Улсын дуурь бүжгийн эрдмийн театр/УДБЭТ/-ын залуу балетчид уран бүтээлийн олз омог дүүрэн байна. Аяны богцыг нь задалж балетын жүжигчин О.Даваадоржтой ярилцлаа.
-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Оюуны Даваадорж гэдэг. 2017 онд Монгол Улсын Консерватур/МУК/-ийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөөд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж эхэлсэн. Гурав дахь жилийнхээ намартай золгож байна.
-Балетчин мэргэжлийг сонгосон нь өөрийн тань мөрөөдөл байв уу?
-Их сонин түүх л дээ. Анх өрөөндөө зурагт үзээд хэвтэж байтал “Хөгжим бүжгийн коллежид хүүхэд элсүүлнэ” гэсэн зар гарч, эгчтэйгээ хамт очиж бүртгүүлж байлаа. Шалгалт өгөөд тэнцэж, 2011 оны есдүгээр сараас эхлээд балетчин мэргэжлээр сурч эхэлсэн.
-Гэр бүлийнхэн тань хэр дэмждэг вэ?
-Би мэргэжилдээ хайртай. Гэр бүлийнхэн маань ч маш сайн ойлгож их дэмждэг. Гадаад руу тэмцээнд явахад бүх л бололцоогоороо дэмждэг. Гэр бүлийнхэндээ үргэлж баярлаж явдаг.
-Хэрвээ балетыг сонгоогүй бол ямар мэргэжлээр сурах байсан бэ?
-Багаасаа л балетчин болно гэж шийдсэн болохоор өөр бусад мэргэжил огт бодож байгаагүй юм байна.
-Шантрах үе байна биз. Түүнийгээ яаж даван туулдаг вэ?
-Мэдээж шантрах үе зөндөө. Хамгийн сайнаараа хийгээд байхад нэг л болж өгөхгүй үе бий. Тийм үедээ найзуудтайгаа уулзаад сэтгэлээ онгойтол ярилцдаг даа.
-Балетчидаас үлгэр дурайлал авдаг хүн хэн бэ ?
-Дуртай балетчидаасаа нэгийг сонго гэвэл хэцүү. Бүгд өөр, өөрсдийн гэсэн ур чадвар, онцлогтой бүжигчид болохоор бүгдээс нь суралцаад л явж байна даа. Ерөнхийдөө би аль болох өөрийгөө хөгжүүлэхэд илүү анхаардаг.
-Тайзан дээр тоглосон дүрүүдээсээ сонирхуулбал?
-Анх МУК-т орсон хоёр дахь жилдээ “Шелкунчик” бүжгэн жүжигт тоголж байлаа. Дараа нь “Хунт нуур” бүжгэн жүжгийн Да Де Труа алиа салбадайн дүр. “Амттаны доктор” бүжгэн жүжгийн гол дүрийн хүүгийн дүрийг бүтээж байсан. Бусад бүжгэн жүжигт туслах дүрүүдийг бүтээсэн.
-Саяхан олон улсын тэмцээнд оролцоод ирсэн гэж сонссон. Хавар бас нэг олон улсын тэмцээнд оролцсон. Хэр амжилт үзүүлэв?
-Тийм ээ, БНХАУ-ын Шиамен хотод энэ зун “Олон улсын балетын анхдугаар” тэмцээн болж, насанд хүрэгчдийн төрөлд тусгай байр эзэлсэн. Тус тэмцээнд Монгол, Япон, Хятад, Сингапур, Австрали, Орос, Солонгос зэрэг орны балетын бүжигчид оролцсон. Мөн энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Улан-Үдэ хотод зохион байгуулагдсан “Орос, Япон, Евро-Азийн артист балетчдын анхдугаар” тэмцээнд өсвөр насны төрөлд алтан медаль хүртсэн. Тэмцээн бүр намайг улам илүү сорьж, илүү ихийг хийх тэмүүлэлтэй болгодог.
-Жүжигчин хүн бүрт тоглож үзэхийг хүсдэг дүр байдаг. Таны мөрөөдлийн дүр хэн бэ?
-“Дон кихот” бүжгэн жүжгийн Базилийн дүрд тоглохыг хүсдэг. Энэ дүрийг энгийнээр тайлбарлавал үсчний гэр бүлд төрсөн хүү Китри бүсгүйд дурлан дараа нь гэрлэдэг. Мөн жүжгийн турш догдлуулах өрнүүн явдал, салахын аргагүй мэдрэмж бүхий цогтой үйл явдлууд тасралгүй үргэлжилдгээрээ онцлог.
-Одоо ямар дүр дээр ажиллаж байгаа вэ?
-Манай театр ирэх аравдугаар сард 57 дахь улирлын нээлтээ “Хунт нуур” бүжгэн жүжгээр эхэлнэ. Тус бүжгэн жүжгийн “Алиа салбадай”-н дүрийг бүтээж байгаа.
-Балетаар хичээллэдэг, сонирхдог хүүхэд залууст өгөх зөвлөгөө юу вэ?.
-Балетаар хичээллэхээр сонирхож байгаа хүмүүст хандаж хэлэхэд насны хязгаар гэж байхгүй бүгдэд нээлттэй байдаг. Балетаар хичээллэснээр биеэ зөв авч явахаас гадна биеийн өв тэгш галбир, гоо зүйн мэдрэмж, тэсвэр хатуужлыг бий болгодог. Хэрвээ балетаар хичээллэхээр сонирхож байгаа хэрнээ чадахгүй байвал нэг удаа зориглоод үзээрэй гэж зөвлөх байна. Амжилт.
Амжилтуудаас нь дурдвал:
2016 онд “МУ-ын анхдугаар үндэсний балетын тэмцээн” алтан медаль
2017 онд “Korea International Ballet Competition” Финалийн шатанд тэнцсэн
2017 онд “Busan International Dance Competition” Тусгай байр
2018 онд “МУ-н анхдугаар үндэсний балетын тэмцээн” алтан медаль
2018 онд “Монгол Улсын анхдугаар Олон улсын балетын тэмцээн” алтан медаль
2018 онд “Korea International Scholarship Competition” Хүрэл медаль
2019 онд ОХУ-ын Улан-Үдэ хот “Орос, Япон, Евро-Азийн артист балетчдын анхдугаар тэмцээн” алтан медаль тус, тус хүртжээ.
Э.Хандсүрэн
Холбоотой мэдээ