"Ньюс" агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"ШУЛУУХАН ХЭЛЭХЭД БАРЬЦААЛАГДСАНААС БОЛЖ ҮНДСЭН ХУУЛЬ ГАЦАЖ БАЙНА"
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл чуулганаар хэлэлцэгдэхээр хоёр ч өдөр хүлээгдэж байна. Шалтгаан нь ирц хүрэхгүйд байх шиг байна. Сүүлийн үед МАН-ын бүлгийн ирц бага байна. Ер нь Ерөнхийлөгчийн оруулж ирж байгаа саналууд дээр танай бүлэг зөвшилцөлд хүрэхгүй л байна уу?
-Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хуваарийн дагуу Даваа гаригаас эхлэн хийх байсан. МАН-ын бүлэг дээр үндсэн асуудлуудаа ярьж тохиролцож, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар саналуудаа нэгтгэж, томьёоллоо гишүүдэд хүргүүлсэн. Хоёр өдрийн чуулганы ирц бүрдэхгүй байна. УИХ-ын хоёр гишүүн гадаадад байгааг эс тооцвол 73 гишүүн энд бий. Зориуд, зохион байгуулалттай ирц бүрдүүлэхгүй байх шиг байна. Ер нь хууль батлах бол гишүүдийн үндсэн үүрэг. Ямар ч бодол, саналтай байсан чуулганы танхимд орж, хэлэлцэж байгаа асуудлуудын хүрээнд яриад, саналаа өгөөд явах ёстой. Унах санал нь унаж, дэмжигдэх нь дэмжигдээд л явах ёстой. Үндсэн хууль бол ард түмний эрх ашиг хөндөгдөж байгаа, ард түмний асуудал. Ард түмний нэрийг барьсан маш олон хувийн жижиг, ашиг сонирхол орсон ийм зүйл дээр УИХ-ын гишүүд хариуцлагатай байж, ард түмнийхээ төлөө, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн гэдэг утгаараа энэ асуудалд хандах ёстой. Мэдээж хурал зохион байгуулагчид, бүлгийн дарга нар ирц бүрдүүлэхийг хичээж байна. Миний хувьд хуралдаанд оролцохоор цагтаа ирээд хүлээгээд л сууж байна. Ерөнхийлөгчийн саналуудаас ихэнхийг нь хүлээгээд авчихсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн заалт бүр 57 гишүүний босготойгоор дэмжигдээд эсвэл унаад дараагийн хэлэлцүүлэгт очих ёстой. Миний хувьд ард нийтийн санал асуулгыг заавал явуулах ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа.
-Монголын ард түмний эрх ашиг гэхээс илүү бүгд намын, хувийн эрх ашгаа харж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хандаж байна. Ялангуяа хувь гишүүдийн эрх ашиг их чухал байгаа нь ирц бүрдэхгүйгээс харагдаж байна. МАН дотооддоо нэгдэж, зөвшилцөж чадахгүй болохоор энэ өөрчлөлт явах уу гэдэг эргэлзээ төрөөд эхэллээ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг энэ удаад хэлэлцээд эхэлсэн учраас ирэх найман жил оролдох эрхгүй болж байгаа юм. Тэгэхээр энэ хуулийг батлуулна гэдэг дээр би бол хатуу байр суурьтай байгаа. Нэг, хоёр хүн хувийн эрх ашгаас төрийн ажлыг, тэр дундаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг гацаадаг зүйл байх юм бол Монгол Улс байх юм уу, үгүй юу. УИХ-ын 62 гишүүн өргөн барьсан төсөл бол их нуруутай төсөл. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан хүндрэл, үл ойлголцлыг бий болгоод байсан энэ заалтуудыг тус бүрээр авч үзэж оруулж ирсэн. Энэ төсөл гол төсөл байх ёстой гэдэг би бас хатуу байр суурьтай байгаа. Сайн, муу хэлүүлж байгаа ч гэсэн УИХ-ын 76 гишүүн ард түмний төлөөлөл. Гэтэл энэ асуудлыг дундаас нь гацаах, мохоох асуудлаар, хувь хүний эрх ашиг, жижиг, том намуудын эрх ашгийн асуудлаас гацах ёсгүй. Хэлэлцүүлэг эхэлсэн, яваад дуусгах ёстой. Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж чадахгүй бол энэ УИХ даруйхан огцрох ёстой. Бид өөрчилж чадаагүй учраас дараагийн УИХ-д шилжүүлэх байдлаар. Дараагийн үр дагавар нь ойрын үед энэ хуульд дахин гар хүрч болохгүй л болно. Өнгөрсөн хугацаанд одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиараа зохицуулагдаж, энэ хуулиа дагаж мөрдөөд ирсэн. Зөв хүмүүс гарч ирээд улс орны нийгэм, эдийн засаг дээшилж байсан үе бий. Харин төрийн толгойд увайгүй хүмүүс гарч ирэхээрээ энэ улс орноор тоглож байгаа юм. Хуулийг эсрэгээр нь хэрэгжүүлж, дур зоргоороо өөрчилдөг зэрэг асуудлаас айгаад байх зүйл байхгүй шүү дээ.
Ш.ЧИМЭГ
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Д.ДЭЛЭГНЯМ: ХҮДЭР ТАНСАГ ҮНЭР ЯЛГАРУУЛААД Л АЛУУЛЖ БАЙНА
Монголчууд хүдэр гэхээс илүүтэй хүдрийн заар гэдгийг сайн мэднэ. Монгол ардын дуунд "Хүнээс илүү ханилна гээд хүдрийн заарыг шингээсэн юм аа хө" гэдэг. Өвөрмөц, тансаг энэ үнэр хүдрийн заараас гардаг бөгөөд дэлхийн брэнд сүрчгийн үйлдвэрүүд хүдрийн заарыг үнэрийг тогтоох зорилгоор ашигладаг. Мөн дорнын уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэддэг. Эдгээр шалтгааны улмаас хүдрийн тоо толгой нь цөөрч, Монгол улсын “Улаан ном”-д бүртгэгджээ. Дэлхийд хүдрийг нарийн судалсан гурван хүн байдаг. Тэдний нэг нь Монгол Улсын зөвлөх мал зүйч, хүдэр судлалын доктор Д.Дэлэгням. Хүдрийг бүх талаас нь судалсан Монголын анхны эрдэмтэн түүнтэй хүдэр хамгаалал, судалгаа, үржүүлэг сэдвээр ярилцлаа.
-Бид хүдрийн заар гэж их сонссон. Гэхдээ хүдэр гэж чухам ямар амьтан байдгийг сайн мэдэхгүй. Та судлаач хүний хувьд илүү сайн дүрсэлж ярих байх?
-Хүдэр бол их өвөрмөц, сонирхолтой, нэн ховор амьтан. Хүдрийн эрийг гирээ, эмийг гирэгчин, төлийг нь шовшоорой гэдэг. Хүдрийн амьдрал адуутай адилхан. Манайд нэг азарга адуу гэдэг шиг нэг бүл хүдэр гэж байдаг. 5-6 хүдэр нийлж бүл болон амьдарна. Адуу өөрийнхөө үр төл дээр гишгэхгүйн тулд хазаад, халгаад явуулчихдаг. Үүний адил нэг бүл дотор эм шовроорой төрлөө гэхэд том болсных нь дараа бүлээс хөөдөг. Хөөгдсөн хүдэр бусад хүдэртэй нийлж, бүл үүсгэн амьдардаг. Ороо нийлүүлгийн хувьд бууртай адилхан. Буур өвлийн хүйтэн чангарах тусам идэш, тэжээлдээ муудаж, цагаан хөөс цахруулдаг. Хүдэр мөн өвлийн эхэн сар гараад эхлэнгүүт гэдсээ татаж, нэгнээ хазаад, догширч эхэлдэг. Үүнээс гадна маш сонор сэрэмжтэй амьтан. Унтана гэж бараг үгүй, байнга л зогсоо байж эргэн тойрноо ажигладаг. Майлахгүй, янцгаахгүй харин исгэрэн, шүгэлдэнэ. Түүний энэ дуугаар бусад амьтад хамгаалалтад орно. Зөвхөн хүдэр ч бус хандгай, бор гөрөөс, зэрлэг гахай гээд бүгд л хүдрийн исгэрэх, шүгэлдэх дуунаар хурдаа авч, аюулгүй газар руу зугтдаг. Өөрөөр хэлбэл, хүдэр ойн амьтдын “цагдаа” юм. Аюул тулгарлаа гэхэд цагдаа шүгэлдэж байгаа юм шиг л дуугарна даа. Судлаачид хүдрийг байгалийн индикатор гэж нэрлэдэг. Индикатор гэдэг нь техникийн ухаанд тос масло, бензин чинь дуусаж байна гэж дохио өгдөг зүйл шүү дээ. Хүдрийн дохио нь шүгэлдэж, исгэрэх дуу чимээ. Ийм л сонин байгалийн чимэг болсон амьтан манай дэлхий дээр тэртээ 50 гаруй сая жилийн өмнөөс амьдарч эхэлсэн түүхтэй.
-Үнэхээр сонирхол татсан амьтан юм. Хүдрийн заар гэж юуг хэлж байна вэ?
-Хүдэр ховордох болсон шалтгаан бол заартай холбоотой. Заар нь зөвхөн нас бие гүйцсэн эр хүдэрт (гирээнд) байдаг. Түүнийг гоо сайхан болон уламжлалт анагаах ухаанд өргөн ашиглаж байна. Францын үнэтэй брэндийн сүрчигт хэрэглэж байна. Нөгөөтэйгүүр заар нь хүдэртээ олон талын ашигтай. Амьдрах хэрэгсэл болж байдаг. Ороо орсон эр хүдрээс тансаг заар ялгарч, энэ үнэрээр эмэгчин түүнийг олж, хээлтдэг юм. Мөн эр хүдэр бусдыгаа удирдаж, тэргүүн эгнээнд явдаг. Ингэхдээ бүлээр амьдрах эзэмшил газарт заараа цацаж, нэг ёсондоо тэмдэг тавьдаг. Цацсан үнэрээр бусад хүдэр явах зүг чиг, эзэмшил газраа мэдэж авна. Гэхдээ тэд хамаагүй газраар явахгүй, явдаг ганцхан жимтэй.
-Хүдрийн хээлтүүлэг, үржилд орох явц ямар байдаг вэ, жилд хэдэн удаа хэчнээн төл гаргадаг вэ?
-Миний хувьд ялангуяа үржлийн биологийг түлхүү судалсан. Тэгээд энэ амьтны хээлтэх хугацааг тогтоолоо. Хүдэр арваннэгдүгээр сард хээлтүүлгэд орж, зургаан сар тээдэг. Энэ тухай өмнө нь судлаачид тодорхой бичиж тэмдэглээгүй байдаг. Оросын эрдэмтэд ч нарийн тогтоогоогүй юм билээ. Барагцаалбал тийм хугацаанд тээдэг юм шиг байна гэж бичсэн байдаг. Би үүнийг нарийвчилж судлаад, үржлийн карт, баримт бий болгосон. Намайг анх судалгааны ажлаа эхэлж байхад надад багш, сурах бичиг, судалгаа гэж байсангүй. Би өөрөө л бодитоор ажиглаж, сурахаас өөр арга байхгүй байлаа. Тиймээс эхээс төрж байгаа үйл явц, газар гишгэж буй гээд бүгдийг нь зураг авч, видео бичлэг хийж, баталгаажуулсан. Хүдэр жилд нэг удаа нэг шовшоорой л төрүүлнэ. Гэхдээ ихэрлэх магадлалтай. Бусад судлаачийн бичсэнээр төрөхдөө их зовдог гэдэг л дээ. Миний судалснаар бол хүдэр ямаа, гөрөөстэй адил маш амархан төллөдөг амьтан. Маш богино хугацаанд 4-5 минутад дүлээд гаргачихдаг. Төрөхдөө модонд хавчуулагддаг, сайн ажиглаарай гэж бас надад захиж байсан. Гэтэл миний ажиглалтад модонд хавчуулагдаж төрсөн тохиолдол байхгүй. Харин маш нууц байдалд төллөнө. Хүн хараад байвал дүлж чадахгүй. Би бүхнийг нууцаар ажиглаж, бичиж авч байгаа юм. Эхээс гарсан шовшоорой их жижигхэн. Ихэнхдээ 650-700 грамм жинтэй байдаг. Яг л муурын зулзага шиг цоохор зүстэй.
Ц.АРИУНЗАЯА
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
"И.А.МОИСЕЕВИЙН ЧУУЛГА АРДЫН БҮЖИГТ ТОМ ГАВЬЯА БАЙГУУЛСАН"
Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Игорь Моисеевийн нэрэмжит ОХУ-ын Ардын бүжгийн эрдмийн чуулга Монгол Улсад дөрөв дэх удаагаа хүрэлцэн ирж, ирэх долоо хоногийн Мягмар, Лхагва гариг буюу есдүгээр сарын 3, 4-нд тоглолтоо хийсэн билээ. Игорь Александрович Моисеев бол дэлхий дахинд Оросын нэр хүндийг өргөөд зогсохгүй, ардын бүжиг бол дэлхийн соёлын өв юм гэдгийг батлан харуулсан эрхэм. Тэрбээр Монгол Улсад уригдан, ажиллаж байх хугацаандаа Ц.Сэвжид гуайтай танилцаж, дотнын анд нөхөр бололцож, харилцан туршлага солилцож байв. Тэр цагаас хойш монгол ардын бүжиг, бүжигчид дэлхийд танигдаж, Орос-Монголын соёлын харилцаа оргил үедээ хүрч байсан түүхтэй. Монголын бүжгийн урлагт оруулсан хувь нэмрийг нь Монголын төр үнэлэн 1947 онд БНМАУ-ын “Алтан гадас” одон, 1976 онд Д.Сүхбаатарын одонгоор шагнаж байв. Дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан, агуу бүжиг дэглээч Игорь Александрович Моисеев, түүний монгол ардын бүжгийн урлагт үзүүлсэн ач гавьяаг мэдэх цөөн хүний нэг бол Сэвжидийн Сүхбаатар юм. Сэвжидийн Сүхбаатартай цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Игорь Моисеевийн нэрэмжит ОХУ-ын Ардын бүжгийн эрдмийн чуулга Монгол Улсад дөрөв дэх удаагаа хүрэлцэн ирж, тоглолтоо хийх гэж байна. Таны эцэг Ц.Сэвжид Игорь Моисеевтэй дотнын анд нөхөр байсан гэдэг. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-ЗСБНХУ 15 холбооны улстай байх үед тэдгээр улсын түүхэн уламжлалыг хадгалсан бүжгийн чуулгыг Игорь Моисеев хэмээх агуу бүжиг дэглээч санаачлан, 1937 онд байгуулсан юм. Игорь Александорвич Моисеевийн чуулга 1937 онд байгуулагдаад анх удаагаа гадаадад тоглолт хийсэн нь БНМАУ байлаа. Энэ чуулга Монголд 1942 онд анх ирэхэд миний аав Ц.Сэвжид Цэргийн дуу, бүжгийн чуулгад ажиллаж байсан. Цэргийн дуу, бүжгийн чуулгынхан Оросын мэргэжилтэн багш нараар бүжиг заалгаж байсан үе. Энэ үед аав маань Игорь Моисеевтэй танилцаж, дотно найзалж, бүжиг заалгах их хувь тохиосон юм. Цэргийн дуу, бүжгийн чуулгад аав маань Гомбо, Долгорсүрэн зэрэг алдартай бүжигчидтэй хамтран ажиллаж байв. Харин Оросын мэргэжилтэн багш нар орос ардын бүжиг, Кавказ бүжгийг зааж өгч байсан. Мөн Цэргийн дуу, бүжгийн чуулгад ажиллаж байсан орос багш нар гоцлол хөдөлгөөн болох трук зааж өгөв. Аав маань пляска хөдөлгөөнийг маш сайн хийдэг байсан гэж үеийнхэн хүмүүс ярьдаг.
-Игорь Моисеевийн нэрэмжит чуулга Монголын ардын бүжгийн чуулгад маш том гавьяа байгуулсан гэж ахмад уран бүтээлчид ярьдаг. Энэ талаар та дурсахгүй юу?
-Игорь Моисеевийн нэрэмжит чуулга 1942 онд Монгол Улсад анх хүрэлцсэн ирж, тоглолтоо хийсэн. Дараа нь 1972 онд Монголд хоёр дахиа ирсэн. Тухайн үед аав маань Ардын дуу, бүжгийн чуулгын Ерөнхий бүжиг дэглээч болчихсон байсан үе. Анх хоёулаа хальт уулзаж, танилцаж байсан бол 1972 онд дахин уулзахдаа монголын бүжгийн хөгжлийн тухай, Монголын түүхэн уламжлалын тухай ярилцсан түүхтэй. Энэ үед аав маань Монгол Улс нэгэн том багт бүжгээ бүжиглэхгүй байгаа талаар Игорь Моисеевд дуулгасан юм. Энэ бол цамын бүжиг. Энэ цамын бүжгийг үлгэрийн сэдэвт оруулан, хамтарч бүжиг дэглэж болох уу гэсэн асуудлыг Игорь Моисеевд тавьсан. Игорь Моисеев Монголын цамын бүжгийг судалж, “Үлгэрийн бүжиг” гэж нэрлээд цамын бүжгийг дэглэж, зарим хийж болохгүй байсан бүжгийг нь Оросын Моисеевийн чуулгын бүжигчид бүжиглэхэд Монголд гарцаагүй хийж болох юм аа гэдгийг хүлээн зөвшөөрч, дараа нь Ц.Сэвжид Монголдоо цамынхаа бүжгийг дэглэж, “Цагаан өвгөн” багт бүжгээ дэглэж, мөн “Төгсгөл” кинонд цамын бүжгийнхээ анхны дэгийг оруулж өгсөн байдаг. Мөн Ц.Сэвжид цамын бүжгээс гадна, монголын хүүхэлдэйн бүжиг, “Адуучин” бүжгээ Игорь Моисеевийн чуулгад зааж өгч байсан. Энэ мэтчилэн түүхэнд мартагдсан бүжгийг аав маань Игорь Моисеевд ярьж өгч, Игорь Моисеев монгол бүжиг дэглэж, бие биеэсээ харилцан суралцаж, мэргэжлийн багш нарыг солилцох, ажиллуулах зэрэг хамтын нөхөрлөл, хамтын ажиллагааг эхлүүлсэн.
Игорь Моисеевийн нэрэмжит чуулга болон Оросын мэргэжилтэн багш нар Монголд орос ардын бүжгээс гадна дэлхийн сонгодог бүжгийг заан сургаж байсан. Игорь Моисеевийн нэрэмжит чуулга Монгол Улсад хоёр дахиа ирэхэд би Ардын дуу, бүжгийн чуулганы бүжигчин байсан. Оросын мэргэжилтэн багш нараас балет бүжиг, европын бүжиг, дэлхийн үндэстний бүжгийг заалгуулсан. Монголын Ардын дуу, бүжгийг чуулгын уран бүтээлчид ЗХУ-ын төдийгүй дэлхийн үндэстний бүжгийг орос багш нараар заалгаж, бүжиглэж, тоглолт хүртэл хийж байв.
Э.УРАНЦЭЦЭГ
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Холбоотой мэдээ