Их дээд сургуулиудын оюутны цахим картыг есдүгээр сарын 6-ны өдрөөс олгож эхэлнэ. Нийслэлийн боловсролын газарт шинээр карт олгох, захиалах хүсэлтэй оюутнуудын материалыг өнөөдрөөс /2019.08.30/ есдүгээр сарын 5-н хүртэл хүлээн авах юм байна. Иймд цахим карт захиалах оюутнуудын бүртгэлийг их дээд сургуулиуд энэ сарын 26-30-н хүртэл авч байгаа аж.
2019-2020 оны хичээлийн жилд нийт 14.194 оюутанд цахим карт олгох болсон гэдгийг нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар смарт карт” компанийнхан өнөөдөр /2019.08.30/ мэдээлсэн юм.
Оюутнууд цахим картаа 3600 төгрөгөөр захиалах бол 1000 төгрөгөөр дахин сунгах юм байна. Энэ жилээс смарт картын сунгалтын хугацааг уртасгаж есдүгээр сараас ирэх оны зургадугаар сар хүртэл сунгахаар өөрчлөлт оржээ. Энэ талаар Улаанбаатар смарт карт ХХК-ны Хамтын ажиллагааны мэргэжилтэн Х.Хонгорзул “Манай компани Нийслэлийн боловсролын газартай хамтран цахим картын сунгалтыг хийж байна. Өмнө нь картын сунгалтыг есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл компанийн байранд зохион байгуулдаг байсан. Картаа сунгуулах хүсэлтэй оюутнууд өөрсдийн карт, сунгалт хийх төлбөрөө төлсөн баримтаа сургуулийн захиргаа, сургалтын албанд хандан өгнө. Сургалтын албаас манай компанид оюутнуудын карт, нэрсийн жагсаалт, төлбөрийн баримтын материалыг ирүүлснээр картын сунгалт хийгдэнэ” гэлээ.
ЗАХИАЛАХ ХУГАЦААНДАА БҮРТГҮҮЛЖ ЧАДААГҮЙ ОЮУТНУУД ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХЭЭ АЛДАНА
Нийслэлийн боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.МӨНХБИЛЭГ:
– Их дээд сургууль, коллежийн оюутны цахим карт захиалах, сунгуулах хүсэлт гаргасан материалыг Нийслэлийн боловсролын газарт есдүгээр сарын 5-ны дотор ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн. Ингэснээр есдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн ажлын 3-10 хоногийн дотор их дээд сургуулиудын оюутнуудын тооноос хамаарч карт олгохоор төлөвлөөд байна.
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Д.ГАНЗОРИГ:
-Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас мэргэжлийн боловсрол сургалтын төв, политехник коллежийн оюутан залууст оюутны цахим картыг олгодог. Картыг “Сонор плаза” төвийн биржээр дамжуулан оюутан залууст олгоно. Карт олголтын ажил ямар нэгэн асуудалгүй байгаа. Картаа захиалахаар хожимдсон оюутнуудын тухайд хөнгөлөлттэй зорчих хугацаа нь хойшилж байна л гэсэн үг. Иймд хугацаандаа амжиж бүртгүүлэх ёстой. Оюутнууд цахим картаар есдүгээр сараас нэгдүгээр хүртэл, хоёрдугаар сараас зургадугаар сарын 8-н хүртэл өдөрт ирэх, очих байдлаар үнэ төлбөргүй зорчдог. Цахим карттай холбоотой асуудлаар оюутнуудын зүгээс аппликэйшн хэлбэрт шилжих тухай асууж, саналаа ирүүлдэг. Харин оюутнуудад картыг нь олгох хугацаанаас нь оройтуулсан асуудал байхгүй. Захиалах хугацаандаа бүртгүүлж чадаагүй оюутнууд автобусаар үнэгүй зорчих эрхээ алдаж байна л гэсэн үг.
Их дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим карт захиалахад дараах материалыг бүрдүүлнэ.
ШИНЭ ОЛГОЛТ
- Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх
- Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа хаягийн тодорхойлолт
- Картын төлбөр төлсөн баримт /цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөг /Худалдаа хөгжлийн банк-475014869 дансанд тушааж төлбөрийн баримтыг сургалтын алба болон сургуулийн захиргаанд өгөх//
ДАХИН ОЛГОЛТ / хаяж гээсэн, гэмтээсэн/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Сурч байгаа сургуулийн тодорхойлолт
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- Картын төлбөр төлсөн баримт /3600 төгрөг/,/Төрийн банк-105700523235 дансанд тушаах, төлбөрийн баримтыг сургалтын алба болон сургуулийн захиргаанд өгөх//
ДАХИН ОЛГОЛТ+СУНГАЛТ /Хаяж гээсэн гэмтээсэн /
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Сурч байгаа сургуулийн тодорхойлолт
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- Картын төлбөр төлсөн баримт
- Сунгалтын төлбөр төлсөн баримт /1000 төгрөг/, Төрийн банк-105700523235 дансанд тушаах, төлбөрийн баримтыг сургалтын алба болон сургуулийн захиргаанд өгөх//
СУНГАЛТ
- Оюутны цахим төлбөрийн карт
- Сунгалтын төлбөр төлсөн баримт 1000 төгрөг /Худалдаа хөгжлийн банк-475016875 дансанд тушааж сургалтын алба болон сургуулийн захиргаанд өгөх/
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ