УБТЗ-ын Айраг-Алтганы гол өртөөдийн хоорондын замд хийх замын их засварын ажил энэ сарын 16-нд эхэлж 8,4 км замын засвар хийгдээд байна. Өмнө нь УБТЗ-ын Зам засварын машинт станцын хамт олон энэ жил улсын хойт хилээс Сүхбаатар өртөө хүртэлх 5,5 км их засварын ажлыг хийж гүйцэтгээд байсан юм. Энэ жил УБТЗ гол замдаа 40 километр замын их засварын ажил хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэснээр УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх болно. УБТЗ-ын тээврийн хэмжээ өдөр бүр тасралтгүй өсч байгаа учир өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангахын тулд замаа хүчжүүлж сайжруулах шаардлагатай болж байгаа юм. Энэ чиглэлээр УБТЗ онцгой анхаарч эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд гол замынхаа 70 хувийг Р65 зам төмөр бүхий бетон дэртэй болгоод байна. Энэ ажлыг өөрийн санхүүгийн боломжид тулгуурлан үе шаттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд ирэх жил 80 километр замын их засварын ажлыг гүйцэтгэх юм. Замын их засварын ажлыг тодорхой хуваарьт өдрүүдэд тухайн хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхой цагаар хааж гүйцэтгэдэг юм.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН
Холбоотой мэдээ