Гадаадын иргэн, харьяатын газраас зарим үйлчилгээг цахимжуулж, олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин "J", бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг өнгөрөгч тавдугаар сараас нэвтрүүлж эхэлсэн юм.
Энэ удаад албан хэргээр “А” ангилал, ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэний “S” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар хүлээн авахаар болжээ. Уг үйлчилгээ нь есдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм байна.
Цахим үйлчилгээ авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ холбоосоор Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон EVISA.MN хаягаар шууд нэвтрэх боломжтой аж.
Түүнчлэн гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсч, түүний өмнөөс мэдээллийг илгээж байгаа хувь хүн, байгууллагууд визийн зөвшөөрөл цахимаар мэдүүлэх шат дарааллыг сайтар судалж, шат дарааллын дагуу үнэн зөв мэдээлэл ирүүлэхийг холбогдох мэргэжилтнүүд зөвлөв.
Э.УРАНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ