Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгож, байгууллагын цэцэрлэгийн тоог жил бүр 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгагдсан бөгөөд мөн Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 183 дугаар тогтоолоор “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг нэмэх талаар авах зарим арга хэмжээний тухай” баталсан юм.
Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар албан хаагчдынхаа ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт олгох зорилгоор байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэг байгууллаа. Тодотговол, Гадаадын иргэн, харьяатын газрын “Б” байранд үйл ажиллагаа явуулж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дэргэдэх гадаадын иргэнийг саатуулах байрыг ХЗДХЯ-ны зөвшөөрлөөр нүүлгэн шилжүүлж, дунд, ахлах, бэлтгэл гурван бүлэг бүхий 75-100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг болгон өөрчилж, есдүгээр сарын 2-ны өдөр хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болсон байна.
Тус цэцэрлэгт Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын хүүхдүүдээс гадна ХЗДХЯ-ны харьяа агентлаг байгууллага болох Архивын ерөнхий газар, ШШГЕГ-ын 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн албан хаагчдын хүүхдүүд болон байгууллагын төв байрны ойролцоо амьдардаг сургуулийн өмнөх насны хүүхдүүд хамрагдах боломжийг бүрдүүлсэн аж.
Цэцэрлэгийн тохижилтын үйл ажиллгаанд тус байгууллагын төсвийн хэмнэлтээс 50 гаруй сая төгрөгийн төсөв зарцуулснаас гадна Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага, “Болд төмөр Ерөө гол” ХХК, “Ворлд Шэйр” төрийн бус байгууллага нь санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж анги танхимын сургалтад зориулсан тавилга, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, тавилга, эд зүйлс, тоглоом хэрэгсэл, гадна талбайн иж бүрдлийг хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд нийлүүлж, хүүхдийн сайн сайхны төлөө дэмжиж ажиллажээ.
Ийнхүү байгууллагынхаа дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулах нь албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ГИХГ
Холбоотой мэдээ