Жанжин Ж.Лхагвасүрэнгийн “Халхын гол” ном дахин хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

Жанжин Ж.Лхагвасүрэнгийн “Халхын гол” ном дахин хэвлэгдлээ

Халхын голын байлдаанд Монголын цэрэг армиа удирдсан залуу жанжин Жамъянгийн Лхагвасүрэнгийн “Халхын гол” номын хоёр дахь удаагийн хэвлэлтийн нээлт өчигдөр /2019.08.30/ “Интерном” дэлгүүрт боллоо.

Хурандаа генерал Ж.Лхагвасүрэн 1912 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошууны нутаг (одоогийн Булган аймгийн Майхан сум) Хүрэмтийн голын эх Тэмээн жалга хэмээх газар мэндэлжээ.

1925 онд хошууны бага сургууль буюу танхимын сургуульд суралцаж төгсөөд, хошууны тал бичээч, бичээч, улмаар 1929-1932 онд Богд хан уулын аймагт бичээчийн алба хашиж байгаад 1932 онд ардын цэрэгт сайн дураараа мордож, Тамсагбулагийн 15 дугаар морьт хороонд цэргийн алба хаах хугацаандаа жагсаалын цэрэг, хороо, дивизийн эх зохиогч, нууцын даргаар ажиллаж байв. 1935 оноос Москва хотноо В.И.Лениний нэрэмжит цэргийн академийн цэргийн улс төрийн курст суралцаад, 1939 онд төгссөн аж.

Номыг анх 1979 онд БНМАУ-ын Улсын хэвлэлийн газраас эрхлэн ШУА-ийн хэвлэх үйлдвэрт хэвлэн гаргасан түүхэй. Зохиолч Л.Чойжилсүрэнгийн редакторлосон энэ ном 1975 оны зургадугаар сард өрөлтөнд орсон боловч даруй 4 жил хэвлэх үйлдвэрт байсаар 1979 оны долдугаар сард хэвлэгдсэн аж.

Энэхүү номд Халхын голын дайн эхлэхээс өмнөх үе, давшилтад бэлтгэх үе, ерөнхий давшилт, дайны төгсгөл, үр дүн, сургамж зэрэг бүлгүүд оржээ.

Номын оршилд тайлбар эргэцүүлэл бичсэн цэргийн түүх судлаач профессор хурандаа С.Баатар, “Түүхийг бүтээгч гол дүр, түүхийн амьд гэрч энэ хүний “Халхын гол” ном бол давтагдашгүй, үнэлж баршгүй эрдэнэс мөн. Нөгөөтэйгүүр, зөвхөн цаг хугацааны төдийгүй нийгэм-улс төр, оюун санааны огт өөр буюу субъектив хүчин зүйлийн нөлөө хүчтэй ноёрхсон нөхцөлд бичигдсэн энэ бүтээлд зарим тодотгол, тайлбар хийх замаар нөхөн гүйцээх шаардлага байхыг үгүйсгэхгүй.

Залуу жанжны хүү Л.Лхагва: -Номыг дахин хэвлэгдсэнд туйлын баяртай байна. Дайны үед амьдарч байсан миний үеийн хүмүүс, одоо түүхийг гэрчлэх амьд гэрчүүд цөөрсөөр байна. Тэглээ гээд бид түүхийг худлаа гуйвуулж болохгүй үнэнээр нь байлгах ёстой. Залуу үеийн хүүхэд залуус бол төдийлөн түүхээ сайн мэдэхгүй ном товхимол уншихаа больсон харагдаж байна. Залуу үеийнхэндээ түүхийг нь сануулж сургаж байх хэрэгтэй. Учир нь өнөөдрийн энэ Монгол Улс гэдэг дайны жилүүдэд дайтаж байсан тэдгээр баатруудын гавьяагаар бүтээгдсэн юм шүү дээ. Үүний сацуу бид энэхүү номыг арван жилийн сургалтын хөтөлбөрт оруулахыг хичээн ажиллаж байгаа.

Түүх судлаач, профессор, хурандаа С.Баатар: –Тухайн түүхэн үйл явдалд оролцсон бүх монголчуудын манлайллын төлөөлөл бол яахын аргагүй Жамъяангийн Лхавгасүрэн мөн. Дайнд оролцож байсан цэргүүдийн эр зоригийг үнэлж баршгүй юм. Уг номыг бид үнэ цэнэ, утга санааг нь алдагдуулахгүйгээр хүмүүст түүхэн сургамж авахад хэрэгтэй зүйлсийг оруулсан. Энэ түүхээ бид үр хойчдоо алхам алхмаар үлдээх ёстой юм.

Уншигч: –Намайг хүүхэд байхад Ж.Лхагвасүрэн жанжныг бүгд мэддэг байсан. Ард түмэн, улс орноо амар тайван байлгахад маш их хувь нэмэр оруулсан хүн. Миний хувьд баатар гэдэг цолоос өөр хамгийн хүндтэй цолыг авах ёстой хүн гэж боддог. Эргээд бодоход Халхын голын дайнд орсон зөвхөн цэрэг хүртэл бидний хувьд баатар байх ёстой гэсэн сэтгэгдэл энэхүү номыг нээх төдийд л төрж байна.

 

Э.ХАНДСҮРЭН

Зургийг: wikipedia.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж