УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзаж, Ард түмнээ хайрлая нам байгуулахаар болсноо хэвлэлийнхэнд дуулгаж байсан. Тэгвэл түүний энэ хүсэлтийг Улсын Дээд Шүүх хэлэлцээд ирүүлсэн материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэн, улсын бүртгэлд бүртгэжээ. Тиймээс өнөөдөр Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай, намын нарийн бичгийн дарга Э.Өлзийсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Л.Гүндалай хэлэхдээ: “Ард түмнээ хайрлая нам (АТХН) өнөөдөр Улсын бүртгэлийн гэрчилгээгээ авлаа. Ингээд АТХН Монгол улс даяар улс төрийн намын үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байна. Өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй нам байгаа. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 5-6 байна. Энэ дундаас эрх барьж буй намуудын хувьд ажлаа хийж чадахгүй байна. Үнэндээ эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь харагдаж байна. Ард түмэн 25 жил эдгээр намуудыг хүлээлээ. Улс төрийн шинэ хүчин гарч шинэ бодлого гаргаж, улс орны нийгэм эдийн засгийг өөрчлөх хэрэгтэй болоод байна. Ард түмэн шинэ сонголттой болж, улс төрийн шинэ хүчин гарч ирж байгааг баяртайгаар мэдэгдмээр байна. гэсэн юм.
Энэ үеэр Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалайгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ард түмээ хайрлая нам хичнээн гишүүнтэй вэ?
-АТХН 1380 гишүүнтэй. Үүнээс 1100 нь Орхон аймагт, 280 нь Улаанбаатар болон бусад аймгуудаас ирсэн гишүүд. АТХН Монгол улсын өнцөг булан бүрт байдаг юм билээ. Надтай маш олон хүн холбогдож байна.
-Тэгэхээр АТХН-ын цаашдын бодлого юу вэ? Улс төрийн үйл ажиллагаагаа хэзээ эхлэх вэ?
– Миний хувьд эхний ээлжинд Улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээж байсан. Тамгаа маргааш хийлгэнэ. Цаашид улс орон даяар улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Ард түмнээ хайрлая намын зүгээс намын үзэл баримтлал юу вэ, яг юу хийх гэдгээ олон түмэнд хүргэх ажлаас бидний үйл ажиллагаа эхэлнэ.
Өнөөдөр Монголын ард түмэнд улс орныгоо зөв зүйтэй удирдаад аваад явж чадах, ард олондоо ээлтэй бодлого явуулах, нийгэм эдийн засгийг өөрчилж, зэрлэг капилзмыг зогсоож, улс орны эд хөрөнгийг шамшигдуулж, буруу удирдаж байгаа энэ хүмүүсийг өөрчлөх хүсэл байна. Энэ ард түмнийхээ хүсэл зоригийг биелүүлэхийн төлөө манай нам үйл ажиллагаагаа явуулна. Ард түмнийгээ бидэнд итгэж, найдаж дэмжиж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаа гэвэл өнөөдөр манай улсад бидний ярьж хэлснээр хувьсгалын тохироо бүрдчихээд байна. АТХН-ыг улс орон даяар байгуулж болно. Бид хүлээхгүйгээр ард түмэн өөрсдөө эвлэлдэн нэгдэж, намын үйл ажиллагааг дэмжинэ гэдэгт итгэж байна. Аль нэг хороон дээр манай намын бодлогыг дэмжсэн 50 хүн гарах юм бол бид өөрсдөө очиж, намын үүрийг нээх болно. Орон нутагт ч бас энэ үйл ажиллагааг дэмжээд ард түмэн өөрсдөө намын ажилд идэвхтэй оролцох бол бид аймаг бүрт намын үүрийг барих болно. Бид өөрсдөө очоод байгуулахаас илүүтэй ард түмэн өөрсдөө эвлэлдэн нэгдээсэй гэж хүсэж байна.
-Танай гишүүдийн олонх нь Орхон аймгийн гишүүд байх юм?
-Би өнгөрсөн дөрөвдүгээр сард Орхон аймагт очиж, ажилласан. Энэ үеэр гурав хоног ажиллахад Ард түмнээ хайрлая намын бодлыг дэмжсэн гишүүд гарч ирсэн. Тухайн үед намын бодлогыг дэмжсэн 801 хүнийг бүртгэх ажлыг эхлүүлсэн. Тэгээд Орхон аймгийн 1100 хүн манай намын бодлогыг дэмжиж, гишүүнээр элссэн. Би өөр аймаг, суманд очоогүй. Тиймээс одоо байгаа 1100 нь Орхон аймагт бий. Тэр үед бусад аймгаас бидэнтэй холбогдож, дэмжиж байгаагаа илэрхийлж, гишүүн болмоор байна гэсэн иргэд их гарч ирсэн. Бид тухайн үед иргэдэдээ Та бүхэн хүлээж байгаарай. Бид Улсын дээд шүүхэд материалаа өгчихсөн. Албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээг авсны дараа намын бүртгэл эхэлнэ гэдэг тайлбарыг өгч байсан. Тэгээд тухайн үед намын бүртгэлийн ажлыг зогсоосон юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл нэг ч гишүүн элсүүлээгүй байсан. Энэ хугацаанд олон хүн бидэнд холбогдсон байгаа.
-Ард түмнээ хайрлая намын хувьд дэмжлэг авах тал дээр хэр байна вэ? Отгон намын тухайд одоо хийх зүйл их байгаа байх?
-Бид бороотой, шороотой өдөр ард түмэнтэйгээ уулзаж, шинэ нам байгуулах эхлэлээ тавьж байсан. Бид өнөөдөр намаа бүртгүүлчихлээ. Манайхаас өөр Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадахгүй олон нам байна. Монгол Улсад намын тоо, улс төрчид багадаагүй. Харин Монгол Улсад зөв зүйтэй бодлого явуулдаг нам хэрэгтэй байна. Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, ард түмэндээ ээлтэй, эх орныхоо баялагийг ард түмэндээ өгдөг ийм л нам, улстөрч хэрэгтэй байгаа юм. Боловсрол, эрүүл мэнд, нийгэм эдийн засгийг асуудал яаж уруудаж байгааг хардаа. Зөвхөн эрүүл мэндээр жишээ авахад, хүний хамгийн үнэт баялаг эрүүл мэнд. Гэтэл ард түмнийхээ эрүүл мэндийг зүгээр л хаячихсан байна.
-Та 2016 оны УИХ-ын сонгуульд Орхон аймгаас нэр дэвшинэ гэж байсан?
-Тэгнэ. Би ирэх сонгуульд Орхон аймгаас нэр дэвшинэ. Надад Улаанбаатар эсвэл бусад аймгаас нэр дэвших боломж байгаа ч би Орхон аймгийг сонгосон итгэлдээ үнэнч явна.
-Ардчилсан намын гишүүн байсны хувьд анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын өдрүүд эдгээр өдрүүдэд болж байна. Та хуучин намын гишүүддээ баяр хүргэсэн үү?
-Амжаагүй явна. Маш их ажилтай байсан болохоор хэн нэгэнтэй ярьж, баярын мэнд хүргэж чадсангүй.
Ч.БОЛОРЧУЛУУН