Хуульчид “зангиагүй” жагсч, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Хуульчид “зангиагүй” жагсч, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэв

Хуульчид “зангиагүй” жагсч, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэв

УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэж буйтай холбогдуулж Монголын хуульчдын нийгэмлэг ТББ-аас өнөөдөр /2019.08.29/ тайван жагсаал зохион байгууллаа. Жагсаалд ирсэн хуульчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн шүүхтэй холбоотой хэсгийн талаар УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэхээр санал нэгдлээ. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжээд буй гурван заалтыг Үндсэн хуульд тусгавал шүүхийг хараат бус, шударга болгоход чухам алхам болно хэмээн дэмжиж буй.  Энэ үеэр хуульчдын байр суурийг сонссоноо хүргэе.


ХУУЛЬЧДЫН ЗҮГЭЭС УИХ-ЫН ГИШҮҮДЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ 

Хуульч, өмгөөлөгч С.Халиунаа "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 1999, 2000 онд ухарснаас хойш өнөөдрийг хүртэл нэмэлт өөрчлөлт оруулахаар хүлээгдэж байна. Сүүлийн арав гаруй жилд энэ чиглэлээр маш олон судалгаа хийгдсэн. Энэ оны хавар УИХ-ын 62 гишүүн шүүх тогтолцоог улстөрчдөөс хараат бус байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэтэл энэ оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн төслийг өргөн барилаа. Төсөл өргөн барьсан асуудал нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмаараа зөвхөн 35 хувь дотор багтах ёстой. Хоёр төсөл өргөн баригдаад 43 хувь болсон учир зөвшилцлийн тогтоолоор ажлын хэсэг байгуулагдан ямар зүйл заалтыг УИХ-д оруулах уу гэдэг нь долдугаар сарын 22-ноос хойш хэлэлцээд явж байна.

Өнөөдрийн байдлаар Төрийн байгуулалтын байнгын хороонд гурван зүйл заалт үлдчихсэн. Эдгээр заалтыг хуульчид хамгаалах нь зөв гэдэгт санал нэгдэж байна. ШЕЗ нь 10 гишүүнтэй, шүүгчдээ томилдог заалтад бид дэмжинэ. Хуульчдын зүгээс УИХ-ын гишүүдэд багаар ч бай томоор ч бай урагшлах ёстой гэдэг утгаараа энэхүү шаардлагыг хүргүүлж байна" гэлээ.

ШҮҮХ УЛСТӨРЧДӨӨС ХАРААТ БУС БАЙЖ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁС ХАНГАГДАХ ЁСТОЙ

Хуульч, өмгөөлөгч Д.Үүрцайх "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц төрийн ордонд болж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл буюу 62 гишүүний өргөн барьсан төсөлд шүүхийг хараат бус болгох, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөв болгох чиглэлд олон дэвшилттэй санал гарсан байсан. Гэтэл УИХ-ын хоёрдугаар хэлэлцүүлгийн дундуур Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл орж ирсний улмаас “зөвшилцлийн” гэдэг ажлын хэсэг байгуулагдаж шүүх эрх мэдлийг сайжруулах чиглэлд хийсэн байсан өөрчлөлтүүдийг бүгдийг хасах гэсэн саналыг хүлээн авсныг хуульчид бид өнөөдөр эсэргүүцэж цуглаан зохион байгуулж байна.

Шүүх улстөрчдөөс хараат бус байж хүний эрх чөлөө, шударга ёс хангагдах ёстой. Шүүхийн хараат бус байдлыг өөрчлөх ёстой талаар иргэд хуульчид санал нэгдэж байгаа. Үүнийг хөндөж, 62 гишүүний өргөн барьсан төслийг танигдахгүй болтол нь өөрчлөөд шүүхийн хараат бус байдлыг хангагдах боломжгүй шахам болгож хэлэлцэж байгаад бид эсэргүүцэж байна" гэв.

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ УЛАМ БЭХЖҮҮЛЭХ ЁСТОЙ

Монголын хуульчдын холбооны мэргэжлийн дүрэм ёс зүйн хорооны дарга Н.Баасанжав “Монголын хуульчдын холбоо 5600 гаруй хуульчтай. Бидний энд цугласан шалтгаан бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Хуульчид бид өнөөдөр хараат бус шүүхийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улам бэхжүүлэх ёстой.

Тэр утгаараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэр бүхий 62 гишүүний анх санаачилсан есөн заалт байсан. Одоо зөвшилцөл явагдаж, шүүхтэй холбоотой чухал заалтууд хасагдсан. Хэдийгээр зарчмын хувьд есөн заалт түүнээс илүү заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийгээсэй гэж хувийнхаа хувьд хүсч байсан ч одоо хууль дээдлэх захирах зарчмаар гурван заалт орж байгаа учраас ядаж гурван заалт агуулгаараа батлагдаасай гэж хүсч байна. Шүүх засаг захиргааны нэгжээс тусдаа байх ёстой. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн"гэлээ.

ХАРААТ БУС ШҮҮХ АРДЧИЛСАН ИРГЭНИЙ НИЙГМИЙН ГОЛ ТУЛГУУР БАГАНА

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан “Өнөөдөр шүүх эрх мэдэл хараат бус байдал яригдаж буй чухал цаг үе. Одоогийн зохицуулалтаараа шүүхийн хараат бус байдал нэлээд эрсдэлтэй байна. Яагаад гэхээр шүүгчийн томилгоо болоод шүүгчийг сонгон шалгаруулах ШЕЗ, шүүхийн сахилгын хороо нэг хүнээс хамааралтай болох эрсдэл бий.

Ийм тохиолдолд шүүгчийн хараат бус байдал зөрчигдөх эрсдэл өндөр байна. Үүнийг бид залруулах нь зөв гэдэгт санал нэгдсэн. Бид шүүхийн хараат бус байдлыг Үндсэн хуульдаа бэхжүүлж өгөх замаар шүүх эрх мэдлийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Хараат бус шүүх ардчилсан иргэний нийгмийн гол тулгуур багана. Үндсэндээ шүүхийн хараат бус байдал хүний эрх чөлөө, шударга ёсны баталгаа байдаг. Тэхэхээр үүнийг бид улам бэхжүүлж, төгөлдөржүүлэхгүй бол бүх асуудал яг хэвээрээ байна.

 

Э.АРИУН 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж