NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна
1914.09.08 Хиагт хотноо Хятад, Орос, Монгол гурван улсын хэлэлцээ эхлэв. Хэлэлцээ есөн сарын турш үргэлжилжээ.
1924.09.02-10 Богд хаан, Хан Хэнтий, Хан Тайшир, Цэцэрлэг Мандал уулын аймгуудын ба Их шавийн харьяатын анхдугаар их хурлууд тус тусын нутаг дэвсгэрт хуралдав.
1925.09 сар Эрхүү хотын Их сургуульд монгол оюутан бэлтгэх бэлтгэл ангийг шинээр нээжээ.
1926.09.03 Шашныг төрөөс тусгаарлах тухай хууль батлагдав. Уг хуулиар хутагт хувилгаадыг тодруулах, залах явдлыг эрс хориглож, том лам нарыг үе уламжлан залгамжлах эрхийг нь хасчээ.
1926.09.06 МАХН-ын V их хурал хуралдав. 181 төлөөлөгч оролцсон уг хурлаар БНМАУ-ын эдийн засаг, соёлын талаар намаас тавих зорилтыг тодорхойлов.
1929.09 сар Торгууд хошуудад ардчилсан захиргаа байгуулж, гурван хошууг нэгтгэн “Булган Мандал Бүрэн хан уулын” хошуу болов.
1929.09.05 Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах эвлэлийг байгуулах түр хороог байгуулжээ.
1931.09 сар
- Улсын хэвлэлийн газар байгуулагдав.
- Улс хувьсгалын музей байгуулагдав
- Улаанбаатар хотод аж үйлдвэрийн комбинат баригдаж эхлэв
- Хатгалд ноос угаах үйлдвэр баригдаж эхлэв.
- Зава Дамдин “Алтан дэвтэр” зохиолоо бичив. “Замбуу тивийн умар зүгийн Монголын их хаан орны домог алтан дэвтэр хэмээхүй” гэсэн бүтэн нэртэй түүхийн зохиол юм.
- Х.Чойбалсан, Г.Дэмид, Д.Лосол нарын зохиосон “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх” зохиол хэвлэгдэв.
1939.09 сар Японы санаачилгаар Чуулалт хаалга хотод “Баруун Монголын төлөөлөгчдийн” их хурал болж Дэван тэргүүтэй “Монголын өөртөө засах нэгдсэн засгийн газар” гэгчийг байгуулжээ.
1939.09.03 Японы квантуны арми Халх голын нутаг дэвсгэрт төлөвлөж байсан сөрөг давшилтаа зогсоов.
1939.09.06-10 ЗХУ болон Япон улс хэлэлцээ хийж, хоёр тал тус тусын эзэлж байсан байрлалаа хадгалж, гал зогсоох дипломат тохиролцоонд хүрсэн. Ийнхүү Халх голд дөрвөн сар үргэлжилсэн дайн дуусгавар болсон юм.
1942.09 сар
- Сайд нарын зөвлөлийн дэргэд Зөвлөлтийн улаан армид туслах төв комисс байгуулагджээ.
- Намын дээд сургууль байгуулагджээ.
1943.09 сар Монголын цэргийн төлөөлөгчид баруун хил дээр Оспаны бие төлөөлөгчидтэй уулзав. Удалгүй уг хэлэлцээрийн үр дүнд Оспантай өөртэй нь уулзаж, Оспанаас БНМАУ-ын эсрэг явуулж буй дээрмийн үйл ажиллагааг зогсоох, БНМАУ-аас зэвсэг, эд материалын тусламж авч, гоминданы цэргийн эсрэг тэмцэх, Оспанынхны гэр бүл, хөрөнгийн хамт Монголд түр суурьших, зэрэг хэд хэдэн тохиролцоонд хүрч чадсан юм.
1944.09 сар сонгуулийн эрх хасагдагсдад /хуучин төрийн язгууртан, лам, ноёд/ уг эрхийг нь олгожээ.
1945.09.02 Япон улс үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр Алс Дорнод дахь чөлөөлөх дайн дуусав. Дайнд Монголын талаас 10 хүн амь үрэгдэж, 36 хүн шархтаж, 32 хүн ор сураггүй болж, бусад олноор 24 хүн нас барж, 2179 хүн өвчилжээ. Мөн дайснаас 12 мянга 318 хүн, онгоц 13, автомашин 121, төрөл бүрийн буу 25 мянга 705, агт морь 5059, бусад зүйлийг олзолсон байна.
1948.09 сар Аж үйлдвэрийн техникум нээгджээ.
1951.09 сар
- Төмөр замын техникум байгуулагдав.
Оспан тэргүүтэй 500 хүн БНМАУ-аас улс төрийн орогнол гуйв. Тэд орогнол хүссэн бичигтээ “бид зэвсгээ хураалгаад танай улсад юу хий гэсэн болгоныг чинь биелүүлэхэд бэлэн” гэдгээ илэрхийлжээ. Гэвч Монголын Засгийн газраас үүнийг зөвшөөрсөнгүй. Хожим ХАЧА-д мөрдөгдөн, хавчигдсаар Оспаны бүлгийнхэн 1951 оны эцсээр баригджээ.
- Засгийн газрын ордны барилга баригдав
- Улсын төв номын сангийн барилга ашиглалтад оров.
1952.09 сар ЗСБНХУ-БНМАУ-БНХАУ-ын хооронд шулуун төмөр зам байгуулах тухай гурван улсын хэлэлцээр байгуулав.
1955.09 сар БНМАУ-ын ерөнхий сайдаас НҮБ-ын ерөнхий ассамблейн 10-р чуулганы дарга, ноён Хосед илгээлт явуулж, уг чуулганаар БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсүүлэхийг хүсчээ.
1956.09 сар
- БНМАУ-ын ерөнхий сайдаас НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад НҮБ-д элсүүлэх тухай хүсэлтээ илэрхийлсэн илгээлт явуулав.
- БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугийн урилгаар БНИндонези улсын ерөнхийлөгч Сукарно Монголд айлчлав.
1957.09 сар
- БНЭУ-ын дэд ерөнхийлөгч, ноён Радхакришнан тэргүүтэй төлөөлөгчид БНМАУ-д хоёр өдрийн айлчлал хийв.
- БНМАУ-БНБАУ-ын хооронд соёл, шинжлэх ухааны талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдав.
1960.09 сар БНГвиней улсын ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Секу Туре БНМАУ-д албан ёсны айлчлал хийв.
1963.09.06 БНХАУ-ын дарга Лю Шаоци БНХАУ-аас БНМАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар Зян Цаньминыг томилов.
1967.09 сар
- Хилийн зарим отрядуудыг нэмж байгуулав.
- БНМАУ-ын гавьяат барилгачин цолыг Д.Чойдог анх хүртжээ
- БНМАУ-ын гавьяат холбоочин цолыг холбоочин Д.Хасвандан, С.Нацаг нар анх хүртжээ
- БНМАУ-ын төв районд Цахилгаан эрчим хүчний системийг байгуулжээ.
- Лениний музей байгуулагджээ. 1980 онд өргөтгөн шинэчлэгдэж, 1990 оноос “Санкт-Петербург” клуб болов
- “Монгол ардын аман зохиолын дээж бичиг” номыг Ц.Дамдинсүрэн редакторлан, Улаанбаатар хотод хэвлүүлжээ.
1968.09 сар БНМАУ-БНАГУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурав.
1971.09 сар
- Хятадын цэргийн удирдагч Линь Бяо нарын сууж явсан онгоц БНМАУ-ын нутагт унаж сүйдэв. Уг онгоц ЗХУ-ыг зорин нисч явжээ.
- БНМАУ-Малайзын холбооны улс болон Аргентин улстай тус тус дипломат харилцаа тогтоов.
1972.09 сар БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газраас хоёр орны хөрөнгө оруулалттай уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргав.
1975.09 сар БНМАУ-Мозамбек болон Мексикийн нэгдсэн улстай тус тус дипломат харилцаа тогтоов
1982.09 сар Цэргийн дээд сургууль байгуулагдав.
1990.09.03 АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар Их хурал нээгдэв. Хурлаас БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр П.Очирбат сонгогдов. Мөн Их хурлаас БНМАУ-ын дэд ерөнхийлөгч, Улсын Бага хурлын даргаар Р.Гончигдоржийг, Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэнг сонгожээ.
1991.09 сар БНМАУ болон БНХАУ-ын хамтын хөрөнгөөр байгуулсан худалдааны төв болох “Туул -Жинпан” их дэлгүүр Улаанбаатарт нээлтээ хийв. Мөн энэ сард Монгол, Хятад хоёр улсын хамтарсан Хятадын Ю Шань зоогийн газар Улаанбаатарт нээв.
1995.09 сар АНУ-ын тэргүүн хатагтай Хиллари Клинтон Монголд айлчлав. Айлчлалынхаа үеэр тэрбээр ерөнхий сайд П.Жасрайд бараалхаж, улс төр, олон нийтийн ба сайн санааны хэд хэдэн байгууллагуудад зочилжээ. Мөн 3.5 сая ам.долларыг бэлэглэн, АНУ-ын Засгийн газраас нэг сая ам.долларыг Эрүүлийг хамгаалах салбарт тусалсныг уламжлав.
1996.09 сар Төрийн өмчийн хороо байгуулагдаж, “Нийгэмд бугшсан, идээ бээрийг шахаж” эхлэв. Төрийн өмчийн ба төрийн өмч давамгайлсан томоохон албан газар компаниудын санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг нь шалгаж, хууль бусаар ажиллаж байсан захирлуудыг нь ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авчээ.
1997.09.02 Монголын хил дээр буун дуу гарав. Буйр нуурт Хятадын иргэд хил зөрчиж, Монголын хилчидтэй буудалцав. Үүнийг хоёр талын хил хамгаалалтын албаныхан шалгасан ба Хятад иргэд хил зөрчсөнөө хүлээжээ.
2010.09.02 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан зарим ахмад дайчдыг төрийн одонгоор шагнав.
2014.09.03 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, В.В.Путин нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийжээ. Талууд энэ үеэр харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурав.
Холбоотой мэдээ