БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ядуурлыг бууруулсан туршлагаас суралцана

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ядуурлыг бууруулсан туршлагаас суралцана

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ядуурлыг бууруулсан туршлагаас суралцана

Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд хоёр орны хооронд соёл, хүмүүнлэгийн олон ажил зохион байгуулж байгаа юм. Түүний нэг чухал хэсэг нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засах тухай” номын I боть, “Ядуурлаас ангижруулахуй” ном анх удаа монгол хэлээр хэвлэгдэн уншигчдын гарт хүрлээ.

Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд хоёрт эрэмблэгддэг БНХАУ нь өдгөө 1.3 тэрбум хүн амтай. Тус улсын дарга Ши Жиньпин 2012-2018 онд 84 сая тариачныг ядуурлаас ангижруулж чаджээ. Түүний  улс орныхоо эдийн засгийг сэргээхэд барьсан бодлого, ядуурлыг бууруулж чадсан арга туршлагуудыг эдгээр номд өгүүлсэн байна.  Дээрх хоёр бүтээл нь мөн Англи, Франц, Герман, ОХУ, Араб, Испани, Япон зэрэг дэлхийн олон хэлд орчуулагджээ.

Эл номын нээлт, эрдэм шинжилгээний хурал  өнөөдөр /2019.08.30/ Гадаад харилцааны яаманд болсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын газрын дэд дарга Жиан Шиэн Гуо, БНХАУ-ын Гадаад хэлийн ном хэвлэн түгээх газрын дэд дарга Лү Цайрун нарын төлөөлөгчид оролцлоо.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засах тухай” номын I боть, “Ядуурлаас ангижруулахуй” номыг монгол хэлээр эмхэтгэн гаргахад хоёр орны 22 эрдэмтэн судалгаа шинжилгээний ажилд хамтран ажиллаж, Монгол хэлээр орчуулах, хянан тохиолдуулахад хоёр сар гаруйн хугацааг зарцуулжээ. Эдгээр ном нь цаг үеэ олсон хийгээд Монгол Улсын эдийн засгийн хөгжил, ядуурлыг бууруулахад томоохон гарын авлага болж буйг албаны хүмүүс онцоллоо.

БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНИЙ БҮТЭЭЛҮҮД САЛБАР  БҮРИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ШИРЭЭНИЙ НОМ БОЛНО 

Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН:  

-Монгол Улс БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тохиож байна. Энэ түүхэн хугацаанд манай хоёр орны харилцаа олон шалгуурыг даван туулж өнөөгийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрсэнд бид сэтгэл хангуулан байгааг илэрхийлье. Түүхт ойг хоёр талаас жилийн турш хамтран тэмдэглэхээр тохиролцож улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, орон нутгийн чиглэлээр олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хоёр бүтээл нь улс төр, соёл, түүх, бизнес, нийгэм бүх шатны анхааралд хүрч төр нийгмийн зүтгэлтнүүд салбар бүрийн мэргэжилтэн үзэж судлах ширээний ном болсон байна. Уг бүтээлд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн 2050 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн босгон дээр Хятадын онцлогтой хөгжингүй социализмыг цогцлоон байгуулна гэсэн зорилтот хүрэхийн төлөө тус улсаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл орсонд уншигч олны анхаарал татсан сэдэв гэдэгт эргэлзэхгүй байна.

Хоёр орны найрамдалт харилцаа  нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, эдийн засгийн хөгжлийн тус тусын замыг харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр амжилттай хөгжиж байна.

БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНИЙ НОМЫГ НАРИЙВЧЛАН СУДАЛНА

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР:

-Монгол Улс БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тэгш ой тохиож буй. Тэмдэглэлт ойн хүрээнд улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн олон арга хэмжээг зохион байгуулж байна. Түүн дотроос номын арга хэмжээ их чухал. Ер нь хөрш орнуудын бодлого орон зай, цаг хугацааг дагаад хаашаа хэрхэн өөрчлөгдөж буйг мэдэхийн тулд хамгийн гол шийдвэр гаргагчийн бичиж буй номуудыг олж уншиж, судлах нь зүй юм. Бодлого гаргана гэдэг ном, судалгаан дээр тулгуурлаж гаргадаг. Тэрхүү судалгааг хийхийн тулд тухайн улсын  бодлого гаргагчдын тархинаас ундарч буй мэдээлэл туршлагыг бичсэн номыг уншиж, судалж байж арга барил, туршлагаас нь судлах боломж бүрдэнэ. Жишээ нь, би дипломат хүн. Хөрш орнуудын гол шийдвэр гаргагчдын номуудыг ажил мэргэжлийн дагуу уншиж, мэдэж байх ёстой юм. Иймд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бичсэн “Төр улсыг засах тухай” номын I боть, “Ядуурлаас ангижруулахуй” ном монгол хэлээр хэвлэгдэн гарч буйд баяртай байна. Цаашид манай яам эдгээр ном дээр нарийвчлан ажиллаж, судалгаа хийнэ.

ЯДУУРЛЫГ БУУРУУЛСАН ХЯТАДЫН ТУРШЛАГЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.БАТСҮХ: 

– БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бичсэн хоёр бүтээл монгол хэлээр анх удаа хэвлэгдэн уншигчдын гарт хүрч буй нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой. Учир нь манай улс сүүлийн 20  жил хөгжил дэвшлийн амаргүй замыг туулж яваа. Үүнээс тулгамдаж буй томоохон асуудлын нэг нь ядуурал. Нийгмийн хэмжээнд яригдаж буй ядуурлыг бууруулахад олон улс орнуудаас тусламж дэмжлэгийг олон жилийн турш авч ирсэн. Энэ хүрээнд маш их төсөл хөтөлбөр хэрэгжиж буй ч өнөөдөр ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эдийн засагчид, онолын судлаачид, гаднын судлаачдын судалгааны дүнгээр тодорхой харагддаг. Хөрш улс хэрхэн олон сая ядуу тариачдыг ядуурлаас ангижруулсан бэ гэдэг асуултын хариултад онол практиктикийн талаас хариулсан байгаа юм. Тиймээс БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засах тухай” номын I боть, “Ядуурлаас ангижруулахуй” ном нь танин мэдэхүйн ач холбогдолтой юм.  Өнөөдөр нээлтээ хийж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бичсэн хоёр бүтээл  Монголд ядуурлыг бууруулахад ашиглах онол практикийн туршлагыг танин мэдэхэд хэрэг болно гэж бодож байна.

ШИ ЖИНПИНЬ ДАРГЫН БҮТЭЭЛҮҮД ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫГ  СУДЛАХ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ 

БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын газрын дэд дарга Жиан Шиэн Гуо: 

-Улаанбаатар хотод ирж та бүхэнтэй хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засах тухай” номын I боть, “Ядуурлаас ангижруулахуй” монгол хэвлэлийн номын нээлт, Монгол-Хятадын засаглалын тухай эрдэм шинжилгээний хуралд оролцож буйд сэтгэгдэл өндөр байна. Ши-Жиньпин дарга 2013 онд БНХАУ-ын удирдлагаар томилогдсоноос хойш ард түмнийг удирдан жолоодохдоо хуримтлуулсан мэдлэг, гаргасан шийдвэр, туршлагадаа тулгуурлан гаргасан шийдвэр илтгэл өгүүллүүдээ эдгээр номдоо оруулсан. Эдгээр бүтээлүүд нь БНХАУ-ын төрийн бодлого, орчин үеийн хөгжлийн тулгуур, эдийн засгийн бодлогыг судлах чухал ач холбогдолтой юм гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж