Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын агаар, сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийнхан “СУ-30СМ” сөнөөгч онгоцоор агаарт уран нислэг үйлдэж, Монголын ард түмэнд сонирхуулсан билээ.
Тус багийнхан 57-уулаа Монголд ирсэн бөгөөд дадлагын нислэг үйлдсэнийх нь дараа Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах хороо, Батлан хамгаалах яамнаас ялалтын 80 жилийн ойн медаль гардуулсан байна. Ойн медалийг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал нар гардуулан өгчээ.
Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаярын хэлснээр “СУ-30СМ” онгоц нь Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай, амдан сөнөөгч онгоц юм байна.
ОХУ-ын нисэгчид өндөр ур чадвар, техник шаардсан хүнд үзүүлбэрүүдийг сайн гүйцэтгэсэн бөгөөд “үхлийн гогцоо” хэмээх бүтэн тойргоор эргэлдэх үзүүлбэр нь хамгийн хүнд үзүүлбэрт тооцогддог ажээ.
“СУ-30СМ” тийрэлтэт онгоц нь яндангийн хэлбэрээ өөрчилдөг тул огцом эргэлт, өндөр хурдаас зогсолт хийх, эгц доош газар руу довтлох зэрэг хүнд жолоодлогууд хийхэд дөхөм байдаг байна.
Б.ЖАРГАЛ