Аж үйлдвэрийн сайд Сэлэнгэд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.30-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн сайд Сэлэнгэд ажиллаж байна

-УИХ-ын гишүүн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Хушаат, Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур, Алтанбулаг сумдад ажиллаад байна-

Монгол Улсын үр тарианы 50 хүртэл хувь, төмс, хүнсний ногооны 30 хувийг хангаж ирсэн Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил  хэд, хэдэн сумдад зуншлага тааруугаас ургацынхаа 50- 60 хүртэл хувийг алдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай удирдлагууд нь хэлсэн ч тариаланчид ийм дүгнэлт хийхэд эрт гэв. Учир нь тариа хураах хүртэл хугацаа бий, тэр үеийг хүлээх. Дээр нь тариаланчид бүхий л нөөц бололцоогоо ашиглаж хаягдалгүйгээр үр тариагаа хурааж авах нь чухал. Нөгөө талаас Засгийн газар үндэсний үйлдвэрүүдийнхээ буудайг улсын нөөцөд худалдан авах, гурил үйлдвэрлэгчид тариаланчдынхаа буудайгаар гурил үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах талд хаа, хаанаа уялдаа холбоотой ажиллах нь чухал. Тэр дундаа ургац хураалтын үед импортын буудай импортлох шийдвэр гаргах нь зохисгүй тул үүнд төр бодлогын төвшинд анхаарах шаардлага бийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг дээрх сумдад ажиллах үед тариаланчид хэллээ.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн отгон сум болох Хушаат 73 мянган толгой малтай, мөн бусад аймаг, сумдын нутгаас 10 мянган толгой мал зусчээ. Гантай байснаас хадлан тэжээл бэлтгэх талбай багассан ч дотоодынхоо нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахаар ажиллаж буй юм байна. Баг бүрийг өвсний фондтой болгохын тулд тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж буй аж.

Ургацын тухайд, 12 мянган га талбайд үр тариа, 3600 га талбайд рапс, 382 га талбайд төмс, хүнсний ногоо тус бүр тариалжээ. Сумын хэмжээнд ургац алдах эрсдэл үүссэн нь гантай холбоотой юм байна.

Цагааннуур сум

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын албан томилолтын дагуу Сэлэнгэ аймгийн нэр бүхий сумдад ажиллаж байгаа нь энэ бөгөөд эрхлэх асуудлынхаа хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон хөнгөлөлттэй зээл орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа, мөн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд тухайн орон нутаг ямар бодлого гаргасан, иргэд ямар санаа бодолтой байгаа, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Сэлэнгэ аймгийн үйлдвэрлэгчдийн хувьд ихэнх нь газар тариалан эрхэлдэг онцлогтой.

Тариаланчдын хувьд зоорьгүйгээс ченжүүдийн аманд багтаж хүнсний  ногоогоо бага үнээр худалддаг, зарим тохиолдолд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь дууриайлгаж хийсэн хуурамч бүтээгдэхүүн зах зээлд борлуулагдаж, борлуулалтыг нь хаадаг гээд бэрхшээл мундахгүй олон байгааг учирлав.

Мөн тэрээр Цагааннуур суманд ажиллах үеэрээ “Гацуурт” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Газар тариалангийн салбарт тэргүүлэгч “Гацуурт” компанийн хувьд энэ жил 45 мянган га-д буудай, рапс, тэжээлийн ургамал, төмс тариалжээ. Үүнээс 400 га нь төмс, хүнсний ногооны тариалалт эзэлж байна. Мөн 1300 га талбай нь усгалгаатай тариалан аж. Тариалалт зургаан сумын газар нутгийг хамардаг. Гангийн нөлөөгөөр ургац алдахад хүрсэн. Компанийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ургацынхаа 70 хувийг алдах эрсдэл үүсчээ.

Энэ үеэр сайд Д.Эрдэнэбат “Зургаан сумын газар нутаг дамжиж үйл ажиллагаа эрхэлж, улсын үр тарианы дийлэнх хувийг бүрдүүлнэ гэдэг маш том хариуцлага. Би Сэлэнгэ аймгийн сумдад ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаад явж байна. Иргэд “Ургац алдсан. Гэхдээ гурил нөөцөлж, үнэ хөөрөгдөх хэмжээнд биш гэж ярьж байна. Бас хүнсний ногооны зоорь, агуулахын хүрэлцээ байхгүй гэдэг асуудлыг их ярилаа. Ченжийн гараар дамждаг асуудлыг шийдэж өгөөч гэж байна. Танай компани асар том зоорь, агуулах барьчихаж, үүнийгээ орон нутгийн иргэдтэйгээ хамтраад ажиллах боломжтой. Иргэдийн тариалсан төмс хүнсний ногоог өөрсдийн зооринд татаад энэ хавьдаа маркетинг явуулаад, хамтдаа ченжийн аманд багтахгүйгээр хүнсний ногоогоо зах зээлд борлуулах гарц байна. Том компаниуд асуудлыг дэвэргээд ирэхээр жижиг аж ахуйн нэгжүүд сандарч,  ард түмэн ч буруу ойлголт аваад эхэлдэг. Орон нутагтайгаа холбоо харилцаа сайтай, бие биенээ дэмжиж ажиллаж хүчээ нэгтгэх ёстой” гэж захиж байлаа.

Шаамар

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур сумд тариалалтаар улсдаа тэргүүлдэг бол Шаамар сум хүнсний ногоо, зөгийн аж ахуй эрхлэлтээр аймагтаа төдийгүй улсдаа тэргүүлэх хэмжээнд очжээ. Нийт өрхийн 60 хувь зөгийн аж ахуй эрхэлж, Шаамрын зөгий гэх брэнд гаргахад ч бэлэн болсон байна.

Харамсалтай нь, нэрийг нь ашиглан хулхи зөгийн бал зарж ашиг олдог хэсэг бий болсон аж.  Нутгийн иргэд брэнд бүтээгдэхүүнээ хамгаалахын тулд Шаамарын зөгийн бал гэдгийг илтгэх сав баглаа боодолтой болох хүсэлтээ сайдад дайлаа. Мөн зөгий өвөлжүүлэх зоорь, 1000 тонн хүнсний ногоо агуулах зоорь барих шаардлага байгаагаа дуулгаж, хөрөнгө мөнгөний тусламж үзүүлэхийг хүссэн юм.

Үүнд сайд Д.Эрдэнэбат Шаамарчуудын өрхийн үйлдвэрлэл Сэлэнгийн хэрэгцээг хангаад зогсохгүй улсын хэрэгцээг хангах хэмжээнд хүрч, энэ хэмжээнд үйлдвэрлэл очсон байтал хоёр зоорь барьж өгөөд асуудлыг шийдэхгүй. Борлуулалтыг давхар харах ёстой. Тиймээс Аж үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж байгаа  Хөдөө аж ахуйн парк байгуулах төсөл хэрэгжихэд боломжтой эсэхийг эхэлж судлуулъя гэсэн   юм.

Алтанбулаг сум

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр Алтанбулаг суманд ажиллах үеэрээ Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн сумын удирдлагууд, иргэдтэй уулзалт хийсэн юм.

Алтанбулаг сумын хувьд мөн л зуншлага тааруу аж. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ нутгийнхан ногоо тариалах  нь багасч, худалдаанд түлхүү анхаарах болжээ. Энэ нэг талдаа ОХУ руу зорчиход визгүй болсон, мөн хойд хөршөөс бараа оруулж ирж зарах нь ногоо тариалахаас илүү ашиг өгдөгтэй холбоотой аж.

Сайд Д.Эрдэнэбат нутгийн удирдлагуудад хандаж, сумын хөгжлийн хэтийн төлөвийг сонирхов. Юуг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлэх зорилго тавьсныг сонирхвол сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө ч байхгүй болохоо холбогдох хүмүүс хэлсэн. Үүнд сайд Д.Эрдэнэбат “Алтанбулаг чөлөөт бүсийг дагаад худалдаа үйлдвэрлэл түлхүү хөгжих боломжтой харагддаг. Хил боомтоо дагуулаад авто машины зогсоол, зочид буудал, ресторан байгуулж болох юм” гэсэн саналыг хэлж байлаа.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ирэх өдрүүдэд Номгон, Баянгол, Мандал сумдад ажиллана.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж