгийг нь хошууч Сасак удирдав. Гуравдугаар бүлэгт эрүүлийг хамгааллын цэрэг, бага тушаалын цэргээр голлосон залуу цэргүүд оролцсон бөгөөд японы цэргийн өмнө фронтод ус хангах үйлчилгээ хийх, хижгээс сэргийлэх анги болон бэлтгэл ангийг зохион байгуулжээ. 100 гаруй цэргээ 10 гаруй тасагт хуваагдаж, тасаг бүрт 10 хүн байв.
Нөгөө хэсэг цэрэг нь арга тактик боловсруулах, хорлон сүйтгэх анги байгуулж, дотор нь амиа золиослох бүлгийг бий болгов.
Тус ангийн үүрэг нь гол усны эх булагт бактери тараах зорилготой.
Энэ анги нь хоёрдугаар ангийн цэргээр голлох үүргээ гүйцэтгүүлж, Шигэрү хариуцан удирдаж байв.
Тус бүлэгт тусгай цэргийн боловсрол эзэмшсэн цэргүүдийг сонгон, амиа золиослох бүлэг байгуулсан. Амиа золиослох бүлэгт хоёр ахлагч, 20 цэрэг байв. Тэд дайнд оролцохоос өмнө нэрийн хуудсандаа өөрийн цусаараа гарын үсэг зуржээ. Нэн түрүүнд амиа золиослох бүлгийн дарга Шигэрү гарын үсэг зурж, цусаараа бичсэн гарын үсэгтэй хуудсаа Иши Ширид гардуулав.
Бүх бэлтгэлээ дуусгасны дараа зургадугаар сарын дундуур 731 дүгээр отрядын 200 гаруй цэрэг дайны талбарт мордов. Тухайн үед 731 дүгээр отряд хоёр замд хуваагдан, дайны талбарт орсон. Нэгдүгээр зам нь галт тэргэнд сууж, Харбин хотоос хөдөлж, Хайлаар хотод хүрч, цааш машин тэргэнд сууж, Номун ханы дайны талбарт хүрчээ.
Бүхий л замд бактериологийн зэвсэг тоног хэрэглэлээ машин тэргэнд тээвэрлэн Харбинаас гарч, Байчинз, Жанжин сүм, Рашаан зэрэг газрыг өнгөрч, Номун ханы дайны талбарт хүрэв.
Иши Широг Номун ханы дайны талбарт маш яаралтай хүрч, өөрийн биеэр бактериологийн дайныг хариуцан удирдахыг тушаав.
Квантуны армийн ерөнхий штабын тушаал долдугаар сарын 07-ны өдрийн 12.00 цагт хуурай замын цэргийн эмч Иши Широ түүнийг долдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн арав хоногийн хугацаанд Хайлаар хотод хүрч, Жанжин сүмийн талаар Хижиг сэргийлэх, ус хангах ангийг удирдах тушаал өгчээ.
Нэр бүхий хошууч цолтой 15 офицерыг түүнтэй хамт явуулахаар тушаал буулгажээ. Зэвсэг техник, тоног хэрэгслээр хангах ба цаг тухай бүрт мэдээлэл хийх үүргийг хариуцна. Квантуны армийн ерөнхий захирагч Үэда Хиромаса Иши Широ Номун ханы дайны талбарт хүрэх үед Номун ханы дайн нэгэнт хоёр сар үргэлжилж байв.
Японы цэрэг шөнийн дайралт, агаарын байлдаан ба агаарын дайралт хийж, Монголын хил дэр Тамсагбулаг дахь ЗХУ-ын нисэх онгоцны буудлыг дайрав. Гэтэл Монгол ба ЗХУ-ын цэргийн хүчтэй эсэргүүцэл, дайралтаас японы цэрэг арга буюу ялагдан ухарсан юм.
Энэ байдалд яаралтай өөрчлөлт хийж, дайны ялалтыг хурдавчлах зорилгоор японы цэрэг бактериологийн дайныг хийхээр шийдэв.
Өмнө фронтын удирдагч Кумацүвара Мичитару шийдвэрээр амиа золиослох бүлгийг Халх голд бактер цутгахаар томилов.
Ингээд 731 дүгээр отрядын амиа золиослох бүлэг, ангийнхан Квантуны армийн штабын дарга Шигэрү ба цэргийн ангийн дарга Ямамото Ёштару нарын удирдлага дор Жанжин сүмийн хавь дэх хуучин газраа нүүлгэж, өмнө зүг арван хэдэн км газарт шилжүүлэв. Дундад Монголын хил дэр “Таван мод” гэдэг элстэй газар суурьшиж, Монголын хилийг давж, Халх голд бактер цутгах бэлтгэл хийв.
Долдугаар сарын 12-ны өдөр амиа золиослох бүлэг машин тэргэнд сууж, дундадын таван модоос Монголын хилд нууцаар орж, Халх голын эрэг дэх “Нарст” гэдэг газарт хүрэв. Тэд Халх голын эрэгт хүрэхээс өмнө нарсан ойг даган урагшлав. Учир нь:
Зөвлөлтийн нисэх онгоцны бөмбөгдөлтөөс сэргийлж, гүн ой дотор биеэ далдлан урагшилж байлаа. Бүх байлдааны талбарт нарсан ой нь халх голын эрэг хавиар үргэлжилж байв. Тэд квантуны армийн жинхэнэ цэрэг гэж мэдэгдэхээс сэргийлэн малгай ба цэргийн мөрдөст тэмдэггүй, шар өнгөтэй хувцас өмсч, машин тэрэгнээсээ хийлдэг хоёр завь арав гаруй том төмөр торх, хэдэн шил сав, төмөр усны хувин, урт бариултай шанага, олс татлага болон нунтаг бодис бүхий том ширэн цүнх зэргийг буулган авч, амиа золиослох бүлгийнхэн эдгээр онцгой зэвсэг тоноглолоо хүн бүрт үүрүүлж, Ямамото ёштарү, Шигэрү нарын удирдлага дор нарсан модны дундуур нууцаар халх голын эрэгт ойртов.
Тухайн үе бол Монголын өндөрлөгийн хамгийн халуун улирал тохиосон тул амиа золиослох бүлгийн цэргүүдийн бүх биеийн хөлс цутгаж, амьсгал давхцан байж, нягт ургасан өвсний дотор нууцаар завиа хийлж, төмөр торх, шилэн савтай бактер, төмөр хувин, урт бариултай шанага зэрэг бодисыг завиндаа ачиж, завиа халх голд түлхэн оруулж, маш хурднаар голын дунд эрэгт сэлүүрдэж хүрэв. Нэг хэсэг цэрэг нь голын эрэгт зогсож, завиас уясан олс татлага татагдах үед онгоцонд суугаа цэргүүд бактераа голд цутгах бэлтгэлээ хангаж, өөрсдийн биедээ бактер халдахаас сэргийлжээ.
Тэд голын урсгал сөрөн урагшилж бактераа Халх голд цутгах үед голын эрэг дэх цэргүүд завины олсоо татаж, цэргүүд завиа сэлүүрдэж, голын дунд хүрч зарим цэргүүд нь бактертай савны бөглөөг маш түргэн нээж, бактерыг савтай нь хамт голд татан оруулав.
1 км тутамд 22.5 кг бактерийг голд цутгасан байна
Бактертай сав голын ёроолд тулж, бүх төрлийн бактер савнаасаа аажмаар урсан гарч, урсгал даган уусах үед хоёр цэргийн эмч урт бариултай шанагаар усны дээжийг авч, урсгалын хурд, усны дулаан зэргийг шалгана.
Амиа золиослох бүлгийнхэн халх голд бактер цутгахаас гадна 100 гаруй цэргээр бүрэлдсэн хижиг сэргийлэх ус хангах анги байгуулж, өмнө фронтын бүхий л цэрэг ангиудад ус хангах үйлчилгээ хийв.
Иши Широ ангидаа хүрсний дараа бүхий л цэргүүдэд бактериологийн дайныг нууцыг чандлан хадгалах тухай тушаал буулгав.
Гэтэл дайн дууссаны хойно зарим цэрэг өчиг өгснөөр 731 дүгээр отряд Номун ханы дайнд бактер хэрэглэсэн ялт үйлийг илрүүлсэн. Номун ханд квантуны арми ялагдсааар нэгэнт дайн зогсов. Дайны дараа олонхи сайд дарга, генерал, дээд тушаалын офицеруудын зэрэг тушаалыг буулгаж, огцруулах шийтгэл оногдуулсан ч гагцхүү Иши Широ л сайшаал хүртжээ. Иймээс Номун ханы бактериологийн дайн хэдий бээр үр дүн муутай боловч цаашид Дундад улсыг түрэмгийлэх япон цэргийн бактерийн дайнд бэлтгэж, хүчин чадлыг нэмэгдүүлэх хөгжилтийн явцад тун их нөлөө үзүүлэв.
Номун ханы дайнд бактерийг хэрэглээд төдийлэн их үр дүн гараагүй ч Японы Жанжин штаб энэ дайнд байлдах хүчин ба зэр зэвсгийн талаар Зөвлөлтийн цэргийг ялж дийлэхгүй нь тодорхой болсонд дүгнэлт хийж зөвхөн үй олноор хөнөөх чадвартай бактериологийн зэвсгийг хэрэглэвэл сая дайнд онцгой амжилт олно хэмээн тогтов.
Энэ удаагийн Номун ханы бактерилогийн дайн бол 731 дүгээр отрядын өдөөсөн Японы ерөнхий командлагчийн онцгой анхааралыг татсан анх удаагийн бактерилогийн дайн болно.
"Халх гол-80" олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлээс эмхэтгэв
ЭХ СУРВАЛЖ 6
"Япончууд Халхын голд дайтах нь гарцаагүй байсан"
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, доктор, профессор Лиштованный Евгений Иванович:
XIX зууны төгсгөлд арлын Япон улс газар нутгаа тэлэх, байгалийн баялагийг эрхшээлдээ оруулах зорилгоор Зүүн Азийн бүс нутгийн эх газарт давамгайлан гарч ирж буйгаа зарласан. Энэ үед Орос улс Транс-Сибирийн төмөр замын томоохон бүтээн байгуулалтыг барьж байсан үе. Тухайн үед Орос улсад японы асуудал хариуцсан, мэддэг мэргэжилтэн, зөвлөх бараг л байгаагүй. Улмаар 1899 онд Владивостокт Дорнын хүрээлэн байгуулж, тус бүс нутгийн талаар судалгаа хийх, мэргэжилтнүүдийг бэлдэж эхлэв.
Эх газрын нутаг дэвсгэр рүү япончууд давшилтаа үргэлжлүүлсэн хэвээр байв. 1904-1905 онд Орос-Японы дайны төгсгөлийн үр дүнд Орос улс дорно зүгт ашиг сонирхлоо алдаж болохгүй гэдгийг сануулсан юм. Хожим нь Орос, Япон улс Монголын нутаг дэвсгэрт нөлөөний бүсээ тодорхойлох тохиролцоо хийж эхэлсэн ч Япон улс нь ЗХУ-ыг дайснаа хэмээн үзэж, давшилтаа улам эрчимжүүлэв. Японы флотын ерөнхий штабын шуурхай удирдлагын хариуцаж байсан Томиока Сатотосигийн үйл хэргийн талаарх ном саяхан орос хэл дээр хэвлэгджээ. Тэрбээр Японы арми болон флотын удирдлагыг олон өнцгөөр тайлбарлажээ. Түүний бичсэнээр, Япон улс ЗХУ-ыг дайснаа хэмээн үзэж байсан. Японы гадаад бодлогот газар нутгаа тэлэх, байгалийн баялагийг эзэмших асуудал нэн тэргүүнд тавигдаж байсан талаар дурдсан байна. Япон улс байгалийн баялгаар үргэлж дутагдаж ирсэн. Улмаар эх газрын нутаг дэвсгэр рүү тэмүүлж буй Японы давшилтын түүх яах аргагүй Халх голын дайныг өдөөсөн юм. Энэхүү үйл явдлыг японы түүхчид Номунханы хилийн мөргөлдөөн хэмээн үздэг.
Энэхүү үйл явдал бол Монголын хилийг хамгаалах томоохон шалгуур болсон юм. Өнөөдөр ихэнх судлаачид Халх голын дайныг Дэлхийн хоёрдугаар дайны эхлэл байсан гэж үзэх болсон. XIX зууны хоёрдугаар хагаст дэлхийн улс гүрнүүд хоёр туйлт систем рүү шилжиж, япон улс газар нутгаа тэлэх үүднээс эх газрын нутаг дэвсгэр рүү давшилт хийсэн. Үүний гол зангилаа нь Халх гол орчмын нутаг дэвсгэр байсан юм.
Халх голын дайн түүхэнд болох ёстой дайн байсан. Япончууд Халхын голд дайтахаас өөр гарцгүй байсан
ЭХ СУРВАЛЖ 7
Монгол, Оросын хамтарсан аялалд 40 гаруй залуус оролцжээ
Халх голын 80 жилийг ойг тохиолдсон Монгол-Оросын залуучуудын хамтарсан аялал наймдугаар сарын 19-31 хооронд боллоо. Тус аяллыг тав дахь жилдээ зохион байгуулж байна.
Монгол-Оросын залуучуудын хамтарсан аялалыг зохион байгуулагч Олег Торский
-Халх голын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол-Оросын залуучууд хамтарсан аялал хийж байна. Та бүхэн хэзээ Улаанбаатарт ирэв. Аяллынхаа талаарх мэдээллээс хуваалцахгүй юу?
-Халх голын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол-Оросын залуучуудын хамтарсан аялал дундаа ороод явж байна. Орос залуучууд наймдугаар сарын 19-нд Алтанбулаг боомт дээр ирж, Дарханы цэргийн ангид хоноглож, 23-нд Улаанбаатар хотноо ирээд монголынхоо залуучуудтай танилцаж, цааш аялал үргэлжилж, 31-нд өндөрлөнө.
Бид Сэлэнгэ-Дархан-Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Халх гол гэсэн маршрутаар аялж байна.
Тойрон аялал ОХУ-аас 40, Монголоос 8 залуус оролцож байна.
-Энэхүү аялал нь хэд дэх удаагаа зохион байгуулагдаж байна вэ?
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
-Аяллыг анх хэдэн онд хэн, ямар зорилгоор санаачилсан юм бол?
Энэхүү аяллыг анх 2003 онд Афганистан, Чеченийн дайнд оролцсон ахмад дайчид санаачилсан. Улмаар бид Халх голын 65 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол-Оросын залуучуудын хамтарсан тойрон аялал байж болох юмаа гэсэн санаачилга гаргаж, Монгол Улсын Батлан хамгаалах яамд санал тавьсан. Тухайн үед Батлан хамгаалахын сайдаар Ж.Гүррагчаа байсан. Тэрбээр бидний саналыг маш сайхан хүлээн авсан. Ингээд хоёр талын 15 жил завсардсан хамтын ажиллагаа сэргэж, оросын залуучуудын анх удаа Халх гол сумд очсон байдаг юмаа. Энэ бол маш гайхалтай үйл явдал болсон. Залуучууд Халх голын дайн, Монгол-Зөвлөлтийн дайчдын талаар илүү мэдлэгтэй болсон
Мөн энэхүү аяллын зорилго нь ахмад дайчид болон дайнд амиа алдсан цэрэг эрст хүндэтгэл үзүүлэх явдал юм.
Таван жилийн хугацаанд хэчнээн залуучууд энэхүү аялалд хамрагдав?
Таван жилийн хугацаанд ойролцоогоор 300 гаруй залуучууд оролцсон
Братск хотын их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан Сламов Савили:
-Сайн байна уу. Халх голын 80 жилийн ойд зориулсан Монгол-Оросын залуучуудын хамтарсан тойрон аялалд хэд дэх удаагаа оролцож байна вэ?
Би анх удаа оролцож байна. Бидний дунд энэ аялалд олон удаа оролцсон хүүхдүүд байгаа.
-Халх голын дайн талаар ямар ойлголттой байдаг вэ?
Миний хувь, ирээдүйн түүхийн багшийн хувьд энэ аялал маш чухал. Учир нь, энэхүү аялал Монгол-Оросын найрамдлыг нэгтгэхэд чухал гэж бодож байна. Би халх голын дайны талаар маш их зүйл мэднэ шүү.
Жишээлбэл?
Жишээлбэл, байлдааны талбарт хэчнээн дайчид байлдаж байсан, энэ бол мөргөлдөөн биш үндэсний хэмжээний дайн байсан бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны эхлэл байсан.
Холбоотой мэдээ