Малчдаас татвар авдаг болъё

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Малчдаас татвар авдаг болъё

Малчдаас татвар авдаг болъё

Малыг хонин толгойд шилжүүлэн тооцож, малын хөлийн татвар тогтоодог болъё гэх саналыг малчдаасаа эхлэн тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болсонгүй. Гэхдээ асуудал хөндөгдсөөр… Хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх үеэр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Нэг хуулийн дор амьдаръя, бүгдээрээ татвар төлье. Улаанбаатарын бид хэд 27 жил арьсаа хууртал татвар төллөө. Малчид найр хийгээд, өөх идээд л, торгонд биеэ ороочихоод талаар нэг давхиад байх юм. Татвар төлдөг болгооч ээ?” гэсэн нь сонсоход хатуу ч үнэн үг юм.

Өвөл хатуу болох дохиог цаг уурчид өгч эхэлсэн ч хадландаа гарсан малчид цөөн дуулдана. Ургийн баяр, цолны найр, хурим, хүүхдийн сэвлэг үргээх ёслол гээд найраас найр дамжсаар намрын сарыг дуусгах янзтай. Есдүгээр сарын дундаас цас хаялж, өвөл ирж буйг дохиолохоор эрх биш мал хуйдаа өвс, тэжээл бэлтгэх ёстойгоо санана гэж найдъя.

Ер нь орчин цагийн малчдын амьдралын хэмнэл нэг биш болчихоод байгааг ахмадууд ярьдаг. Машин унаж хөдөө, хотын завсар давхисан нөхөд л олширсон. “Мянгат малчин” цол гуншинтай малчин нь жилийн дөрвөн улирлын гуравт нь үзэгдвэл их юм. Мал авах, ямаа самнах, идэш бэлтгэх цагаар л нутагтаа очно. Өвс, хадлангаа бэлтгэхэд оролцохгүй. Хэдэн нөхөр малынх нь өвөл идэх, өвс тэжээл бэлддэг.

Байгаль дэлхий дошгирч хатуу өвөл, хавар ирвэл ард иргэдээс тусламж хүснэ. Зудын сургаар төр, хувийн хэвшилгүй хөдөлнө. Зургаан настнаасаа эхлээд элгэвч, нэмнээ хийж, лаа, шүдэнз худалдан авч өгөх даалгавартай. Аав, ээж нь нэг өдрийн цалингаа хандивлана. Улаанбаатар хотоос Шадар сайд нь командлаад Онцгой байдлын ерөнхий газрын далбаан дор өвс, тэжээл, гурил будаа ачсан автомашины цуваа хөдөлнө. Бүхнийг фронтод гэдэг шиг л үйл явдал өрнөнө дөө.

Гэтэл нийслэлд махны үнэ тэнгэрт хадаж, нэг кг үхрийн мах 16 мянга 500 төгрөгт хүрэхэд малчид үл тооно. Улам л үнэ орохыг хүлээнэ. Тусламжийн өвс, тэжээлээр бордсон төлгөө 140 мянган төгрөгөөс буулгахгүй худалдана. Нэгээр тогтохгүй хэдэн зуугаар нь худалдан борлуулсан ч малчид татвар төлөхгүй. Хэдэн саяар нь ашиг хийсэн ч улс 100 мянган төгрөгийн ч татвар авахгүй.

Харин бизнес эрхлэгч 25 кг гурил үйлдвэрлэсэн ч, нэг ширхэг цамц үйлдвэрлэж, худалдан борлуулсан л бол тэр бүгдэд татвар төлдөг. Ийм нэг тэгш бус татварын харилцааг өөрчилье гэдэг санаачлага гарсныг одоо л Засгийн газар дэмжээд ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

Бэлчээрийн даац хэтэрснээ бодсон ч, малынхаа чанарт анхаарахаа бодсон ч тоо чухал биш болохыг өнгөрсөн хугацаанд хангалттай мэдэрлээ.

Монгол Улсын мал сүрэг өнөөдөр 80 сая толгойд хүрээд байна. Дэлхийд нэг хүнд ногдох малын тоогоороо тэргүүлнэ. Гэвч малын тоо толгой өслөө гээд махны үнэ буурсангүй. Зовлого шиг малыг өндөр үнэтэй худалдан авч хүнсэндээ хэрэглэдэг болсон. Угтаа бол махны үнэ нэмэгдсэн бол дагаад чанар нь сайжрах ёстой юм. Гэтэл үгүй.

Малчид малынхаа тоогоор татвар төлдөггүй учраас чанарт анхаардаггүй. Хэрэв нэг хонинд 1000 төгрөгийн татвар ногддог байсан бол малчид ашиг шим их өгөх мал маллахаа л бодно.Бодлого судлалын төвийн мэдээллээр бэлчээр талхлагдсанаас соргог бэлчээртэй байсан үетэй харьцуулбал хонины амьдын жин 8.3, ямааных 5.7,  ямааны ноолуурын гарц 2, хонины ноосны гарц 8, хонины саам 36 хувиар буурчээ.

Үүнийг эдийн засгийн өгөөжөөр тооцож үзвэл зөвхөн ноос, ноолуур, махан ашиг шимийн гурван үзүүлэлтээр тооцоход орлогын алдагдал жил бүр 1 малчин өрхөд 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна гэсэн тооцоолол ч гарсан байгаа юм.  Энэхүү тооцоо гаргахдаа 61.5 сая толгой малтай байх үеэр тооцож гаргажээ. Нэг үгээр хэлбэл, малын тоо толгойн хойноос хөөцөлдсөн одоогийн мал аж ахуйн тогтолцоо бэлчээрээ талхалж сэргэх боломжгүй болгосон төдийгүй малчиндаа ч, улсдаа ч эдийн засгийн асар их алдагдал авчирч байгаа нь эндээс харагдана.

 

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж