УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ асуудлаар өнөөдөр /2019.08.30/ улс төрийн 17 намын төлөөлөл мэдээлэл хийлээ. Намуудын удирдлагууд дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд шаардлага хүргүүлж байгаа тухай мэдээлэв.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ЛУЙВАРЧДЫН ҮҮР УУРХАЙ БИШ
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульд халдсан хэрэг гэж үзнэ” хэмээн заасан. Харамсалтай нь, өнөөдрийн хэлэлцэж буй нэмэлт өөрчлөлт Монгол Улсын өнөөгийн үйлчилж буй Үндсэн хуулийг зөрчсөн, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг зөрчсөн бусад холбогдох хууль журмыг зөрчсөн төслийг өргөн барьж үүнийгээ хэлэлцүүлж байна. УИХ-ын хэлэлцүүлгээс иргэд үүнийг тодорхой харж буй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах бүх шатанд дараах зарчмыг мөрддөг.
Үүнд Үндсэн хуулийг дээдлэн сахих, ард түмний бүрэн эрхт байдал оролцоог хангах, хэлэлцүүлэг бодитой ил тод байх, иргэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэр эцэслэн батлагдах үе хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд улс төрийн нам олон нийтийн оролцоог хангана гэсэн зарчмуудыг өнөөгийн УИХ зөрчиж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг явуулж байна.
Төсвийн мөнгийг хулгайлдаг ЖДҮХС-аас завшдаг, төсвийн концессыг луйварддаг, охид бүсгүйчүүдийг хүчирхийлдэг гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болсон УИХ-ын гишүүд эрх мэдлээ өргөжүүлэхийн тулд гишүүдийн тоог 99 болгож Үндсэн хуульдаа халдаж болохгүй.
Энэ бол Монголын ард түмний эсрэг хийж буй гэмт хэрэг хэмээн үзэх хууль зүйн үндэслэл бүрдэж байна. Тэр дундаа 2016 онд 60 тэрбумаар төрийн албыг худалдах замаар төрийн эрхэнд хууль бусаар гарсан МАН Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь буруу. Үндсэн хуулийн Цэц үүргээ биелүүлж эхнээс нь шаардлага тавих ёстой. Бид өнөөдөр Цэцэд гомдлоо гардуулж өгнө. Үндсэн хуулийн Цэц ард түмэндээ үйлчлэхийг шаардаж байна" гэлээ.
ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧСӨН
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хууль Үндсэн хуулиа зөрчсөн бөгөөд бусад органик хуулиа зөрчиж хуйвалдан бүлэглэсэн, залилангийн шинжтэй болж байгаа нь өдрөөс өдөрт батлагдаж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль санаачлах үеэс зөрчсөн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүн санаачлан өргөн барих эрхтэй.
Гэтэл УИХ-ын 62 гишүүн нийлээд өргөн барьсан. Энэ нь өөрөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн журмын тухай хуулийг зөрчсөн. Хоёрдугаарт, хууль зөрчин өргөн барилаа. Үндсэн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг дууссан хойно хоёрдугаар хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгч төсөл өргөн барьсан. Энэ нь өөрөө нэгдүгээр хэлэлцүүлэгт яригдаагүй асуудлыг хоёрдугаар хэлэлцүүлэгт шууд оруулж ирээд одоо түүнд бүгд барьцаалагдаж, нэгийгээ шантаажилсан байдалтай сууж байна"гэлээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ