Түргэн үйлчилгээний цэгүүдийг /ТҮЦ/ ачиж, журамлах ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлийн Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Модны 2-ын дунд замын дагуу байршуулсан контейнеруудыг уржигдар /2019.08.28/ албадан буулгаж чөлөөлсөн. Мөн ойрын хугацаанд III, IV хорооллын олны нэрлэж заншсанаар Ахуй үйлчилгээ орчимд үйл ажиллагаа явуулж буй таван ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Нийслэл хот өнгө нэмэн өөрчлөгдөхийн хэрээр ТҮЦ-үүд иргэдийн хэрэгцээ, шаардлагаас шахагдаж, дүүргийн удирдлагууд ч хүнсний чанаргүй бүтээгдэхүүн худалдан ойр орчимдоо хог хаягдлын уул уурхай болдог гээд ТҮЦ-ийнхэнтэй "үзэлцэж” байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 1990-ээд оноос 2014 он хүртэл ТҮЦ-үүдэд тавих шаардлага тодорхойгүй, түүгээр борлуулах бүтээгдэхүүнийг нарийвчлан зааж өгөөгүй байжээ. Харин 2014 онд Нийслэлийн Засаг дарга ТҮЦ-ийн журмыг НИТХ-ын 56 дугаар тогтоолоор батлуулан өнгө үзэмж, үйл ажиллагаанд нь тодорхой шаардлагууд тавих болсон байна. Уг журамд ТҮЦ-ийн гаднах өнгө үзэмж хотын өнгө аяст таарсан байна, үйл ажиллагаа явуулахдаа тухайн дүүрэгтэйгээ гэрээ байгуулна хэмээн заажээ.
Улмаар нийслэлийн зургаан дүүрэгт хэчнээн ТҮЦ байхыг баталж өгсөн бөгөөд Баянгол дүүрэгт 92 цэг байна гэж баталжээ. Гэсэн ч өнөөдрийн байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт 200 гаруй ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж. Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг Нийслэлийн газрын албанд мэдэгдэн хөрөнгө мөнгийг нь шийдэн тус газрын алба албадан газрыг нь чөлөөлдөг байна. Гэсэн ч иргэд өөр дүүргээс ТҮЦ авчран хуучин суурин дээрээ дахин байршуулаад ажилладаг гэхчлэн хүндрэлүүд гарсаар байгаа юм.
Хэдийгээр ТҮЦ-ээр олон хүн амь амьдралаа залгуулж байгаа ч нөгөө талаараа олон хүнийг хохироодог. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сарын 18-22-ны өдрүүдэд ТҮЦ-ээс хиам, өндөгний хавчуургатай талх худалдан авч идсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор ХӨСҮТ-д хүргэгдсэн байдаг. Үүний дараа дахин 45 хүн хордсон. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг ТҮЦ-ээр худалдан борлуулахгүй байх шаардлагыг Мэргэжлийн хяналтын газраас тавьж, журам зөрчсөн тохиолдолд торгох зэрэг арга хэмжээ авч байгаа ч энэ нь шийтгэл болж чадахгүй байна.
Цаашлаад ТҮЦ эрхлэгчид Тамхины хяналтын тухай хууль зөрчихөөс эхлээд олон асуудал дагуулж буй тул олон нийтийн хараа хяналт ч бас хэрэгтэй байгаа юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ