Есдүгээр сарын 1-нийг 50 намар хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 1-нийг 50 намар хүлээлээ

Есдүгээр сарын 1-нийг 50 намар хүлээлээ

Багш болж тоглох дуртай жаахан охин бал, дэвтэр нийлүүлэн конспект бичнэ. Бас болоогүй самбар дээр тоо бичиж, баахан хүүхдийг сургаж гарна. Бичиж, бодож, уншиж сураагүй мөртлөө багаасаа багш болохыг мөрөөдсөн, мөрөөдөлдөө хүрсэн. Энэ эрхэм бол Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Багшийн сургуулийн математикийн багш доктор, профессор Балжирийн Балдулмаа. Тэрбээр есдүгээр сарын 1-нийг 50 намар догдлон хүлээжээ. Түүнтэй бид уулзаж ярилцлаа.

-БАГШ ГЭЖ ХЭН БЭ-

-Таны багш болсон түүхээс яриагаа эхэлье, яагаад энэ мэргэжлийг эзэмших болов?

-Багш болсон түүх аавтай минь холбоотой. Миний аав боловсролын байгууллагад 50 жил ажилласан гавьяат багш Л.Балжир гэж хүн байлаа. Бага байхад аав маань оютнуудын конспект батална гээд шөнө дунд болтол ажил дээрээ суудаг байв. Тэр үед би аавыгаа дагаж, бал дэвтэр бариад ажил руу нь хамт явна. Тэгээд оюутнуудын дэвтэр хараад дуурайж бичнэ, алдаа зассан цаасыг адилхан дэвтэр дээрээ наана. Түүнийгээ ааваараа шалгуулж, дүн тавиулдаг байлаа. Үеийн бусад хүүхдүүд хүүхэлдэйгээр наадаж байхад би ганцаараа багш болж тоглоно. Самбар дээр тоо бичиж, хүүхдүүдэд хичээл заана. Ерөөс миний өссөн орчин ийм л байсан. Аав маань архи уудаггүй, уурлаж загнадаггүй байлаа. Оюутнуудтай их дөлгөөн харьцана. Тэд ч багшдаа аав шигээ хандана. Заримдаа би аавыгаа шавь нараас нь “харамладаг” байлаа. Тэднийг аав илүү их эрхлүүлж байгаа юм шиг надад санагддаг байсан биз. Эндээс л би багш, шавийн барилдлага гэж юу байдгийг мэдэж авсан юм. Багш хүн гэдэг бусдын хайр, хүндлэл хүлээсэн сайхан мэргэжил юм гэж ойлгож эхэлсэн. Ингээд 1970 онд Багшийн сургуулийг математикийн багш мэргэжлээр төгсөөд, нийслэлийн 39-р сургуулиас ажлын гараагаа эхэлж байв. Үүний дараа 6-р сургуульд багшилж байгаад Боловсролын яамны шийдвэрээр Багшийн сургуульд заах аргын багшаар томилогдсон юм. Ингэж аав бид хоёр нэг сургуульд багшилж, багын мөрөөдөл минь биелсэн юм. Үүнээс хойш би энэ сургуульдаа өдийг хүртэл ажиллаж байна даа.

-Есдүгээр сарын 1-н таны хувьд ямар утга учиртай өдөр вэ, хэр их догдолж хүлээдэг байв?

-Би боловсролын байгууллагад ажиллаад аавтайгаа адил 50 жил болж байна.

Тэгэхээр шавь нартайгаа уулзах гэж есдүгээр сарын нэгнийг 50 намар догдолж, хүлээсэн байх нь. Хичээлийн шинэ жилийн нээлтэд би гараанаас гарч буй морь шиг яардаг.

Багшийн сургууль бол миний хоёр дахь гэр. Энд би шавь нартайгаа байхдаа илүү эрч хүчтэй, жаргалтай болдог. Амьдралын минь ихэнх цаг хугацаа эрдэм номын энэ л өргөөнд өнгөрсөн байдаг. Заримдаа манай нөхөр намайг “Чи манайд бүртгүүлэх гэж ирээд яах вэ, нэг ор олж аваад сургууль дээрээ амьдарсан дээргүй юу” гэж шоглодог юм. Өглөө гараад, орой очдог болохоор аргагүй шүү дээ. Арыг минь дааж, ажиллах боломж олгодог хань, үр хүүхэддээ бас баярлаж явдаг.

-Та анх багш болохдоо ааваасаа үлгэр дууриалал авч байсан, түүнээс хойш хагас зуун жил өнгөрчээ. Одоо таны бодлоор багш хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Би одоо шавь нартаа хэлдэг юм. Багш гэдэг нэг бодлын жүжигчин хүн. Дөрвөн цагийн хичээл заана гэдгээ та нар дөрвөн үзэгдэлт жүжигт тоглоно гэж бодох хэрэгтэй. Жүжгийн үзэгдэл хоорондоо холбоотой байдаг шиг хичээлүүд мөн уялдаа хамааралтай. Хичээлийн интеграци гэж ярьдаг шүү дээ. Математик, хими, физик, газар зүй гээд бүгд холбоотой. Жүжигчин хүн уйлна, дуулна, инээнэ. Харин үзэгчид бүх анхаарлаа хандуулна.

Үүнтэй адил багш хүн хичээлээ сайн заавал ангид ялаа нисэх чимээ хүртэл сонсогдоно. Ингэж хүүхдүүд төвлөрч, анхаарлаа хандуултал хичээлээ сонирхолтой заах хэрэгтэй. Үүнээс гадна шавь нартайгаа ойр байж, амьдралд нь сайнаар нөлөөлж чадвал өөрийгөө багш болжээ гэж бодоорой гэдэг юм.

-ХҮҮХДИЙГ ЯЛГАЖ БОЛОХГҮЙ-

-Багш нар хүүхдүүдийг ялгаж харьцдаг гэсэн яриа их гардаг. Эцэг, эх нь боломжийн ажил амьдралтай бол дүнг нь өргөх, урдуур суулгах гэдэг. Нэг бол багшид бэлэг өгвөл хүүхдийг нь илүү анхаарч, үздэг гэсэн ойлголт бий. Ер нь хүүхдийг сайн муу, сурлагатай сурлагагүй гэж ялгах нь зөв үү?

-Буруу. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй зүйл. Муу хүүхэд гэж байхгүй. Хүүхэд ирээдүйд хэн ч болж болно. Би энэ тухай оюутнууддаа ёс зүйн болон  математикийн хичээл орохдоо байнга ярьдаг. Дэвидийн тухай өгүүллэгийг жишээ болгон уншиж өгдөг. Товчхон ярьж өгье л дөө. Дэвид хүүгийн хувийн хэргийн намтрын түүх юм. Тэр хүүгийн нэгдүгээр ангийн намтар дээр Дэвид бол маш цовоо, сэргэлэн, хичээлдээ сайн сурагч гэж бичсэн байдаг. Харин хоёрдугаар ангид энэ сурагчийн ээжинх нь бие муудсан учраас ирээдүйн амьдралд бэрхшээл учирч болно гэж бичжээ. Гуравдугаар ангид багш нь бичихдээ Дэвид хүүг хичээл тасалдаг, үг дуу цөөтэй, зожиг гэж тодорхойлжээ. Дөрөвдүгээр ангид энэ хүү залхуу, хойрго, нийтэч биш, хувцас хунараа муухай өмсдөг, хичээлд идэвхгүй, сахилгагүй, муу сурдаг гэх мэт дандаа сөрөг талаас нь бичсэн байжээ. Гэтэл тавдугаар ангийн шинэ багш Дэвид хүүгийн хувийн хэргийг уншаад гайхсан байна. Яагаад энэ хүү жил өнгөрөх тусам өөрчлөгдөх болсон бэ гэдгийг судалжээ. Тэгээд Дэвид хүүгийн ээжийн бие муудаж, улмаар нас барсан гэдгийг олж мэдэв. Хүүд анхаарал тавих хэн ч байгаагүй ажээ. Багш нар хүртэл үүнийг мэдээгүй өнгөрчээ. Ингээд тавдугаар ангийн багш хүүг анхаарч эхэлсэн байна. Нэг удаа багшийн төрсөн өдөр болж л дээ. Сурагчид бүгд янз бүрийн гоё бэлэг өгсөн байна. Тэгэхэд Дэвид хүү багшдаа хэрэглээд дундаа орсон үнэртэй ус, шигтгээ нь унасан хуучин зүүлт бэлэглэжээ. Ангийн хүүхдүүд шоолж инээлдэхэд багш үнэртэй усыг нь түрхэж, зүүлтийг нь хүзүүндээ зүүжээ. Тэгээд маш гоё бэлэг байна, баярлалаа гэж хүүд хэлэв. Тэр үед Дэвидийн нүднээс нулимс асгарч, та миний ээж шиг харагдаж байна гэжээ. Үүнээс хойш ангийн хүүхдүүд хүүг шоолохоо байж, багш нь өдөр бүр түүнийг урмын үгээр тэтгэх болжээ. Улмаар Дэвид хүү сурлагандаа сайжирч, тэргүүний сурагч болов. Сургуулиа тэр онц төгсжээ. Хожмоо хэдэн жилийн дараа ангийн багшид хуримын урилга ирлээ. Түүн дээр “Та намайг ээж шиг минь хайрлаж, хүн болоход тусалсан шүү. Таны шавь Хүний их эмч Дэвид” гэж бичсэн байжээ. Энэ түүхээс бид хүүхдийг муу гэж ялгаж, хаяж болохгүй, багш хүн хүүхдэд хичээл заахаас гадна зөв хүн болоход нь асар их нөлөөлж байдаг шүү гэдгийг ойлгож болох юм.

-Таныг багшлах хугацаанд Дэвидийн түүхтэй адил зүйл тохиолдож байв уу, сэтгэлд хамгийн тод дурсамж үлдээсэн сурагч бий юу?

-Байлгүй яах вэ. Багшийн сургуульд анх ирэхэд Соёлын ангийг удирдах үүрэг өглөө. Ангийн дарга гэж идэвхтэй, сурлагатай охин байлаа. Гэтэл миний ажигласнаар охины амьдрал “Орхидос” кино шиг байв. Хойт ээж нь хоол ундаа авдартаа цоожилчихдог, хичээл хийх болоход гэрлээ унтраачихдаг, тэгээд ахуйн ажил их хийлгэнэ. Гэтэл охин цовоо, сэргэлэн, хичээл ном сурмаар байдаг. Тиймээс би гэртээ хүртэл нэг хэсэг байлгасан. Гэвч удалгүй аав нь охинтойгоо амьдрана гээд аваад явчихсан. Нэг өдөр хичээл дээр охин маань завсар зайгүй яриад эхэлсэн. Би 2-3 дээд сургууль төгсөнө, би сурч байгаа зүйлдээ сэтгэл ханахгүй байна, надад цаг хүрэлцэхгүй, би сурч амжихгүй байна гээд л.

Хэд хоногийн дараа бид ангийн даргаа Шар хадны эмнэлэгт эргэхээр явсан юм. Хөөрхий минь, амьдрал, нийгмийн байдал гээд янз бүрийн зүйл нөлөөлсөн байх л даа, сэтгэцэд нь өөрчлөлт орсон байсан.

Гэхдээ эмчлүүлээд эдгэрээд гарсан. Дараа нь надтай ирж уулзахдаа “Багшаа би сурахаас өмнө ажил хиймээр байна, Хөдөлмөрийн баатар Б.Гүнжилхамын шавь болох хүсэлтэй, та надад туслаач” гэв. Мэдээж би багш нь юм чинь туслалгүй яах вэ. Сургуулиас нэг жилийн чөлөө хүртэл авч өгсөн. Ингээд шавь маань Хөдөлмөрийн баатарын удирдлага дор нэг жил ажиллаад буцаад сургуульдаа ирж суралцсан юм даа.

-Одоо энэ шавьтайгаа холбоотой байдаг уу, нууц биш бол хаана юу хийдэг бол?

-Бид байнга холбоотой байдаг. Баяр болгоноор надад талархлын үгтэй мэндчилгээ илгээдэг, ярьдаг, уулздаг. Миний бахархал болсон сайхан шавь. Одоо докторын зэрэг хамгаалах гэж байгаа. Гэр бүл, үр хүүхэдтэй сайхан амьдарч байна. Хүүхдүүд нь урлагын авьяастай, дэлхийд нэрээ гаргаж явна.

-Багшийн гавьяа гэдэг энэ л байх даа. Үнэхээр сайхан түүх байна. Ингэхэд та 50 жил багшлахдаа хэчнээн шавьтай болсон бэ, амжилттай яваа шавь нараасаа дурдвал?

-Багшлах хугацаандаа би 12 ангийг удирдаж төгсгөжээ. Нийтдээ 14 мянга гаруй шавьтай. Тэд маань хаана, юу хийж явдаг бол гэж үргэлж боддог. Ямар ч байсан миний шавь нар зөв хүн болж, аав ээж, эмээ өвөө болоод сайхан амьдарч байгаа байх аа.

Олны танил шавь нар гэвэл Цагааны Цэгмэд гуайн Төмөрбаатар, Жинжиймаад тоглодог Н.Батцэцэг, Гангар инвестийн н.Пүрэвээ, Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг, хөгжмийн зохиолч Ж.Чулуун, Ё.Сүхбаатар гээд нэрлэвэл зөндөө бий.

-ХҮҮХЭД БОЛ ЭНЕРГИ-

-Та бол багш нарыг бэлддэг багш хүн. Есдүгээр сарын нэгэнд багш болохоор суралцаж буй оюутнууд, ажлын гараагаа эхэлж байгаа шинэхэн багш нарт хандаж юу хэлэх вэ?

-Төгссөн шавь нар маань анги дүүргэлт 60 болчихлоо, яанаа багш аа гэдэг байхгүй юу. Хариуд нь би баярла гэдэг юм. Яагаад гэвэл чи ийм олон хүүхдийн энергийг авч, тэжээгдэж байгаа шүү. Хүүхдийн энерги гэдэг хүнд эрч хүч, гэрэл гэгээ, сайн сайхан зүйл өгдөг. Оюутнуудтай ажилладаг багш нар өөрсдийгөө дандаа залуу, сайхнаар төсөөлдөг. Тэгэхээр багшийн мэргэжил ийм гоё. Багш хүн хэзээ ч ганцаарддаггүй. Хаа ч явсан шавь нар маань хүрээлж, хүндэлж байдаг.

Хамгийн гол нь багш хүн шавийнхаа амьдралд дурсагдахаар тод байх хэрэгтэй. Энэ нь хүүхдэд хичээл заахаас гадна зөв хүн болоход нь дэмжиж, туслах юм. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой, авьяастай, чаддаг зүйлтэй. Түүнийг нь олж нээ, гаргаж ирэхэд тусал, хөгжүүлэхэд чиглүүл. Ололттой талыг нь эхэлж хар, тэгээд урмаар тэжээ.

Энэ л багшийн зүгээс сурагчдад оруулж буй том хөрөнгө оруулалт. Орчин үед багш нар сурагчдад хичээл сурахад нь туслах менежерийн үүрэг гүйцэтгэж байна. Харилцан нэгэндээ туслаж, мэдлэг бүтээнэ гэсэн зарчим дээр багш, шавийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн үг. Тиймээс багш нартаа хандаж хэлэхэд бүхнийг сэтгэлээсээ хий. Сэтгэл байхад бүх зүйл бүтнэ. Хүүхдэд хайртай бай, хэн нэгэнтэй битгий харьцуул, сайн муу гэж бүү ялгаарай гэж хэлмээр байна. Мөн Боловсролын байгууллагад ажиллаж байгаа болон гавьяаны амралтаа авсан үе үеийн багш сурган хүмүүжүүлэгч, бүх шавь нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!

Б.Балдулмаа багш ном сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний ажил нийлсэн 140 гаруй бүтээлтэй, Турк улсад болсон Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, улмаар шагналт байранд орж, илтгэл, өгүүлэл нь номд орсон, Олон улсын сургагч багш сертикаттай, 200 гаруй магистр, 9 докторын ажил удирдсан, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугын одонтой, доктор, профессор багш юм. Үүнээс гадна тэр Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Багшийн сургуульд анхны гэсэн олон тодотголын эзэн. Анхны доктор, анхны ахлах багш, анхны дэд профессор, анхны профессор, анхны шинжлэх ухааны тэргүүний ажилтан гээд…Удахгүй Гавьяат багш болохыг Б.Балдулмаа багшдаа хүсэн ерөөе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж