Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-Үндсэн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Зөвшилцөх ажлын хэсэг 62 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Ерөнхийлөгчийн боловсруулсан төсөл, саналтай хэрхэн нэгтгэн ажиллав?
-УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцөх ажлын хэсэг таван удаа хуралдаж, УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналтай хэрхэн уялдуулж, нэгтгэх талаар ярилцаж, олон нийтийн дунд сэдэв тус бүрийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Эцэстээ ярилцаж байгаад саналуудаа нэгтгэсэн. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналд нийтдээ Үндсэн хуулийн 24 зүйлийг 49 заалтаар өөрчлөхөөр оруулж ирснээс 12 заалтыг нь гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгэсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх ажлын хэсэг болон МАН-ын бүлэгт дээр ярилцаад гишүүдийн тоог 99 байх нь зөв гэж үзсэн. Мөн парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авсан. Сонгуулийг холимог тогтолцоогоор буюу мажоритар, пропорционал тогтолцоогоор явуулах Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлгийн гишүүд дэмжээгүй. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан төсөлд Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж тусгасан. Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно гэсэн саналыг нь дэмжсэн.
-Нийгмийн нэг хэсгийг хөрөнгөжүүлж, нөгөө хэсгийг ядууруулсан байгалийн баялгийн тэгш бус хүртээмжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засаж чадах уу гэдэгт олон нийт анхаарал хандуулж байна. Байгалийн баялаг төрийнх өмч байх уу, нийтийнх байх уу гэдгийг МАН төрийн нийтийн өмч байхаар өөрчлөн найрууллаа. Төрийн нийтийн гэж томьёолсон нь хэр оновчтой хувилбар юм бэ. Олон нийтийн дунд төдийлөн ойлгомжтой бус байна л даа?
-Иргэний тухай хуулийн төрийн, олон нийтийн, орон нутгийн, шашны, олон нийтийн зориулалттай өмч гэсэн ойлголттой хольж, хутгаж ойлгоод байх шиг байна. Төрийн өмч дотроо өөрийн болон нийтийн гэсэн хоёр зааг ялгаа бий. Жишээ нь, Засгийн газрын ордон төрийн өөрийн өмч. Төрийн нийтийн өмч гэдэгт ард түмэн дундаа ашиглах байгалийн баялаг, газрын хэвлийн баялаг орно. Ард түмний дундын өмчийг төр захиран зарцуулахдаа заавал олон нийтийн санаа бодол дээр тулгуурлаж, УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн нийтийн өмч мөн гэж өөрчилсөн. Улсын өмч байх уу гэдэг хувилбар нэлээд яригдсан. Гэхдээ энэ нь хэтэрхий өргөн хүрээтэй болох учир хуулийн хэрэгжилтийн явцад олон сөрөг асуудал үүсч, эрсдэл гарахыг үгүйсгэхгүй тул татгалзсан.
Хоёрдугаарт, байгалийн баялаг ард түмний өмч гээд Үндсэн хуульдаа заачихвал иргэдийн хэн дуртай нь “Би ард түмний нэг хэсэг” гээд хэсэг бүлгээрээ байгалийн баялгийг дураараа захиран зарцуулж болзошгүй учраас төрийн нийтийн өмч гэж тусгах нь илүү оновчтой, зөв томьёолол нь гэж үзсэн. Олон улсын жишгийг авч үзвэл дэлхийн дийлэнх улс орнууд Үндсэн хуульдаа байгалийн баялаг төрийн өмч гэсэн байдаг юм билээ. Энэ дундаас нь бид байгалийн баялаг төрийн нийтийн өмч гэх нь илүү зөв. Өнөөдөр төрийн өмч нэрээр хэсэг бүлэг хүн газрын баялгийг хувьдаа завших эсвэл төрийн эрх мэдэлд хүрч түүгээрээ дамжуулж, төрийн өмчийг хувьдаа захиран зарцуулах, өмчлөх боломжийг бий болгоод байна гэдгийг ард түмэн сүүлийн үед шүүмжилж байгаа. Энэ бүхнийг авч үзэн, төрийн нийтийн өмч гэх нь өнөөгийн цаг үед тохиромжтой томьёолол гэж МАН-ын бүлэг үзсэн.
-Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог тодорхой тусгахыг гишүүд яагаад дэмжихгүй байгаа юм бэ?
-Үндсэн хуульдаа бүх зүйлийг оруулаад байх бололцоо байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд агуулга, үндсэн зарчмаа тусгаад түүн дээрээ тулгуурлан холбогдох органик хуулиудад нь Үндсэн хуулийн заалтуудаа илүү дэлгэрүүлж, нарийвчласан зохицуулалтуудыг тусгах зохистой гэж үзэж байгаа. Тэгэхээр Сонгуулийн тухай хуульдаа тогтолцоо ямар байх вэ гэдгийг тодорхой болгоно.
-Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр сонгуультай холбоотой зарчмын зөрүүтэй ямар санал хураалт явагдах вэ?
-Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэж оруулсныг МАН-ын бүлэг ярилцаад сонгуулийн тогтолцоо гэдгийг нь хасч, сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж өөрчлөн найруулсан. Тэгэхээр 62 гишүүний өргөн барьсан төслийн заалт дахь УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэсэн заалтаар эхлээд санал хураалт явуулна. Хоёрдугаарт, ажлын хэсгээс гаргасан саналаар буюу УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж өөрчлөх гэсэн нийт хоёр саналын томьёоллоор санал хураана.
-Сонгуулийн тогтолцоогоо эрх барьж байгаа нам сонгуулийн өмнөхөн өөрчилдөг байдлыг энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хааж чадах уу?
-УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гэж төсөлд тусгасан. Өмнө нь бол УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн хуультай байсан. 2016 оны УИХ-ын сонгууль болохоос сарын өмнөхөн сонгуулийн хуулиа өөрчилж байсан тохиолдол бий. Тиймээс Үндсэн хуульдаа УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосноор тухайн эрх баригч нам өөрийн эрх ашигтаа нийцүүлж, сонгуулийн хууль өөрчилдөг явдлыг хориглоно.
-Гишүүдийн болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн аль алинд нь нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой олон санал гарсан. Тус заалтуудаас зөвшилцөх ажлын хэсэг дээр өөрчлөгдсөн зүйл бий юу?
-Нутгийн удирдлагатай холбоотойгоор хамгийн их яригддаг асуудал бол хот, тосгоны эрхзүйн байдал. Эрдэнэт, Дарханыг хот болгох, аймгийн төвүүд хот байх зэрэг асуудал их яригддаг. Тийм учраас энэ удаагийн өөрчлөлтөөр хот, тосгон байгуулах боломж бололцоог нь илүү нээлттэй болгож, өөрчилж байгаа. Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэхээр төсөлд оруулсан. Үндсэндээ 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар өнөөдөр хот байгуулж чадахгүй Улаанбаатар гэсэн ганцхан хоттой явж ирлээ. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Дархан, Эрдэнэтийг хот болгох боломж нь нээгдэж байгаа. Мөн орон нутагт эрх мэдэл тодорхой хэмжээгээр өгч хуулиар тогтоосон татварын хувь хэмжээг тогтоох, орон нутаг төсвийн бие даасан эрх мэдэлтэй байх, өмчийн захиран зарцуулах эрхийг орон нутагтаа хэрэгжүүлэх зэрэг зохицуулалтуудыг төсөлд тусгасан. Орон нутгийн эрх мэдэл нэмэгдсэнээр төвлөрлийг сааруулах боломж бүрдэнэ гэж харж байгаа.
-Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэсэн төслийн заалт хэвээрээ байгаа юу?
-УИХ-ын 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд нь сонгодог байх заалтыг одоохондоо тохиромжтой биш гэж үзээд хассан. Ард түмнээс сонгогдсон сум, дүүргийн тухайн Засаг дарга “Би Ерөнхийлөгчтэй адилхан ард түмнээсээ сонгогдсон” гээд төр засагтаа удирдагдахгүй байх асуудал зарим газар гарч болзошгүй. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж магадгүй гэж гишүүд үзсэн учраас төслөөс хассан.
Мөн аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ гэсэн заалт нь өнөөгийн цаг үед тохиромжтой биш тул төслөөс хасагдсан.
Холбоотой мэдээ