Улаанбаатар хотод хөл хөдөлгөөн ид буцалж байна. Гудамж талбай, зах, худалдааны төв, автобусны буудал орчимд хүмүүс зөрөх зайгүй шахам хөлхөлдөнө. Төв зам дагаад авто машинуудын уртаас урт цуваа үргэлжилж, түгжрэлд нам зогссоноос такси барих ч боломжгүй. Тэр бүү хэл “Драгоноос Чулуун овоо хүрье гэвэл Төв аймгаараа явбал хурдан очно” гэх хошин яриа ч гарах болов.
Уг нь хотын захиргаанаас хичээлийн шинэ жил эхлэхээс урьтаад түгжрэлийг сааруулах зорилгоор авто замыг А, В, С бүсэд хуваах зохицуулалт хийхээр төлөвлөсөн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулж энэ шийдвэр хойшилсон. Хэрэв бүсчлэл хэрэгжсэн бол түгжрэлийг 20-30 хувиар бууруулах боломжтой байсан билээ. Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлэх дөхсөн энэ өдрүүдэд замын ачаалалд тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд хэр их хугацааг зарцуулж буйг сурвалжиллаа.
Нийслэлийн авто замын түгжрэлийн оргил ачаалалтай үе нь ажил тарах цаг буюу 17.00-20.00 цаг гэдгийг жолооч нар хэлж байв. Тэд төв замын уулзварт дор хаяж 30 минутаас 1 цаг хүртэл саатаж буй нь бүтэн тойргоо хийж чадахгүйн дээр шатахуун их зарцуулах зэрэг олон асуудалтай тулгарч буйг жолооч нар хэлсэн. Харин иргэд тээврийн цагдаа нар зохицуулалт хийж чадахгүй түгжрэл дээр түгжрэл нэмж байгаагийн зэрэгцээ замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчих журмаа хэрэгжүүлж чаддаггүй нь хүн бүр машинаа унаад зорчихоос өөр сонголт өгөхгүй байна гэдгийг хэлж байлаа. Бид жолооч болон иргэдийн байр суурийг сонирхов.
Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазын жолооч н.Баттөр /Улаанчулуут-МУИС/
-Зам их түгжрэлтэй байгаа шүү дээ. Дор хаяж түгжрэлд хоёр цаг зогсоно. Ялангуяа уулзвар орчим болон замын ачаалалтай хэсгүүдэд гацдаг. Манай тойрог /Улаанчулуут-МУИС/ гэхэд л Драгон, 21 дүгээр хороолол, Депо орчимд өгсч, уруудахдаа цаг их алддаг, түгжрэлд орсноос. Уг нь өдөрт найман тойрог хийх ёстой ч энэ тойргоо гүйцээж чаддаггүй. Хамгийн гол нь олон цаг түгжээнд гацахад шатахуун их зарцуулж байна. Ер нь ажил тарах цагийн үед 17.00 цагаас эхлээд замын түгжрэл ихэсдэг.
Зорчигч тээврийн нэгтгэлийн I баазын жолооч Д.Майбаяр /Хайлааст-Цэцэг төв-МУБИС/
Жилээс жилд замын түгжрэл нэмэгдэж байна. Хотын төв хэсэгт түгжрэл хамгийн их. Ялангуяа Багшийн их сургуулиас Цэцэг төв рүү эргэх уулзвар луу орж чаддаггүй гацдаг. Дор хаяж 1 цаг түгжирнэ. Ажил тарах цагийн үед зөвхөн нэг талдаа гурван цаг зарцуулна. Ер нь тойргоо гүйцээж чадахгүй. Би 10 тойрохоос найм л тойрч байна шүү дээ. Дээрээс нь түгжрэлд шатахуун их зарцуулагддаг. Мөн өглөө төрийн өндөрлөгүүдийн ажил эхлэхэд зам хаадаг нь түгжрэл үүсэх шалтгаан болж байна. Тэр тусмаа хуучин тээврийн хэрэгсэл бол шатахуун идэлт нь их. Үүнийг автобусны компаниуд тэр бүр ойлгохгүй л дээ.
АЖИЛ ТАРАХ ҮЕД ХАМГИЙН ИХ ТҮГЖИРЧ БАЙНА
Тэгвэл түгжрэлийг сааруулахад замын бүсчлэлийн зохицуулалтыг хэрэгжүүлсэн бол түгжрэл саарах байсан уу, ямар арга хэрэгжүүлбэл түгжрэл саарна гэж бодож байна гэсэн асуудлаар иргэдийн байр суурийг сонирхов.
-Иргэн Б.Тэнгисболд /оюутан /
-Хотын төв, захын хороолол зорчих хэсгээсээ шалтгаалаад харилцан адилгүй түгжээтэй байна. III, IV хорооллын эцсийн буудлаас Багшийн их сургууль хүрэхэд 1.30 цаг зарцуулж байна. Тиймээс гэрээсээ цагийн өмнө гарч байж хичээлдээ амжиж ирдэг. Ер нь өдөр 09.00-14.00 цаг хүрт түгжрэл маш их. Гэртээ харихад түгжрэл их үед гурван цаг саатдаг. Тийм болохоор алхсан нь илүү дээр.
Зам түгжрэлтэй болохоор нийтийн тээвэр удаан хүлээж байна. Түгжрэлгүй бол нийтийн тээвэр хүлээх нь бага. Уг нь хотын захиргаанаас гаргасан бүсчлэлд хуваах зохицуулалт түгжрэлийг бууруулна гэж бодож байсан. Гэтэл хэрэгжүүлээгүй. Иргэд хувийн автомашинаар зорчихоос илүү нийтийн тээврээр зорчвол замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна. Нийтийн тээврийг мөн хөгжүүлэх шаардлага байна.
-Иргэн Б.Цэрэннадмид
-Замын түгжрэл маш их байна. Ажил маань Хархоринд байдаг. Хотын төвөөс ажил хүртэл дөрвөн цаг түгжирлээ. Автобус замдаа огт хөдлөхгүй гэрлэн дохион дээр удаан саатаж их түгжирдэг. Буугаад алхъя гэхэд буулгахгүй. Түгжрэлтэй болохоор автобус ч ирэхгүй удаан хүлээж байна. Ер нь нийтийн тээврээр зорчиход 4 цаг зарцуулж байна.
Ийм байдлаар цаашдаа явна гэвэл хэцүү. Жил ирэх тусам хүндэрч байна. Зоригтой, шийдвэртэй шийдэл л хэрэгжүүлэх хэрэгтэй байна даа, хотын удирдлагууд.
Иргэн О.Мөнх-Эрдэнэ
-Замын түгжрэлд өдрийн талыг зарцуулж байна. Сүхбаатарын талбай, Багшийн их сургууль, МУИС орчмын авто зам хамгийн их түгжрэлтэй. Өглөөнөөс илүү орой 17.00 цагаас эхлэн замын түгжрэл эхэлдэг. Жолоочид замын хөдөлгөөний дүрмээ баримталбал түгжрэлд олон цагийг зарцуулахгүй байх.
Иргэн н.ДЭЛГЭРМАА:
-Зам маш их түгжрэлтэй байна. Машинаас илүү автобусаар зорчвол илүү хурдан ажил бүтэх болов уу гэж бодсон. Гэтэл өнөөдөр өдөржин түгжрээд нэг ч ажил амжуулсангүй. Уул нь нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр зорчдог болохоор автомашинаас илүү хурдан байх болов уу гэтэл үгүй байна. Түгжрэлд хамгийн багадаа 30 минут, түүнээс цааш гурван цаг зарцуулж байна. Өглөө, оройдоо ер нь их түгжирдэг шүү дээ. Хотын төв хамгийн их түгжээтэй байна. Нэг шийдвэртэй зохицуулалт хийхгүй бол мөдхөн бүгдээрээ таг гацаад хөдлөхгүй болж мэдэхээр л шинжтэй.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 871350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 501934 нь нийслэлд байна. Энэ нь нийт автомашины 57.6 хувь юм.
Мөн Улаанбаатар хотод 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар шинээр 89400 тээврийн хэрэгсэл нэмэгдэж, 3330 тээврийн хэрэгсэл хасагдсан үзүүлэлт гарчээ. Жилд нийслэлд 80 орчим мянган тээврийн хэрэгсэл шинээр нэмэгдэж байгаа юм. Хэрвээ энэ үзүүлэлтээрээ цаашид тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байвал хот дотроо удахгүй хөдлөх аргагүй болно гэдгийг албаныхан сануулах болсон. Иймээс нийтийн тээврийг яаралтай хөгжүүлэх арга хэмжээг авах шаардлага ч үүсээд байна.
Иргэд авто зам шинээр барьж, мөн одоо байгаагаа өргөтгөх шаардлагатай гэсэн санал дэвшүүлдэг. Гэвч Улаанбаатар хотыг анхнаас нь 600 мянган хүн амтай байхаар төлөвлөж, авто замуудын төлөвлөлтийг хийсэн нь барьсан барилгуудаа нурааж, заримыг нь газар чөлөөлөлтөд оруулдаггүй л юм бол боломжгүй байгаа. Хэдий авто замын бүтцийг сайжруулснаар түгжрэлийг сааруулах боломж хязгаарлагдмал ч хотын захиргаа, их, дээд сургуулиудыг төвийн бүсээс нүүлгэн шилжүүлж, метро барьж, мөн хотын төв хэсгээр зорчих тээврийн хэрэгсэл нь тодорхой хэмжээний татвар төлдөг байх эдийн засгийн арга хэрэглэвэл нааштай үр дүн дагуулах боломж бий.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ