Төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг санал хураалтаар үргэлжиллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг санал хураалтаар үргэлжиллээ

Төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг санал хураалтаар үргэлжиллээ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.29) хуралдаан 11 цаг 03 минутад, гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасныг тодотгов.

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 150 гаруй саналын томьёолол гаргажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналын томьёоллуудыг бүлэг, бүлгээр нь хэлэлцэж, санал хураалт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь нь дэмжсэн. Иймд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд гаргасан улс төрийн намуудын үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан,  Н.Оюундарь, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ  нар  байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэж хэсэг нэмэх заалтыг оруулсан бол  Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн саналд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.”гэж өөрчлөн найруулахаар,  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасах саналыг тус тус  гаргасан байлаа.

Гишүүдийн зүгээс төсөлд улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, хөрөнгө орлогын эх сурвалж, зарцуулалт зэрэг суурь зарчмыг тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, гишүүнчлэлийн хатуу босго тогтоох шаардлагагүй. 330 сум,1660 баг,160 хороодод намын нэгж байгуулах, түүнд ажиллах хүмүүсийн цалин хөлс гээд багагүй санхүүжилт шаардагдахаас гадна, цаашлаад иргэдийг улстөржүүлж, ард түмнийг хагаралдуулах байдлыг дэвэргэх, жижиг намуудын үйл ажиллагааг хязгаарласан болон шинэ нам байгуулах боломжийг хаасан асуудал үүсэх  вий хэмээн олон талт байр суурийг илэрхийлсэн.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, гишүүдийн өргөн барьсан төсөлд “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэсэн байгаа. Одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийн арван зургадугаа зүйлийн 10-т “Нам, олон нийтийн бусад бүх байгууллага, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг биелүүлнэ” гэсэн байдаг. Энэ заалтын дагуу улс төрийн нам байгуулах эрх нь нээлттэй. Харин нийгэм, төрийн аюулгүй байдал, түүнийг сахин хамгаалж, хүндэтгэж, хуулийг биелүүлэх үүргийг зааж өгсөн. Тийм учраас нэг заалт болон орж ирж байгаа юм. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг нь дэлхий нийтийн ерөнхий жишиг гэдгийг тодотгож байлаа. Тэрбээр,  улс төрийн нам үйл ажиллагаа, бодлогоо улсын хэмжээнд явуулна гэдэг зарчмыг л зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, орон нутаг, шашин, бүлэглэлийн хэмжээнд явцуу үйл ажиллагаа явуулахгүй гэсэн зарчмыг л суулгасан. Энэ заалт орсноор одоо байгаа улс төрийн намуудын үйл ажиллагааг хязгаарлах, тэднийг түрэх зүйл огтхон ч байхгүй, үүнийг мушгиж, гуйвуулахгүй шаардлагагүй гэдгийг гишүүдэд анхааруулав. Мөн тэрбээр, Би үүнийг улайран дэмжээд байгаа юм биш. Тодорхой судалгааны үндсэн дээр бусад улсын жишгийн дагуу одоогийн үйлчилж байгаа улс төрийн намын  тухай хуулийн утга, агуулгыг баяжуулан хөгжүүлэхийн тулд оруулж ирсэн заалт. Нам бол төрийн бодлогод оролцъё, засгийн эрхийг барья гэсэн нэгдэл бөгөөд бодлогоор өрсөлддөг улс төрийн байгууллага. Тиймээс зохион байгуулалт, гол зарчмыг Үндсэн хуульд суулгаж өгөхөөс өөр аргагүй гэж байлаа.

 

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байр сууриа илэрхийлэхдээ, “Өнөөдөр монголын нийгэмд улс төрийн намуудыг үнэлэх үнэлэмж буурсан. Нөгөө талаас  улс төрийн намуудын хариуцлагагүй үйлдэл, иргэдээ хагаралдуулж,  улстөрчдийн ёс зүйгүй, хууль зөрчсөн байдал, төрийн доройтолд хүргэснийг бид нүдээр харж байгааг онцлов. Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлдөө улс төрийн намыг төлөвшүүлэх,  үйл ажиллагааг нээлттэй, санхүүжилтийг нь ил тод болгож, хариуцлагажуулах үүднээс улсын хэмжээнд бодлогоо тодорхойлж, үйл ажиллагаа явуулах зэрэг тодорхой шалгуур, шаардлага тавих шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Улс төрийн намыг цэвэршүүлье, зарчимтай болгоё гэж бодож байгаа бол улс төрийн намын төлөвшлийг Үндсэн хуулийн зарчимд зайлшгүй суулгах шаардлагатай. Гишүүд үндэсний хэмжээний намыг төлөвшүүлэх асуудлыг шүүмжилж  байна.  Хэрэв үзэл баримтлалгүй, улс орны хөгжлийн алс хэтийн төлөвийг тодорхойлж чадахгүй, үзэл баримтлал нь нийт иргэдэд хүлээн зөвшөөрөгдөхгүй тийм улс төрийн намууд байгаад л байвал  өнөөдрийн улс төрийн намуудын зовлон дуусахгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны ч хэрэг гарахгүй” хэмээн мэдэгдэж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг нь УИХ-ын 62 гишүнээс өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ч байгаа. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн саналд ч "улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна" гэдэг нь хэвээр байгаа. Гэнэт өөр хүний саналаар өөрчлөгдсөн мэт мушгиж, тайлбарлах шаардлагагүй.  Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг гишүүдийн хэлээд байгаа шиг 330 суманд намын нэгж байгуулах, бүтэц, зохион байгуулалтыг чиглэсэн агуулга байхгүй. Харин улс төрийн намууд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах бодлого, хөтөлбөртэй байх агуулга л байгаа” гэдгийг гишүүдэд тайлбарлан, анхааруулж байлаа.

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал хураалтыг цахимаар явуулахыг дэмжиж байгаа ч техникийн саатал гарахыг үгүйсгэхгүй. Иймд техникийн гацалтаас болж гишүүний санал ороогүй, эсрэг гарсан тохиолдолд үүнийгээ протоколд тэмдэглүүлж, дэмжсэн, дэмжээгүй аль нэг саналд тоог нь нэмэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.1 хувь нь дэмжив.

Ингээд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэсэн хэсэг нэмэх төслийн заалтын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн  16.1 хувь нь дэмжсэнгүй. Ингэснээр үдийн завсарлага болсон тул  хуралдаан түр өндөрлөж, үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлэхээр боллоо 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж