Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын төрийн дээд удирдлагууд хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоop худалдаалах болон хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх Монгол Улс дахь асуудлуудыг хөндөх олон жилийн төлөвлөгөө бүхий Хүүхэд хамгааллын түншлэлийн (ХХТ) Компакт гэрээний нөхцөлүүдийг хэлэлцэх цуврал уулзалтыг энэ долоо хоногт зохион байгуулав. Ирэх хэдэн сарын хугацаанд хоёр улсын Засгийн газар гэрээг хамтран боловсруулснаар энэхүү Түншлэлийн гэрээгээр 5 сая хүртэлх ам. долларыг АНУ-ын тусламжийн хүрээнд олгох юм. Энэ нь улс хоорондын тав дахь ХХТүншлэл болох юм.
Гадаад харилцааны яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Хүн худалдаалахтай тэмцэх Үндэсний дэд зөвлөлийн бусад гишүүд зэрэг хүний наймаатай тэмцэхэд гол үүрэг хариуцлага хүлээсэн яамд, төрийн байгууллагуудын төлөөлөл Монгол улсын талаас хэлэлцүүлгийг удирдан зохион байгуулав. АНУ-ын талаас Төрийн Департаментын Хүний наймаатай тэмцэх, хянах алба (ХНТХА) нь хэлэлцүүлгийг удирдан зохион байгууллаа.
АНУ, Монгол Улс хоорондын боломжит ХХТүншлэл нь хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхээр гаргаж буй Монгол Улсын Засгийн газар болон иргэний нийгмийн өнөөгийн хүчин чармайлт дээр түшиглэх болно. ХНТХА нь түншлэлийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж, түншлэлийн хугацаа дууссаны дараа хамтын хүчин чармайлтаар бий болсон ахиц дэвшлийг цаашид тогтвортой байлгахын тулд зохих хөрөнгө, нөөц бололцоогоо дайчлахыг Монгол Улсын Засгийн газраас хүснэ.
Хоёр улсын Засгийн газрын төлөөлөл нь хүн худалдаалах гэмт хэргийг мөрдөн байцаах, гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулах Монгол Улсын Засгийн газрын хүчин чадлыг сайжруулах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах гэмт хэргийг илрүүлж, хариу арга хэмжээ авах, хүүхэд худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалахад цогц үйлчилгээ үзүүлэх, цаашид ийм төрлийн хүний наймааны гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхүйц түншлэлийн зорилтууд болон хэрэгжүүлэх стратегиудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл Клечески хэлэхдээ, “2019 он бол АНУ- Монгол Улсын Залуучуудын жил бөгөөд хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж, хүүхэд залуучуудыг аюулгүй байлгахын төлөө хамтран ажиллахаас чухал ажил бидэнд үгүй билээ” гэв.
АНУ-ын Төрийн департаментын Хүний наймаатай тэмцэх, хянах алба (ХНТХА) нь улс орнуудын Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайланг (ХНАТБТ Тайлан) жил бүр боловсруулснаар дэлхий даяар хүний наймаатай тэмцэх АНУ-ын оролцоог удирдан чиглүүлэх үүрэгтэй. 2019 оны ХНАТБТ Тайланд Монгол Улсын Засгийн газар нь хүн наймаалах асуудлыг авч үзэхэд анхаарах наад захын стандартыг хараахан хангаагүй ч, ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг онцлон тэмдэглэсэн. Монгол Улс 2018 онд 2-р шатлалын анхаарал татаж буй орны жагсаалтад орж байсан бол, 2019 онд зэрэглэлээ ахиулж 2-р шатлалд орсон.
Хүний наймаатай тэмцэх, хянах албаны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч, тус албаны Твиттер ба Фейсбүүк хуудсуудыг дагахыг хүсвэл дараах холбоосоор зочилно уу:
https://www.facebook.com/usdos.jtip
https://twitter.com/JTIP_State
https://www.state.gov/child-protection-compact-partnerships/
Эх сурвалж: Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ