Тойм: Үндсэн хууль "хөдөлж", допингтой нэрс тодров

Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

Тойм: Үндсэн хууль "хөдөлж", допингтой нэрс тодров

Тойм: Үндсэн хууль "хөдөлж", допингтой нэрс тодров

News агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЁРДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЛЭЭ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж эхэлсэн бөгөөд ээлжит бус чуулганы хуралдааныг сунгалаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх гэж хоёр сар гаруйн хугацаанд царцаж, зөвшилцлийн хүрээнд гацаж байсан бөгөөд ийнхүү өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлэг өрнөв.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналууд дээр МАН-ын бүлэг тохиролцож чадахгүй хугацаа алдсан. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, парламентын хугацаа, сонгуулийн тогтолцоо зэрэг саналуудыг олонхыг нь МАН хүлээж авсан юм. Гэвч МАН-ын зарим гишүүд Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй гэж үзэж, чуулганы  бойкотлох, хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй байх зэрэг олон эсэргүүцэлтэй тулгарсан юм.

БНСУ ВИЗНИЙ НӨХЦӨЛӨӨ ХӨНГӨВЧЛӨВ

БНСУ-ын Элчин сайдын яамнаас визний нөхцөлөө хөнгөвчлөх болсон талаараа мэдээлэв. Үүний хүрээнд  Монгол иргэд виз мэдүүлэхэд тавигддаг таван сая төгрөгийн барьцааны асуудлыг энэ оны есдүгээр сарын 2-ноос эхлэн цуцалж байна. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдийн гэр бүл буюу эхнэр нөхөр БНСУ-д түр хугацаагаар ар гэртэйгээ уулзахаар зорчиход тавигддаг шаардлагыг хөнгөвчилж зөвхөн тухайн ажил эрхэлж буй иргэний сүүлийн зургаан сарын мөнгөн гуйвуулгын мэдээллийг авснаар тухайн иргэний ар гэрт нь богино хугацаагаар уулзаад ирэх энэ боломжийг нээж байгаа. БНСУ-ын ЭСЯ-д виз мэдүүлээд БНСУ-д өмнө олон удаа зорчсон, визийн зөрчил гаргаагүй, хууль бусаар үлдэх магадлал багатай иргэдийн визийн материалыг 10 хоногийн хугацаанд шалгаж шийдвэрлэдэг горимд шилжиж байгаа гэв.

Мөн хууль бусаар, оршин суух, хууль бусаар хөдөлмөр эрхлэх магадал бага виз мэдүүлэгчийн материалыг шуурхай шалгах тогтолцоог нэвтрүүлэх,  “Хур” системийг ашиглан виз мэдүүлэх эсэхийг виз мэдүүлэгч өөрөө шийдэх зэрэг олон хөнгөвчлөх ажлыг нэвтрүүлэх бөгөөд виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагад тавих хяналтыг чангатгах асуудал энэ сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм байна.

ДАШТ-2019: М.УРАНЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Токио хотноо болж байгаа дэлхийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий иж бүрэн  медальт Монголын анхны эмэгтэй жүдоч боллоо. Тэрбээр, хэсгийн аваргын төлөө эх орон нэгт, олимпын хүрэл медальт, Казахстаны тамирчин Г.Отгонцэцэгтэй барилдаж ялсан. Улмаар Укрианы жүдоч Дариа Белодид цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ингээд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын жүдоч Мелани Клементтэй барилдаж гарт өчих мэхээр цэвэр ялж хүрэл медалийн болзлыг хангалаа. Мөн олон нийтийн найдлага тавьж байсан Монгол Улсын анхны олимпын аварга (2008), олимпын анхны хос медальтан, жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин (2008) Н.Түвшинбаяр өнөөдөр+100 кг-ын жинд барилдсан ч тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

ДОПИНГТОЙ БӨХЧҮҮДИЙГ ЗАРЛАЖ, ЗАРИМ БӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦОВ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс авсан шинжилгээний хариуг зарласан юм. Тодруулбал, Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн. Тиймээс Допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Харин Өсөх идэр начин цолны болзол хангасан Улсын начин Д.Цэрэнтогтохоос шинжилгээгээр сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул В сорьцоо өгөөд байгаа аж. В сорьцын хариугаар допинг хэрэглэсэн нь нотлогдвол тэрбээр улсын цолоо хураалгах юм.

Мөн барилдааны дөрвийн даваанд барилдаж, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож зүй бус үйлдэл гаргасан Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгасан байдаг.

 

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж