Ж.Ганбаатар: Хувийн хэвшлийг тоохгүй, төрийн албыг хэт их хамгаалсан заалт байна

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

LiveЖ.Ганбаатар: Хувийн хэвшлийг тоохгүй, төрийн албыг хэт их хамгаалсан заалт байна

Ж.Ганбаатар: Хувийн хэвшлийг тоохгүй, төрийн албыг хэт их хамгаалсан заалт байна
21 : 41
2019-8-30

Ж.Ганбаатар: Хувь хэвшлийг бус төрийн албыг хэт их хамгаалсан заалт байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Тухайлбал, Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албан хаагчийг халахгүй гэх заалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Төрийн албан хаагчийг шатлуулна гэж байсан боловч одоо зөвхөн мэдлэгтэй хүнийг оруулна гэж болохгүй. Сэтгэлтэй, зүтгэлтэй хүн гэж тодотгох нь зөв" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Хувийн хэвшилд ажилладаг хүмүүсийг хамгаалдаг нэг ч заалт оруулаагүй байж төрийн албан хаагчийн эрхийг хамгаалсан заалтыг Үндсэн хуульд тусгаж өгч байна. Энэ нь хүмүүсийг төрийн албанд ажиллах бус баялаг бүтээх хүмүүс багасгахаар байна. Тиймээс энэ заалт бол хүнийг ялгаварлан гадуурхсан заалт гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Энэ заалтыг олон нийт дэмжиж байгаа, манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Хөгжлийн бодлогын асуудлыг тавьж, хүмүүсийг ажилтай орлоготой байлгахад чиглэсэн заалт гэж хэлмээр байна. Төрийн албаны ёс зүйтэй холбоотой асуудлыг ч мөн тусгаж байгаа бөгөөд төрийн албанд хүнд суртал, авлига албан тушаалын асуудал байдаг учраас ёс зүйтэй, хариуцлагатай болгохын тулд Үндсэн хуульд оруулж өгч байна.  Төрийн албаа тогтвортой, мэргэшсэн, шатлан дэвших чадавхын зарчимтай, ёс зүйтэй хариуцлагатай болгохын тулд өөрчлөлт оруулж өгсөн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Төрийн албаны тухай хуулиар хангалттай зохицуулагдсан. Олон жил гарч ирсэн намууд төрийн албаны хуулиа зөрчиж, мөрддөггүй байсан. Хуулиа огт баримталдаггүй, биелүүлдэггүй учраас Үндсэн хуульдаа тусгаж байна гэж ойлголоо.  Төрийн албаны хуулиа сахиж, улстөрчдийн баг, улстөрчид хуулиа биелүүлдэг бол энэ асуудал гарахгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Төрийн албаны тухай хууль УИХ-аар батлагдаж 2020 оноос хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль ард түмэнд төрийн үйлчилгээг хүргэх, төрийн албаны нэр хүндийг өсгөх чухал хууль. Судалгаанаас үзэхэд, Монгол Улсын хөдөлмөр эрхэлж байгаа таван хүний нэг нь төрийн албанд ажилладаг, нийт хүн амд оногдох төрийн албан хаагчийн тоогоор тэргүүлдэг. Гэтэл төрийн албан хаагчдын ур чадвар, мэдлэг, ёс зүйтэй төрийн албан мөн үү гэхээр биш байгаа юм. Сонгуулийн дараа 30-40 мянган хүний хөдөлгөөн хийдэг улс манайхаас өөр байдаггүй юм билээ. Төрийн албанд улс төрийн албан хаагч нь 500 орчим, бусад нь төрийн жинхэнэ албан хаагч байдаг. Сонгуулийн дараа бол 30-40 мянган хүн ажлаас халагдана гэдэг эмгэнэл. Нөгөө талаасаа төрийн албаны зөвлөлийг илүү бие даасан болгох шаардлагатай. Цаашид Монголын төрд хамгийн чадварлаг, чадвартай хүмүүс орж ажиллах боломжийг Үндсэн хууль болон органик хуульдаа тусгах зайлшгүй шаардлага бий болсон.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Цаг орой болсон, гишүүд зарим нь ажилтай байгаа учраас өнөөдрийн чуулганыг завсарлуулж, ирэх долоо хоногийн Лхагва гаригт үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй болов уу” гэсэн горимын санал гаргасан юм. УИХ-ын чуулганы хуралдааныг ирэх долоо хоногийн Лхагва гариг буюу есдүгээр сарын 4-ний өдөр 10.00 цагт хуралдуулахаар боллоо.

Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

19 : 21
2019-8-30

Д.Эрдэнэбат: УИХ-ын даргын яриа, үйлдэл хоёр зөрж байна шүү

Чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж буй. Төслийн хүрээнд 150 гаруй зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж буй. Тухайлбал, Засгийн газрын өрийн хязгаарыг ДНБ-ний 60 хувьд хүргэх заалттай холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Ардчилсан намаас оруулсан өрийн дээд хэмжээг тогтоох тухай санал зүйтэй  гэж үзэж байна. Засгийн газрын өрийн дээд хэмжээ хязгаартай байх нь хүү бага, төсөв нь зөв зохицуулалттай байдаг бусад орны туршлага байна. Гэтэл манай улсын өрийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад өндөр байгаа учраас энэхүү саналыг оруулж ирсэн байх. Үндсэн хуульд тэр бүр гар хүрдэг хууль биш. Гэтэл нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг харахад Засгийн газрын өрийн дээд хязгаарыг тогтоох саналыг дэмжиж байна. Зээлийн дээд хязгаарыг тогтоохдоо хэд байх вэ гэдгийг хэлэлцэж шийдэх нь зөв. Улс эх орны эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, төсвийн сахилга баттай байсан үед буюу тодорхой баримтлах хугацаа зааж өгсөн нь дээр болов уу гэж бодож байна. Урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлэхэд маш нарийн тооцсон хөгжлийн бодлого хэрэгтэй.

Ингээд санал хурааж, Засгийн газрын өрийн дээд хязгаарыг тогтоохтой холбоотой заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үүний дараа Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байлгах аливаа асуулгыг ард нийтийн санал асуулга явуулахгүй гэдэг заалтыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн 25-р зүйлд нэмж оруулж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналын нэг заалт нь энэ. Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байлгах аливаа асуулгыг ард нийтийн санал асуулга явуулахгүй гэдэг санаагаар энэ санал орж ирсэн. Тиймээс ажлын хэсэг найруулж, байрлалыг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн 25-р зүйлд оруулж өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Улсын тусгаар тогтнолтой холбоотой, газар нутагтай холбоотой заалт учраас дэмжиж байгаа. Харин өгүүлбэрийн хувьд бага зэрэг найруулга хийх шаардлага байна шүү гэдгийг анхаараарай. Ардчилсан намын зөвлөл зарчмын зөрүүтэй саналуудаа дэмжээд, татгалзаад явна. Сая АН-ын зөвлөлөөс оруулсан Засгийн газрын өрийн дээд хязгаарыг тогтоох саналд гишүүд хайхрамжгүй хандав уу гэж бодож байна. Ер нь бол өөрсдийн дэмжих санал дээр хүлээж, ирцээ бүрдүүлж санал хураалт явуулдаг, манай оруулж ирсэн саналууд дээр хайрамжгүй хандаж, зарим гишүүд оруулж ирээгүй байхад санал хураалт явууллаа, УИХ-ын дарга. Үйлдэл тань ярианаасаа зөрөөд байна шүү гэдгийг анхааруулмаар байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Тодорхой бусад хуулиудыг зөрчиж болохгүй. Хэрэв зөрчвөл төвөгтэй байдал руу орно. Хэд хэдэн зүйл дээр хууль зөрчигдөх байдал үүсч байна. Тухайлбал, өргөн баригдсан төсөлд байхгүй, хөндөгдөөгүй заалтыг Ерөнхийлөгч оруулж ирсэн. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй холбоотой заалтыг төсөлд огт хөндөөгүй байхад санал оруулж, төсөлд тусгаж байгаа нь хууль зөрчиж байгаа юу гэдгийг анхааралдаа авч үзэж, яримаар байна. Мөн байнгын хороо, гишүүдээс ирүүлсэн төсөлд тусгаагүй санал заалтыг оруулж ирэх боломжгүй гэсэн заалт бий. Ерөнхийлөгчийн гаргасан саналуудыг УИХ хэлэлцэх ёстой. Гэтэл энэ заалтыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн санал гэж хэлэлцэж байгаа нь хөндөгдөөгүй заалтыг гишүүд оруулж ирсэн гэсэн хуулийн хийдэл үүсч, Цэцэд очих нөхцөл үүсч байна. Тиймээс цаашид үүнийг Ерөнхийлөгчийн санал гээд явах нь зүйтэй байх. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн бүх саналуудыг хэлэлцэхдээ Ерөнхийлөгчийн санал гэж хэлэлцээд явах нь зүйтэй болов уу.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

15 : 48
2019-8-30

Чуулган: Санал хураалт үргэлжилж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 150 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, санал бүр дээр гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байгаа юм. 

Үдээс өмнө төсвийн зарлагыг бууруулахтай холбоотой заалтыг хэлэлцэж байсан бөгөөд яг одоо үргэлжлүүлэн хийж байна. 

13 : 29
2019-8-30

О.Баасанхүү: "Төмсөгдүүлсэн" санал хураалт явуулж байна

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд 150 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахаар үргэлжлүүлж байна. Тухайлбал, төсөв, төрийн санхүүтэй холбоотой заалтыг хамтатган хэлэлцсэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.  

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд орж байгаа нэг чухал заалт нь төсөв, санхүүгийн зохицуулалттай холбоотой энэ заалт юм. УИХ болон гишүүд хариуцлагатай байх тогтолцоог оруулж ирсэн нь энэ. Зөвхөн УИХ, гишүүд төсвийг нэмэгдүүлдэг асуудал бус төсвийн төсөл боловсруулан оруулж ирдэг Сангийн яам, сайд, Засгийн газар ямар үүрэг хүлээх вэ гэдэг асуудлыг илүү бэхжүүлж, засч, залруулах шаардлага байна гэж хараад байгаа юм. Хариуцлагын асуудал байхгүй болохоор төсөв тогтворгүй байгаа юм. Зөвхөн гишүүд биш төлөвлөлт дээр алдаа гаргавал Сангийн сайд огцордог,  Төсвийн байнгын хорооны даргыг өөрчилдөг зэрэг асуудлуудыг тусгах ёстой юм. Үндсэн хуульд тусгахгүй ч органик хуульд тусгаад явах нь зөв юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Энэ заалт ямар хэрэгтэй юм бэ. Ерөнхий сайдыг томилж, Ерөнхий сайд бусад сайдаа томилно гэсэн заалт энэ өөрчлөлтөд байгаа. УИХ-ын гишүүд төсөв, санхүүгийн ямар ч шийдвэр бие дааж гаргахгүй зэрэг заалтууд байгаа шүү дээ. Түүнээс гадна гишүүд төслийн заалт бүр дээр санал хурааж, үг хэлэх хэрэгтэй байна. Санал хураалтыг харж байхад бүгд “төмсөгдүүлсэн” байна. 60 тэрбум, концесс, ЖДҮ, хар тамхитай холбогдсон хүмүүс байна. Төрийн санхүү, төсвийн санхүү, өрийн асуудал чухал ч хэн, яаж, хэзээ хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхой ярих боломжгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Энэ саналыг дэмжиж байгаа. Гэхдээ зарим зүйлийг анхаарах хэрэгтэй. УИХ олон жилийн турш Засгийн газраас оруулж ирсэн төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, зарлага өсгөдөг байдал бий болоод удаж байгаа. Зарлага, алдагдлын хэмжээг өөрчилж болохгүй гэж заалт оруулж ирж байгаа нь зөв. УИХ-ын гишүүнээс зарлага нэмэхээр бол орлогын эх үүсвэрийг тодорхой болгох шаардлага гарч байгаа юм. Төр, төсвийн хяналтыг Үндэсний аудитын байгууллага хийдэг. Тэгвэл тэр хяналтыг аудитын байгууллага эсвэл тусад нь байх ёстой юу гэдгийг илүү тодорхой болгох ёстой болов уу. Олон жил Монгол Улсын хөгжлийн бодлого сонгуульд зориулсан, уриа лоозон мэт явж ирсэн. Энэ нь хөгжлийн төлөвлөлт хариуцсан төрийн захиргааны байгууллага байхгүй явж ирсний илрэл гэж бодож байна. Япон улс гэхэд тогтвортой хөгжилтэй орон. Японд Эдийн засаг, худалдааны яам гэж олон арван жил тогтвортой бодлого, туршлага байгууллага бий. Гэтэл бидэнд ийм байгууллага байхгүй, сонгуулиас сонгуулийн хооронд бодлого нь өөрчлөгдөж, тогтворгүй, хэрэгжүүлдэг байгууллага байхгүй байгаад байна. Тиймээс энэ асуудлыг болж өгвөл суурь хуульдаа тусгах нь зөв гэж бодож байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Үндсэн хуулийн 25-р зүйлд оруулах саналууд нь байрлалаа олоогүй, Үндсэн хуулийнхаа бүтцийг алдагдуулсан. УИХ төсөв, санхүү зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлахдаа, боловсруулахдаа ч төсвийн зарлага, алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй гэсэн үндсэн шаардлагыг оруулж өгмөөр байна. Өрийн тааз, төсвийн дээд доод хязгаарыг Үндсэн хуульд оруулж өгөхгүй бол  болохгүй байгаа юм.

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-УИХ-ын чуулганы хуралдаан 63 гишүүнтэйгээр эхэлсэн ч яг одоо гуравхан хүн сууж байна. Тиймээс хуралдааныг завсарлуулаад дахин эхлүүлэх нь зөв байх шүү.

Ийнхүү гишүүд үг хэлж, өнөөдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагт үргэлжилнэ. 

11 : 58
2019-8-30

Ц.Нямдорж: Баян, тарган гишүүдээ хурдан дуудаж, хуралд нь суулга

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал, заалт тус бүрээр санал хурааж байна. Тухайлбал,  УИХ-д Хянан шалгах хороо байгуулах саналыг 62 гишүүний өргөн барьсан төсөлд тусгасан. Энэхүү заалтыг дэмжих эсэх саналын өмнө зарим гишүүy саналаа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хянан шалгах хороо байгуулах талаар гэрч дуудах гэх мэт заалтуудыг хасч, хуулийн биелэлттэй холбоотойгоор нийт гишүүдийн дөрөвний 1-ийн дэмжлэг авбал цөөнхийн бүлгийн оролцоотойгоор Хянан шалгах хороо байгуулах заалт оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Гэрч дуудах, гэрчээс мэдээлэл, тайлбар авах зэрэг заалтууд нь хасагдсанаар энэ хороо ямар ч үүрэггүй болно. Өөрөөр хэлбэл, бусад дэд хорооноос ялгагдахгүй болно. Хянан шалгах хороо байх ёстой, ялангуяа төрийн өндөр албан тушаалтантай холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгахад төвөгтэй байдаг. Энэ мэт хэрэгтэй заалтуудаа оруулж ирэхгүй бол Үндсэн хууль өөрчлөх шаардлагагүй шүү дээ.  

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Одоогийн хуулиар түр хороо байгуулаад явах боломж нь нээлттэй байгаа. Дүгнэлт гаргах, гэрч дуудах, шинжээч томилно гэсэн заалтыг эрс эсэргүүцэж байгаа юм. Бид хуулийн байгууллага яагаад шударгаар ажлаа хийж чадахгүй байна вэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Шударга ёсны хүсэмжлэл өндөр байгаа нь шударга шүүх, хуулийн байгууллагыг хүсэмжилж байна. Шударга шүүх, хуулийн байгууллагатай байхын тулд хараат бус байдлыг нь Үндсэн хуульд хийх ёстой. Энэ нь өөрөө энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт гол, чухал зүйл нь юм. Улс төрийн төлөвшил сул байгаа энэ үед цэгийг том хар зүйл болгох эрсдэл бий болох учраас бид нийгэмд, иргэдэд хариулт өгөхүйц өөрчлөлтийг хийх ёстой шүү.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-УИХ-ын хяналтыг сайжруулах энэ заалтыг дэмжиж байгаа. Хариуцлага сайжруулах үүднээс гишүүдийг эгүүлэн татдаг болж байна, хариуцлагагүй ажиллавал хугацаанаасаа өмнө тардаг болох, давхар дээлийн асуудал зэрэг хариуцлагын асуудал оруулж ирсэн. Энэ үед УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд нийгэм, ард түмний өмнө санаа зовоосон асуудал гарвал түр хороо байгуулж, шалгалт хийдэг байх нь зөв. Цөөнхийн төлөөллийг оруулж байгаа нь ч ардчиллын амин сүнс болсон цөөнхийн байр суурийг албажуулж байгаа. Хариуцлагатай асуудлыг ярьж байгаа энэ үед УИХ-ын гишүүд хариуцлагатай баймаар байна. МАН-ын бүлгийн дарга ирцээ бүрдүүл, олонхын бүлэг шиг баймаар байна. Цөөнхийн буруу байхгүй, 64-үүлээ байж, олонхиороо байж чадахгүй байгаа нь бүлгийн даргын хариуцлагагүй байдал гэж бодож байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийж байгаа явцыг дөрөв дэх удаагаа харж байна, би. Миний хувьд санал нийлэхгүй зүйл байгаа ч олонхоороо санал нэгдэж байгаа зүйлийг дэмжээд явна гээд сууж байна. Энэ хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийг хуралд нь ирүүлмээр байна. Цөөнхийн бүлгийн хэлж, шүүмжилж байгаа зүйлтэй би санал нэг байна. Яагаад энэ хүмүүс хуралдаа ирдэггүй юм, хэн болчихсон юм бэ. Энэ залуучууд албан тушаал болох гэхээр би гэдэг хэрнээ ард түмний эрх ашиг ярьж байхад алга болдог юм бэ. Бүтэн гурван жил унтлаа, болоо юм биш үү, та нар. Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд тааллаараа ирнэ, бусад нь энд сууж байх ёстой шүү. Тэгэхээр энэ баян, тарган гишүүдээ хурдан дуудаж, хуралд нь ирүүл гэсэн горимын санал гаргаж байна. 

10 : 00
2019-8-30

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын Баасан гаригийн чуулганы хуралдаан 80,3 хувийн ирцтэйгээр дөнгөж сая эхэллээ.  Чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийнэ. Төсөл дахь зарчмын зөрүүтэй заалт тус бүрийг хэлэлцэж, нэг гишүүн 10 минут үг хэлэх дэгтэй тул хэлэлцүүлэг нэлээд сунжрах төлөвтэй.

Өчигдрийн үдээс хойших хуралдаанаар намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар мөн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар  тус бүр  санал хураалт явуулсан.

Намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар санал хураалт явуулахад өргөн мэдүүлсэн төслийн заалтыг “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” хэмээн өөрчлөн найруулах саналыг гишүүдийн олонх дэмжсэн.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гаргасан төслийн дээрх заалтад “Намын зохион байгуулалт нь хатуу гишүүнчлэлгүй байх бөгөөд зөвхөн дэмжигчид дээр суурилж, иргэдэд шударга, тэгш үйлчилж, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд суурилж үйл ажиллагаа явуулна.”гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.

Парламентын 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд Үндсэн хуульд “Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.” гэсэн хэсэг нэмэхээр тусгасан бөгөөд энэхүү заалт хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсангүй. Харин энэхүү саналыг “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана.” хэмээн өөрчлөн найруулах саналыг Ажлын хэсгээс гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын дэмжлэгийг мөн авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж