Монгол Улс, ОХУ хоорондын гэрээний төслийг зөвшилцлөө | News.MN

Монгол Улс, ОХУ хоорондын гэрээний төслийг зөвшилцлөө

Монгол Улс, ОХУ хоорондын гэрээний төслийг зөвшилцлөө

Монгол Улс, ОХУ хоорондын гэрээний төслийг зөвшилцлөө

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.08.30/ болж, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын дарга ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын талаар гаргасан захирамждаа нэмэлт, өөрчлөлт оруулан дээрх асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан гэдгийг хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан онцолсон.

Түүнчлэн тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Хуулиар Улсын Их Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн дундуур хэлэлцэн шийдвэрлэж болно” хэмээн заасныг дурдаад, дээрх гэрээний төсөлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийх айлчлалын үеэр буюу ирэх 09 дүгээр сарын 03-ны өдөр гарын үсэг зурахаар хоёр улс ноот бичиг солилцон хугацааг тогтоосон хэмээсэн юм.

Гэрээний төслийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа.

Манай улс ОХУ-тай Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг 1993 онд, мөн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалыг 2009 онд байгуулсан байна. Манай улс БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг 2014 онд тогтоосон бөгөөд ОХУ-тай хөгжиж буй харилцааны өнөөгийн түвшин болон Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох үүднээс ОХУ-тай дээрх баримт бичгүүдийг шинэчлэн байгуулж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор тохиролцоод байна гэлээ. Энэхүү гэрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 09 дүгээр сард Монгол Улсад хийх төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Гэрээний төслийг Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд Олон улсын гэрээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэг болон 11 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлээд буйг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдсан.

УИХ-ын гишүүн С.Батболд, дээрх баримт бичгүүдийг шинэчлэн байгуулснаар агуулгын хувьд ямар өөрчлөлт орж байгааг тодруулаад, гэрээний хамт хоёр улсын харилцаанд үр өгөөж авчрах өөр баримт бичиг байгуулагдах уу гэж асуусан.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хариулснаар, гадаад бодлогын үзэл баримтлалдаа нийцүүлэхийн тулд Стратегийн түншлэлийн харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хэмээн томьёолж шат ахиулж буй бөгөөд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээрийг үүнтэй холбогдуулан өөрчилж буй аж.

Стратегийн түншлэлийг өргөтгөж буй учир агуулгын өөрчлөлт орохоос гадна инноваци, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах, соёлын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх гэх мэт хэд хэдэн заалтууд нэмэгдэж байгаа юм байна. Энэхүү суурь хэлэлцээрийн дараа олон хэлэлцээрүүд байгуулагдах бөгөөд энэ удаагийн айлчлалын үеэр 11 гэрээ, хэлэлцээр байгуулагдахаар яригдаж байгаагийн тав нь байгууллага хоорондын хэлэлцээр байгаа гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс ОХУ хоорондын гэрээний төсөлд гарын үсэг зурахыг зөвшөөрье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

болдоо 2019-08-30 202.126.88.188

найрсаг харилцаа гэдэг дор юуг ойлгоод бна аа, бүхий л оронтой найрсаг харилцаатай биш бил үү? эсвэл орост найр тавина гэсэн үг юм уу? ккккк ойлгомжгүй бна ….. ийм нэр томьёогоо одоо болье оо, эрх баригчид аа

Avatar

Зочин 2019-08-30 202.131.227.30

Монголоос бараа авахдаа 30-60 хувь татвар төлдөг байдлыг хэзээ өөрчлөх вэ Гадаад харилцааны сайдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж