Оросууд FIBA-гийн шийдвэртэй санал нийлэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.07.30-нд нийтлэгдсэн

Оросууд FIBA-гийн шийдвэртэй санал нийлэхгүй гэв

“Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны гаргасан Оросын сагсан бөмбөгийн холбоонд хориг тавьсан тухай шийдвэрийг Лозанна хотын Спортын давж заалдах шүүхээр (CAS) шийдүүлнэ” гэж ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко мэдэгдэв.

Лхагва гаригт FIBA-гаас Оросын сагсан бөмбөгийн холбоонд хандан, тус байгууллагын олон улсын тэмцээнд оролцох эрхийг хасч буйг мэдэгдээд, Оросын шигшээ баг, FIBA-гийн тэмцээн шүүж байгаа шүүгчдэд энэ хориг хамаарахгүй гэдгийг тайлбарлажээ.

Оросын сагсан бөмбөгийн спортод ийнхүү хариуцлагын асуудал ярьж, шийтгэл ногдуулж байгаа нь тус улсад энэ төрлийн спорт холбоод олон болж, хоорондоо үйл ойлголцох болсон, түүнчлэн төр нь холбооны асуудалд хэтэрхий оролцож байна гэсэн шалтгаанаас үүдэлтэй аж.

"FIBA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Патрик Бауманы шийдвэр эцсийн шийд биш. Шаардлагатай бол бид Спортын давж заалдах шүүхэд хандана. Евро лигтэй хамаатай асуудал ч байгаа" гэж Оросын спортын сайд Мутко сэтгүүлчдэд мэдэгдээд байна.

Сүүлийн жилүүдэд дотооддоо маргаантай байх болосон Оросын сагсан бөмбөгийн холбоог 2013 онд Юлия Аникеева удирдаж байсан бөгөөд тэрбээр тус байгууллагын  тайлангийн асуудал, сонгууль явуулах тухай Москвагийн Хамовническийн шүүхийн шийдвэртэй давж заалдах өргөдлийг өнгөрсөн хоёрдугаар сард гаргажээ. Гэтэл Москва хотын шүүх  давж заалдах гомдлыг нь хүлээж аваагүй байна. Ингээд зургадугаар сарын 18-нд шүүхээс Оросын сагсан бөмбөгийн холбоог өмнөх бүрэлдэхүүнээрээ 60 хоногийн хугацаанд багтан хуралдаж, ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлөө сонгох  тогтоол гаргажээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Оросын сагсан бөмбөгийн холбооны 2010 оны бүрэлдэхүүн тайлангийн болон сонгуулийн хурлаа ирэх наймдугаар сарын 25-нд явуулахаар болсон байна.

Хамгийн сүүлд ирж байгаа мэдээгээр Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) Оросын шигшээ багуудыг олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хассан гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж