"Дрифт хийж байгаад бус уралдаж байгаад амиа алдсан"

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

"Дрифт хийж байгаад бус уралдаж байгаад амиа алдсан"

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дүнжингаравын зүүн урд замд өчигдөр /2019.08.29/ шөнө 03.00 цагт Субару импреза маркийн автомашин  дрифт хийж байгаад онхолдож, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан ноцтой осол болсон тухай мэдээлэл цацагдаж байгаа. Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа.


-Ослын газар дээр ажиллахад нөхцөл байдал ямар байсан бэ, осол гарах шалтгаан юу байв?

-Дрифт хийж байхдаа осолдсон гэж мэдээлсэн нь ташаа юм. Тухайн автомашин Субару импреза маркийн спорт загварын, нэмэлт тоноглолтой машин байсан. Олон улсад уг машиныг ралли уралдаанд тамирчид унаж оролцдог. Дөрвөн дугуйгаар мааждаг, мосттой гээд дрифт хийх ямар ч боломжгүй. Тууш замд огцом хурд авдаг, 2000 мотортой, нэмэлт турботой хүчтэй автомашин.

Осол болох үед тухай автомашин ижил төрлийн машинтай уралдаж, хүчээ үзсэн байх магадлалтай гэж урьдчилсан дүгнэлтээр гарч байна. Нөхцөл байдал дээр ажиллахад хүн болгон хараад байхааргүй, нүд хальтрам дүр төрхтэй.

Тээврийн хэрэгслийн дугуй салсан, аккумлятор нь шидэгдсэн, жолооч осол хийсэн цэгээс маш хол зогссон гэх мэт. Энэ нь ямар их хурдтай явсныг харуулж байна. Одоогоор хурдыг тодорхойлох боломжгүй. Осолд орсон иргэд 22-25 насны залуус байсан. Ер нь жолооч нартаа анхааруулж хэлэхэд Хятад улсад үйлдвэрлэсэн обуд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Жижиг нүх, чулуу дайрангуут обуд хагарч, үүнээс болж онхолддог, мөргөлддөг ослууд их гарч байна.

-Монголд дрифт хийхийг зөвшөөрдөг үү, шаардлага хангасан зам байдаг уу?

-Энэ бол сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа спорт. Гэхдээ өчигдрийн осол дрийфттэй холбоогүй шүү. Гэхдээ энэ төрлөөр хичээллэдэг мэргэжлийн бус сонирхогч залуус ийм осолд орохгүй гэх баталгаа алга.

Залуус гадаадын кино, видео шторкуудыг үзээд даган дуурайх гэж оролддог. Гэтэл энэ нь өөрөө компьютерийн хосолмол аргаар хийсэн дүрс, хөдөлгөөн. Кинон дээр гарч байгаа нь бодит байдал дээр өөр байдаг. Мөн энгийн унаж яваа машинаараа дрифт хийж байна.

Гадаадын улсад дрифтийг зориулалтын төмөр карказтай, хөнгөн, ямар нэгэн байдлаар онхолдох, эргэх үед зорчигч, жолооч руу тээврийн эд анги орохооргүй, хайрцагласан байх, зориулалтын хамгаалалт малгай, дуулгатай, бүстэй, тусгай сандалтай, дугуйтай, зориулалтын талбай дээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хийдэг. Гэтэл манай улсад нийтийн хэрэгцээний шаардлага хангахгүй автомашинаар хийх гэж оролддог. Нийслэлд бол дрифт хийх зориулалтын зам байхгүй. Дүнжингаравын зам бол шаардлага хангаагүй. Налайх дүүрэгт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан дрифт хийх талбай бол байгаа. Тэнд мэргэжлийн тамирчид, зориулалтын автомашинаар дрифт хийдэг.

-Ер нь манай улсад энэ төрлийн осол аваар хэр бүртгэгддэг вэ?

-Сүүлийн жилүүдэд дрифт сонирхож байгаа залуучууд осол гаргах тохиолдлууд тодорхой хэмжээгээр бүртгэгдсэн байгаа. Хоёр жилийн өмнө Багахангай руу уралдаан сонирхох гэж явж байхдаа дрифт хийж осол гаргаж байсан тохиолдол бий. Ер нь бол энэ спорт маш эрсдэлтэй.

-Оршин суугчдын зүгээс шөнө, орой амраахгүй байна гэж их ярьдаг. Танайд санал гомдол хэр ирдэг вэ?

-Иргэдийн амгалан тайван байдал алдагдуулж, том том уулзварууд дээр албаар шатааж, хүчилж ордог, шөнө оройн цагаар чанга дуутай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцдог, хүүхэд хөгшдийг цочоодог гэх мэт гомдлууд их ирдэг.

Дрифт хийх нь улирлын чанартай. Тээврийн цагдаагийн албанд зуны цагт ирж байгаа гомдлын 30 орчим хувь нь дрифттэй холбоотой байдаг.

-Үүнийг зохицуулсан хууль дүрэм байдаг уу, энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Гадаадын улс орнуудад дрифттэй холбоотой хууль дүрмүүд байдаг. Манай улсад дрифт хийх, моторын хүч үзэх, уралдах үедээ урсгал сөрсөн тохиолдолд эрхийн хасах арга хэмжээ авдаг. Мөн эгнээ барьж чиг өөрчлөх гэдгээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгоно. Бид эдгээр зөрчлүүдэд хяналтыг сайжруулаад байгаа боловч манай албан хаагчид хяналт тавьж хүрэлцдэггүй. Иргэд камергүй газар очоод дрифтлээд буй нь тэдний ухамсар, хэнэггүй байдалтай холбоотой. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ шөнө, оройн цагаар хэнтэй хаагуур явааг хянаж, анхаарах шаардлагатай байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
21
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж