НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагийн боловсруулж өргөн барьсан “Хүүхдэд ээлтэй хот” дэд хөтөлбөрийн төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх байсан боловч хэлэлцсэнгүй.
Уг хөтөлбөрийн төслийг энэ оны тавдугаар сарын 1-нд Нийслэлийн Засаг даргад өргөн барьж, НИТХ-ын Хуралдааны дэгийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 заалтаар дэмжигдсэн байна. Мөн тавдугаар сарын 23-нд НИТХ-ын даргад төслийг өргөн барьж, гурван сарын дараа буюу өнөөдөр хэлэлцэхээр байсан юм.
Гэвч Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нь хуралд орж ирэх боломжгүй байгаагаа мэдэгдэж, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нь хуралдаанд ирээгүй, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас албан бичгээр хариу ирсэн эсэхийг мэдэхгүй байгаагаа хэлж, одоо хөтөлбөр батлах шаардлагатай эсэх талаар тайлбар хийсний улмаас өнөөдөр дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцэж чадсангүй.
Нийслэлийн Засаг дарга нь дэмжээд бүтэн 3 сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад өөрт нь очсон ажлыг дарж суучихаад НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр ч орж ирэхгүй, ажлаа мэдэхгүй байна гэдэг тайлбар хийж байгаа газар, хэлтэс, агентлагийн дарга нартаа хариуцлага тооцохгүй бол хотын ажил явахгүй нь тодорхой биз ээ. Тэр дундаа нийслэлчүүдийн өмнө хамгийн их тулгамдсан асуудал болоод буй хүүхдүүдийн төлөө ажил энэ мэтээр зогсонги байдалтай байгаа нь харамсалтай.
Төрийн албаны наад захын ёс зүйгүй тангараг өргөсөн албан хаагчиддаа Төрийн албаны зөвлөл ч хяналт тавих цаг нь болжээ.
Г.ХОРОЛ