Халхын долоон хошуу даншиг наадам энэ жилээс дахин сэргэх нь. 1639 онд анхны Богдоо залсан үеэс эхэлсэн эл наадмыг 1922 оноос халжээ. Харин энэ жил дахин сэргээх санаачлагыг бурханы шашны сүм хийдүүдийн зүгээс гаргаж, хотын мэр хөхиүлэн дэмжсэнээр биеллээ олж буй ажээ. Даншиг наадмын төсөв 560 сая төгрөг агаад шууд болон шууд бус, дам орлогоо түүнээс давна гэж зохион байгуулагчид үзэж байна. Бурханы шашинт олон орны жуулчдыг татах гарц гэж уг наадмыг нэрлэж байгаа бөгөөд энэ жилийн наадмын үр дүнг ирэх жилийн Даншигаар хараарай хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ.
Наймдугаар сарын 8, 9 буюу билгийн тооллын зуны адаг сарын 24, 25-ны билэгт сайн өдөр ардын засгийн үеэс алдарсан Даншиг наадмыг сэргээн тэмдэглэнэ.
Даншиг наадмаар шашны уламжлалт зан үйлийг илүүтэй тусгах ажээ. Наадмын эхний өдөр өглөөний 06.00 цагт Чингисийн талбайд 1000 лам ном хурна. Итгэл, Ганданлхавжаа, Даллага, Ногоон дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл, Жанлавцогзол гэхчилэн нийт монгол түмэндээ засал болохуйц номыг хурж, арц хүжийн ариун үнэрийг түгээх гэнэ. Мөн Хүй долоон худагт Өндөр гэгээний дүрийг залж, мандал өргөнө. Лам нарын дунд унзад хоолойн болон нос хаялцах, мэтгэлцэх , балин тосон урлалын тэмцээн зохиох ажээ. Даншигийн наадмыг сэргээх сургаар олны анхаарал татаж, хэл ам дагуулсан нэгэн зүйл бол бөхийн барилдаан, бөхчүүдийн цол хэргэм юм. Даншигийн наадамд төрийн наадмын цол хэргэм, дүрэм журам үйлчлэхгүй бөгөөд Даншиг наадмын бөхийн барилдааныг өвөрмөц байдлаар хийж, өөрийн гэсэн цол олгох ажээ. Өөрөөр хэлбэл төрийн наадмын аварга арслангууд шинэ залуу бөхчүүдтэй эн тэнцүү гэсэн үг. Тиймээс хэн ч наадмын түрүүг авч мэднэ. Харин тэр нь эргээд бөхчүүдийн эрэмбэ, зэрэг зиндаанд нөлөөлөх үү, Даншиг наадмыг сэргээж байгаа нь шашныг, тэр дундаа мухар сүсгийг хэт дэлгэрүүлсэн хэрэг биш үү гэсэн асуултын хариуг хотын даргаас асууж тодрууллаа.
-Даншиг наадмын цол хэргэм төрийн наадмын зэрэг зиндаанд хамаарахгүй, ангид өөр зүйл. Тиймээс бөхийн эрэмбэ дараалал, зэрэв дэвд нөлөөлнө гэж бодохгүй байна. Даншиг наадмыг шашны зан үйл хэмээн үзэж мухар сүсүгтэй холбож буй хүмүүсийг би үнэндээ гайхаад байгаа. Би нэг их сүсэгтэй хүн биш. Гэхдээ шарын шашин бол дэлхийн найман том иргэншлийн нэг гэдэг. Тэгээд ч өнөөдөр ламгүй, багшгүй хүн байна уу. Дарга даамлуудаас эхлээд эгэл иргэд цөм шашин номд сүсэглэж, ирээдүй хойтоо даалгаж л байгаа шүү дээ. Тэгсэн хэр нь хүмүүсийн санаж сэдсэнийг гутаах гэсэн мэт бусармаг яриа гаргагчдын дотор гадны явуулга байхыг ч үгүйсгэхгүй. Хотын зүгээс энэ наадмыг аялал жуулчлал хөгжүүлэх, аяллын бизнесийг өргөжүүлэх гарц гэдэг үүднээс илүү ач холбогдол өгч байна. Тэр чиглэлийн бизнес эрхлэгчид ч талархаж хүлээн авсан. Аялал жуулчлалын тур компани, авиакомпаниуд, зочид буудал, нийтийн хоолныхон, хотынхон бид чинь нэг баги болж байж сая амжилтад хүрнэ. Монголд ирсэн жуулчид монгол мах идэж, сүү ууж, монголын үйлдвэрлэлийг л дэмжинэ биз дээ. Дэлхийн хотууд аялагчдыг татах арга хэмжээ, эвент олныг зохиодог. Тиймээс бид Даншигийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт багтаан дэмжин ажиллаж байна гэлээ.
Хотын мэр Вена хотын жишээг татна лээ. Тус хот жилд 80-90 эвентийг 260-270 сая евро заран байж зохион байгуулдаг бөгөөд эргүүлээд 560 сая еврог улсдаа төвлөрүүлдэг гэдгийг онцолж байлаа. Арабт зөвхөн онгоцны буудлын хураамжаар 40 тэрбум ам.доллар олдог гэх. Эдгээртэй дүйхгүй ч ирээдүйд дөхөх гарц олохоос аргагүйг хотын мэр онцолсон. 17-18 насандаа IRISH PUB хэсч, улс төрөөр амьсгалах болсон залуусаа өөр зүгт хөтөлж, эрүүл аж төрөх эхлэлийг тавин, илүү баялаг амьдармаар байгаагаа ч хотын дарга нуусангүй.
Д.ЦЭЭНЭ