Японы засгийн газраас найман жил дараалан батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлж, АНУ-д үйлдвэрлэсэн пуужинг замд нь сөнөөх технологи, сөнөөгч онгоц, зэрэг зэвсгийг худалдан авах болсныг ажиглагчид мэдэгджээ. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, пуужингийн заналхийлэл болон Хятадын эсрэг Япон улс нь өөрийгөө хамгаалах хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж байгааг Токио тайлбарлажээ.
Японы батлан хамгаалах яамнаас өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан төсвийн саналд цэргийн зардлыг 1.2 хувиар нэмэгдүүлж, 5.32 их наяд иен буюу ойролцоогоор 50.48 тэрбум ам.долларт хүргэхээр тусгасан байна. Өргөн барьсан төсвийн саналтай Японы сангийн яам урьдчилан танилцаж, Абэ Шинзогийн засгийн газраас хэлэлцүүлэн батлах ёстой. Хэрэв төсөл батлагдвал ирэх оны дөрөвдүгээр сараас Японы батлан хамгаалахын төсөв дахин нэмэгдэх болоод байна.
Дэлхийн II дайны дараа баталсан энх тайвныг сахих үндсэн хуульд нь Японыг бусад орон руу дайрах зорилгоор зэвсэг, техник эзэмшихийг хориглосон байдаг. Гэвч Япон улс нь өнгөрсөн долоон жилийн хугацаанд батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлсээр дэлхийн хамгийн их армийн зардалтай орнуудын нэг болжээ. Япон нь армийн хүчин чадлаа ихэвчлэн АНУ-д үйлдвэрлэсэн өндөр өртөгтэй, сүүлийн үеийн дэвшилтэт зэвсэг, техникүүдээр зузаатгаж байгаа аж.
Японы батлан хамгаалахын албаныхны мэдээлснээр ирэх онд 115.6 тэрбум иенээр есөн ширхэг “Lockheed Martin F-35” сөнөөгч нисэх онгоц худалдан авахаар төлөвлөжээ. Мөн 116.3 тэрбум иенээр пуужинг агаарт амдан сөнөөх техникийг “Raytheon” компаниас худалдан авах аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ