Танилц: Энэ онд ашиглалтад орох авто замууд

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Танилц: Энэ онд ашиглалтад орох авто замууд

Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил нийслэлд ид өрнөж байна.  Ингээд зарим бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг хүргэе.


ЕСДҮГЭЭР САРЫН 15-НД ЗЦГ-ААС ХОМЕ ПЛАЗА РУУ ЧИГЛЭСЭН ХОЁР ТАЛЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЭХНИЙ ХЭСГИЙГ НЭЭНЭ

Хоёр жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сарын сүүлээр Замын цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт гүүрэн гарц барих ажлыг эхлүүлсэн билээ. Бүтээн байгуулалтын ажил энэ 2019 оны аравдугаар сард дуусах төлөвтэй байгаа юм. Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зургаан гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барихаар төлөвлөсөн ажил өдгөө дуусах шатандаа орж байна.

Ямартай ч, есдүгээр сарын 15-ны өдөрт багтааж, ЗЦГ-аас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөний эхний хэсгийг нээх бөгөөд үндсэн гүүрийн замын хөдөлгөөнийг аравдугаар сард нээх аж.

Замын цагдаагийн уулзвар дээгүүр баригдах гүүрэн гарц баригдснаар нарны зам, Гадаад харилцааны яамнаас Хоме плаза хүртэлх замын түгжрэл багасч, төмөр замаар гарах авто машины осол аваар буурна гэж тооцжээ. 

100 АЙЛЫН ШИНЭ ЗАМЫГ АРАВДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, 100 айл орчмын замыг өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 32-ын тойргоос Хангай хотхоны уулзвар, Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх замыг гурван хэсэг болгон хаасан. Тэгвэл наймдугаар сарын 27-ны өдөр дээрх зорчих хэсгийг нээгээд байгаа билээ.

Зам барилгын ажлыг ирэх аравдугаар сард бүрэн дуусган хүлээлгэн өгөх байсан ч хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хөдөлгөөний эрчим нэмэгдэж, түгжрэл үүсч байгаа тул зорчих хэсгийг эхэлж нээсэн байна.

Одоо дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлууд үргэлжлэн хийгдэж байгаа юм. 100 айлын 1.6 км авто замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр, хоёр талаараа явган болон дугуйн замтай, ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой цогц бүтээн байгуулалт ажээ. Энэхүү бүтээн байгуулалтад нийт 3.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Харьцангуй өндөр өртөгтэй байгаагийн шалтгаан нь зөвхөн замын ажил бус инженерийн шугам сүлжээний ажлууд хийгдэж байгаа хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байна.

НАЛАЙХЫН ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ АРАВДУГААР САРЫН СҮҮЛЭЭР НЭЭНЭ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам засварын ажил өнгөрсөн  дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн. Тус авто зам тавих ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчийн компани ажиллаж буй. Налайхын зам нь олон улсын стандартад нийцсэн дөрвөн эгнээтэй, бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай болох юм.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ “Налайхын замын хувьд хөдөлгөөний эрчим ихтэй бөгөөд өдөрт 15-18 мянган машин зорчдог, 60 жил засвар хийгдээгүй. Энэ замыг бид аравдугаар сарын 30-нд зорчих хэсгийг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 40 орчим хувьтай байна. Мал, амьтны нүхэн гарцууд хийгдэж, далангийн ажил нь дуусах шатандаа орсон учраас есдүгээр сарын 10-нд хучилтын ажилдаа орно” гэв.

Зам засварын ажилтай холбогдуулан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахаар болсон билээ. Тухайлбал, 3.5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчиж байгаа.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж