А.Анунгоо: Хичээлд явна гэж бодсон чинь нойр хүрээгүй

Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

А.Анунгоо: Хичээлд явна гэж бодсон чинь нойр хүрээгүй

А.Анунгоо: Хичээлд явна гэж бодсон чинь нойр хүрээгүй

Өнөөдөр эрдмийн баярын өдөр. Шинэ цүнхээ үүрч, дүрэмт хувцсаар гангарч, цэцэг барьсан хүүхдүүд сургууль, багш, найзуудтайгаа уулзах гэж иржээ. Энэ бол Нийслэлийн Ерөнхий боловсролын тавдугаар сургууль. 2019-2020 оны хичээлийн шинэ жилд тус сургуульд 150 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.

Нэгдүгээр ангийн сурагч А.Анунгоо:

-Хичээлдээ явах гэж яарсан уу, хэр бэлдсэн бэ?

-Хичээлд явна гэж бодсон чинь нойр хүрээгүй. Өглөө эрт сэрчихсэн. Сургуульд явахын тулд би үсэг цээжилж, тоо бодсон. Одоо 1000 хүртэл бодож чадна. Эмээ зааж өгсөн. Бас гоё гоё хувцаснууд авсан. Надад хамгийн их таалагдсан гэвэл миний шинэ авсан гутал. Үнсгэлжингийн гутал авсан. Тэгээд их баярлаад л байна.

-Хичээлд ороод юу сурах вэ?

-Даалгавраа хийж сурна. Бас том болоод ганцаараа сургууль руугаа явдаг болно. Одоо бол би гэрээ мэдэхгүй байгаа.

Том болоод ямар хүн болох вэ?

-Эмээ намайг том болоод сайн хүн болоорой гэсэн. Гэхдээ би бүжгийн мэргэжилтэй болно гэж бодож байгаа. Би бүжиглэх маш их дуртай.

Долоодугаар ангийн сурагч Б.Оргил:

-Зуны амралтаа яаж өнгөрөөсөн бэ?

-Зуслан дээр найзуудтайгаа тоглосон. Ном уншсан. Энэ зун бараг таван ном уншсан байх.

-Хичээл эхэлж байна, ангийн найзуудаа санасан уу?

-Гайгүй ээ. Амрахаар хичээлдээ явмаар санагдаад, хичээл орохоор амармаар санагдаад байдаг юм. Ангийнхан маань их өндөр болсон байна, бас борлочхож.

Ямар хичээлдээ дуртай вэ, том болоод ямар хүн болох вэ?

-Математик, биеийн тамирын хичээлдээ дуртай. Одоохондоо ямар хүн болохоо шийдээгүй.

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Нийслэлийн Ерөнхий боловсролын 23-р сургууль. Өнөөдөр 11.00 цагаас төгсөх анги буюу 9, 12-р ангийн хичээлийн шинэ жилийн нээлт хийж байна. Харин 13.00 цагаас нэгдүгээр ангийн нээлтээ хийх аж. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 240 хүүхэд элсэж байгаа бол 12-р ангийг 210-аад хүүхэд төгсөж байна.

12-р ангийн сурагч Н.Маралмаа:

-Энэ хичээлийн жилийн нээлт чиний хувьд ямар онцлогтой болж байна вэ?

-Энэ жил би сургуулиа төгсөнө. Төгсөх анги учраас энэ жилийн нээлт их нандин санагдаж байна. Дахиад энэ сургуульдаа ангийн найзуудтайгаа хамт сурахгүй гэж бодохоор жаахан гунигтай. Бас их хариуцлагатай жил.

-Мэргэжлээ сонгосон уу, энэ жил өөртөө ямар зорилго тавьсан бэ?

-Мэргэжлээ сонгосон. Санхүүгийн чиглэлээр сурна гэж бодож байгаа. Тиймээс энэ чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэнэ. Ер нь цаг хугацаагаа ашиглаж, үр бүтээлтэй өнгөрөөнө дөө.

-Хүссэн мэргэжлээ эзэмшээрэй, амжилт хүсье!

-Баярлалаа.

23-р сургуулийн Орос хэлний багш Б.Алтанхуяг:

-Хичээлийн шинэ жилийн нээлт таны хувьд ямар өдөр вэ?

-Хүсэн хүлээсэн хамгийн жаргалтай өдөр. Өнөөдрийн нээлтийн арга хэмжээ үнэхээр сайхан болж байна. Эхлээд багш ажилчдын нээлт болсон. Бид манай сургуульд шинээр орж байгаа залуу багш нараа хүлээн авлаа.

-Та сая Орос хэл дээр хүүхдүүддээ мэндчилгээ дэвшүүллээ шүү дээ?

-Тэглээ. Орос хэл үздэг сурагчиддаа зориулаад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ. 12-р анги төгсч байгаа бүх сурагчдаа сайн сураад, хүссэн сургуульдаа элсэхийг хүсэн ереее!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж