Химийн салбарын Нобелийн шагналтан, профессор Ноёори Рёожи лекц уншлаа

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Химийн салбарын Нобелийн шагналтан, профессор Ноёори Рёожи лекц уншлаа

Химийн салбарын Нобелийн шагналтан, профессор Ноёори Рёожи лекц уншлаа

Монгол Улсын Их Сургууль нь хөгжлийн стратеги төлөвлөгөөндөө “МУИС нь шинжлэх ухааны мэдлэг, ололт амжилт, нээлтүүдийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, нийгмийн тусын тулд ашиглах, нийгэмд тулгарч буй нийгэм, эдийн засаг, техник технологи, хүрээлэн буй орчны өргөн хүрээтэй асуудлаар судалгаа хийж, шинжлэх ухааны үндэстэй шийдлийг санал болгох, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, төр-хувийн хэвшил-аж үйлдвэр-их сургуулийн түншлэлийг хөгжүүлэх замаар нийгмийн өмнө хүлээсэн өөрийн үүргээ гүйцэтгэж, мэдлэгээр манлайлагч байна” гэж заасан байдаг.

Монгол Улсын ууган, нэр хүндтэй их сургуулийн хувьд МУИС нь нийгмийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээх үүрэг, дээрх зорилтынхоо хүрээнд МУИС-Нобелийн шагналтны цуврал лекцийг зохион байгуулдаг билээ.

Нобелийн шагналтан, профессор Ноёори Рёожи өнөөдөр /2019.08.29/ Монголын их, дээд сургуулиуд, ШУА болон эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн, багш, судлаачдад зориулан “Where am I from? Where are you going?” лекцийг Новотел зочид буудлын хурлын танхимд уншлаа.

Мэдлэгийн сан болон шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээснийг үнэлдэг охь шагнал нобелийн шагналыг хүртсэн эрдэмтдээр багш судлаачид болон олон нийтэд зориулж лекц уншуулан залуу үеийг шинжлэх ухаанд дурлуулж, олон нийтийг соён гэгээрүүлэх үлэмж чухал билээ.

Монгол Улс мэдлэгт суурилсан нийгэм, судалгаанд суурилсан хөгжилд зорин Монгол Улсын засгийн газраас “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг 2017 онд шинэчлэн боловсруулж, “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж эхэлж байгаа энэ үед Япон Улс, япон эрдэмтдийн мэдлэг, чадвар, туршлага бидэнд нэн чухал байна.

Үүний нэг жишээ болж Нобелийн шагналаас гадна Япон, Нэгдсэн вант улс, АНУ, Израйл, Швед, ОХУ-ын нэр хүндтэй шагналыг хүртсэн, 8 улсын шинжлэх ухааны академийн гишүүн, РИКЭН судалгааны төвийн захирал, Японы боловсролын яамны газрын даргаар ажиллаж байсан туршлагатай, Японы шинжлэх ухаан, технологийн агентлагийн харьяа Стратегийн хөгжил, судалгааны төвийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж буй Ноёори профессорын төр засгийн удирдлага, залуу эрдэмтэдтэй хийх уулзалт болон олон нийтэд зориулсан лекц нь Монголын залуу үед оюуны үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болж байгаа юм.

 

Ноёори профессорын нээсэн асиметрик устөрөгчжүүлэх катализаторын судалгааг үндсэн хими болон химийн бусад салбаруудад хэрэглэснээр химийн салбарын эрдэмтдийн хирал органик молекулын судалгаа илүү өндөр түвшинд хүрч, цаашлаад биологи, физиологийн салбарын үйлдвэрлэлд өргөн хэмжээгээр нэвтрэх болсон. Түүнчлэн түүний суперкритик нүүрстөрөгчийн давхар ислийг катализийн урвалд орчин болгон хэрэглэх судалгаа нь химийн салбарт цоо шинэ ажил байж энэхүү устөрөгчийн хэт ислийн исэлдэлтийг нээсэн судалгаа нь НҮБ-ийн 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээн дэх хүрээлэн буй орчинд ээлтэй “Ногоон хими” хөтөлбөрт ихээхэн хувь нэмэр оруулж байгаа билээ.

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж