Сайд Ц.Нямдоржийг бухимдуулсан баян гишүүд

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Сайд Ц.Нямдоржийг бухимдуулсан баян гишүүд

Сайд Ц.Нямдоржийг бухимдуулсан баян гишүүд

Ардын намынхан барилцаж авахаас наахнуур юм болцгоож, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-аар уг төслийн хэлэлцүүлгийг хийх болохоор нэг бол техникийн саатал гарч, ажил хариуцсан хүн нь орцондоо зодуулдаг. Техникийн гацаа арилаад ажил үргэлжлэх болоход Засгийн газрын гишүүд нь эс бол УИХ-ын сул гишүүд нь ирэхгүй ээлжилж янз үзэх болсонд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж цухалдаж, өнөөдөр хуралдаа ирээгүй УИХ-ын гишүүдээ баян тарганаар нь дуудаж хүртэл үзэв.

Сайд Ц.Нямдоржийн тодорхойлсноор баян тарган гишүүнд нь Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, О.Содбилэг нар багтсан бол онгоцонд суугаад алга болсон гишүүн нь Чингэлтэй дүүргээс сонгогдсон Д.Ганболд, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан нь  Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд, Ч.Хүрэлбаатар нар аж.

Мөн тэрбээр “Бид нар та нараас ичиж байна. Энэ этгээдүүдээс болж О.Баасанхүү гишүүнээр өдөр бүр бичлэг хийлгүүлж, Б.Пүрэвдорж гишүүнээр өдөр бүр загнуулж байна. Хүний өмнөөс ичих шиг адгийн зүйл байдаггүй юм байна. МАН-ын парламентын бүрэлдэхүүн ийм сахилгагүй байсныг би энэ 30 жилийн хугацаанд үзээгүй юм.  Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд л тааллаараа ирнэ гэж Үндсэн хуульд бичсэн байдаг. Бусад нь энд сууж байх ёстой. УИХ-ын даргад сая нэр дуудсан баян, тарган гишүүдээ дууд гэсэн горимын санал гаргамаар байна. Хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхахгүй гэж Үндсэн хуульд бичсэн байдаг. Хөрөнгөндөө аархаад байгаа юм уу, эд нар. Өөрсдийнх нь хөдөлмөрлөж бий болгосон хөрөнгө биш л дээ. Гарал үүслийг нь гадарлана. Хэзээ энэ хурал чинь сахилгатай болох юм. АН эрх барьж байхад ирцгүй байнгын хэрүүл болж байдаг. Ардын намынхан энэ тал руугаа явлаа. Ардын намын харьяалалтай 40 шинэ гишүүн бий. Та нар хэзээ бид нарын дараа төрийг төр шиг аваад явах юм бэ. 2016 онд та нарыг нялх хүүхдүүд нэр дэвшиж байхад мань мэт цагаан магтаалаар магтаад явж байсан. Та нарыг Монголын төрд ажиллах болох уу гэж горьдож байсан. Хаана байна. Мань мэтийн сэтгэл рүү ус хийж, сонгосон ард түмний сэтгэл рүү битгий ус хийгээч, та нар. Бид нар явна. Биднийг явсны дараа та нар яаж төр барих юм бэ?
Албан тушаал мөнгөнөөс өөр бодох юм байхгүй. Ажилдаа цагтаа ирж сур. Унтаад байх юм. Бараг л цэцэрлэгийн хүүхдээс дор. Шөнөжин баардаад яваад байдаг юм уу. Арай хэтэрч байна. УИХ-ын дарга шаардлага тавиач. Тусгай дархан эрхтэй гишүүн нэг ч байхгүй. Тэр тусмаа Үндсэн хууль хэлэлцэж байхад. Намайг загнаж байна гэх байх. Би загнаж байна тэгээд юу гэж. Надад тийм ёс суртахууны эрх байгаа байх” гэлээ.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж