Аугаа Александр хот живж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

Аугаа Александр хот живж байна

Аугаа Александр хот живж байна

Македоны хаан Аугаа Александрын үндэслэсэн хот 2000 гаруй жилийн түүхэндээ эзлэн түрэмгийлэл, гал түймэр, газар хөдлөлтийн аюул гамшгийг даван туулсан ч өдгөө өдрөөс өдөрт бага багаар живж байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр далай, тэнгисийн усны түвшин нэмэгдсэнээс Египетийн эргийн Александр хот усанд живэх аюул нүүрлэжээ. Өмнө нь 2015 онд болсон далайн хүчит шуурганы улмаас хотын ихэнх хэсэг үерт автаж, зургаан хүн нас барж, олон өрх гэр оронгүй болж байв.

Александр нь Египетийн хоёр дахь том хот бөгөөд гурван талаасаа усаар хүрээлэгджээ. Тус хот нь таван сая гаруй хүн амтай бөгөөд Египетийн аж үйлдвэрийн хүчин чадлын 40 хувийг бүрдүүлдэг байна.

Александр хот нь 1950-аад оны үед зохиолч, уран бүтээлчдийн онгодын диваажин байсан ба Египетийн баячууд, гадаадын жуулчдыг ихээр татдаг байв. Өдгөө ч хот орон нутгийн аялагчид болон жуулчдын ихээр зорчдог газар хэвээр боловч алдартай далайн эргүүд нь усанд идэгдэж эхэлжээ.

НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн талаарх олон улсын хурлын үеэр дэлхийн далайн түвшин 0.28-0.98 метрээр нэмэгдсэнээр эргийн хотууд живэх аюултайг мэдэгдэж байв. Египетийн усны нөөц, усжуулалтын яамнаас мэдээлснээр, тэнгисийн усны түвшин 1993 оноос эхлэн жил бүр 1.8 мм-ээр нэмэгдэж эхэлжээ. Улмаар сүүлийн 20 жилийн хугацаанд жилд 2.1 мм, 2012 оноос хойш жилд 3.2 мм-ээр тэнгисийн усны түвшин нэмэгдэх болсон байна.

Александр хот Нил мөрний адагт байрладаг. Гэтэл байгалийн хий гарган авах лаг шавар хуримтлагдаж, дүүрэхээс сэргийлэн далан босгосноор тэнгисийн усны түвшин нэмэгдэх явцыг хурдасгажээ. Улмаар 2020 он гэхэд Нил мөрний сав газрын 734 кв/метр талбай  усанд автах бөгөөд энэ зууны төгсгөл гэхэд 2660 кв/метр талбайг хамарч, 5.7 сая хүнд нөлөөлөх тухай судалгааг 2018 онд хийжээ.

Өдгөө нам дор газрын оршин суугчид тогтмол үерт автах болсныг хотын иргэд мэдэгджээ. Тухайлбал, Шатби дүүргийн оршин суугч 52 настай эрэгтэй 2015 оны их үерээс хойш байшингаа хоёр удаа засч янзалсан аж. Мөн эл-Макс дүүргээс 2015 оны үерийн дараа олон зуун хүн орон гэргүй болж, засгийн газраас тэднийг шинээр есөн давхар орон сууц барин оруулжээ. 67 настай загасчин Сайед Халилын хэлснээр жил бүрийн өвөл сууц нь усанд авдаг байна.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж