ЦЭГМИДИЙН ЦОГХҮҮ (1960-2019)
Бидний эрхэм нөхөр, хамтран зүтгэгч, сурган хүмүүжүүлэгч Ц.Цогхүү 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ц.Цогхүү нь 1960 онд Хэнтий аймгийн Биндэр суманд Г.Цэгмидийн 3 дугаар хүү болон мэндэлжээ. Тэрбээр 1979 онд Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1979-1982 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг түүх, газар зүйн багшийн мэргэжлээр төгссөн.
Ажил хөдөлмөрийн гараагаа 1982 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын Н.Ф.Гастеллогийн нэрэмжит арван жилийн 1 дүгээр сургуульд багшаар эхэлж, улмаар 1983 онд Чойбалсан хотын 2 дугаар арван жилийн сургуульд хичээлийн эрхлэгч, Аймгийн Боловсролын хэлтсийн Сургалт, арга зүйн кабинетын эрхлэгч, 1992 оноос Боловсролын яамны Суурь боловсролын газарт мэргэжилтэн, 1998 оноос Экологийн боловсролын төвийн захирал, Нийслэлийн 10 жилийн 2 дугаар сургуулийн захирал, 2008-2012 онуудад нийслэлийн Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байв.
Мөн тэрээр Монгол-Японы Хөгжлийн Нийгэмлэг, Глоб Экологи Байгаль Орчны Холбоо, Авъяас Оюуны Нийгэмлэг зэрэг нийгмийн төлөө үйлчилдэг Төрийн бус байгууллагуудыг үүсгэн байгуулж, хөдөө орон нутгийн сургуулиудын сургалтын орчин нөхцлийг сайжруулах, багш нарыг сургаж хөгжүүлэх, хүүхэд залуусын авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байв.
Тэрээр сурагч шавь нар, сургууль хамт олондоо өөрийн мэдлэг чадвар, оюун ухаан, хүч авъяасаа бүрэн зориулж, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн сурган хүмүүжүүлэгч, манлайлагч байсан юм.
Түүний хөдөлмөр, зүтгэл, боловсролын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан медаль”, “Боловсролын тэргүүний ажилтан”, төрийн дээд шагнал “Алтан гадас одон” болон ойн медалиудаар тус тус шагнасан юм.
Эрхэм нөхрийн минь чигч шударга, хүнлэг нинжин, өгөөмөр тусч сэтгэл, эрэмгий зоримог, эрч хүчтэй, бүтээлч, нөхөрсөг зан чанар, торгон мэдрэмж олон зуун шавь, найз нөхөд, хамт олон бидний сэтгэл зүрхэнд үүрд үгүйлэгдэн дурсагдах болно.
Түүний гэр бүл, хайрт ээж, үр хүүхдүүд, ах дүү нар, найз нөхөд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
СҮХБААТАР ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
Холбоотой мэдээ