Гемодиализийн аппаратгүй аймаг, дүүрэг бий | News.MN

Гемодиализийн аппаратгүй аймаг, дүүрэг бий

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Гемодиализийн аппаратгүй аймаг, дүүрэг бий

Гемодиализийн аппаратгүй аймаг, дүүрэг бий

Монгол-Японы бөөр орлуулах аппаратын (гемодиализ) эмч, сувилагч, инженер, техникч нарын хамтарсан уулзалт, семинар өнөөдөр /2019.08.29/ Эрүүл мэндийн яамны хурлын танхимд болж байна. Сургалтаар гемодиализ эмчилгээний техникийн үндэс, аппаратын тохиргоо, ус уусмалын чанарын үнэлгээ шинжилгээ хийх дадлагын сургалт, эмчилгээний төрлүүд болох гемодиафильтраци, аферез эмчилгээний талаар болон судасны хүрцийн талаар мэдлэг, мэдээлэл өгөх юм.

Монгол улсад өнөөдрийн байдлаар гемодиализийн нийт 180 гаруй аппаратаар 800-аад хүн үйлчлүүлж байна. Төсвийг нь даатгалаас баталж өгдөг үнэгүй үйлчилгээ учраас мөнгө санхүү орж иртэл хүмүүсийн дараалал үүсдэг байна. Үүнээс гадна гурван сая хүний 800-аад нь уг аппаратаар үйлчлүүлж байна гэдэг их тоо юм.

Энэ талаар Нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний төвийн эмч Т.Хурцбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед манай улсад бөөрний дутагдалд орсон өвчтөн ихсэх хандлагатай болж байна гэлээ. Энэ юунаас болж байна вэ?

-Хүний идсэн уусан хоол хүнсийг бөөр шүүж, хорыг нь гадагшлуулдаг. Гэтэл бөөр үүргээ биелүүлж чадахгүй, нэг ёсондоо ажиллагаагүй болсноор, хороо дотор эрхтэнд шингээж эхэлдэг. Үүнийг зогсоохын тулд гемодиализийн аппаратаар бөөрийг орлуулж байгаа юм. Уг өвчин зөвхөн манай улсад их байгаа юм биш, дэлхийн хэмжээнд анхаарал хандуулах асуудал болж байна. Үүнд амьдралын чанар их нөлөөлж байна. Гэхдээ шалтгаан нь улс бүрт өөр байдаг. Монголын хувьд агаар, хөрсний бохирдол, хоол хүнсний эрүүл ахуй, хувь хүний амьдрах хэв маягаас их шалтгаалж байна. Үүнээс гадна чихрийн шижин өвчин манайд маш хурдацтай тархаж байна. Энэ өвчний эцсийн шат бол бөөрний дутагдал.

-Энэ өвчнөөр жилд хэдэн хүн өвчилж байна вэ? Хийсэн судалгаа бий юу?

-Үнэнийг хэлэхэд, санхүүтэй холбоотойгоор нарийн судалгааг бид хийж чадахгүй байна. Цахим хуудсанд байршуулсан газрын зураг харахад дэлхийн хэмжээнд тоон мэдээлэл гаргаагүй улс Монгол байдаг. Зөвхөн эрүүл мэндийн салбарт ч биш, бусад бүх салбарын судалгаа тоон мэдээллийг харж байхад манай улс л цайвраар харагддаг. Судалгаа хийхэд хүний нөөц дайчлагдаж ажиллана, цалинжуулна, замын зардал гаргана гээд төсөв мөнгө шаарддаг.

-Аппаратын хувьд хүрэлцээ, дараалал их байдаг гэлээ. Тэгвэл өвчтөнүүдэд хүрч ажиллах эмнэлгийн боловсон хүчин, ажилчдын хүрэлцээ хэр байдаг вэ?

-Олон улсын жишгээр бол таван өвчтөнд нэг сувилагч, 10 өвчтөнд нэг эмч хүрч ажиллана гэсэн стандарт байдаг.

Манайд бол тухайлбал, 1-р төв эмнэлэгт 18 аппаратад 100-аад хүн орж байна. Үүнд ногдох сувилагчийн тоо 10 орчим. Тэгэхээр стандартын шаардлага бол хангахгүй байна гэсэн үг. Орон нутагт бол аппаратын тоо цөөхөн, ганцхан эмчтэй байдаг.

Хэрэв эмч ямар нэгэн байдлаар чөлөө авлаа гэхэд орлох мэргэжлийн эмч дутагдалтай байна. Бүр гемодиализийн аппаратгүй ч аймаг дүүрэг байна. Жишээ нь Говь-сүмбэр аймаг, Чингэлтэй дүүрэгт одоог хүртэл энэ аппарат суурилуулаагүй. Бид өвчтөнүүдээ бодоод нөөц бололцоогоо ашиглаад ч болов аппараттай бол гэж хадаг барих нь холгүй гуйж байна. Гэтэл тэд сэтгэл гаргахгүй байна. Бидэнд чирэгдэл үүсч байгаадаа бус, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх талаас нь харж байгаа юм. Салбараа муулж байгаа юм биш, бодит байдал ийм л байна.

Уг семинар энэ жил гурав дахь удаагаа болж байгаа бөгөөд Японы талаас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг иржээ. Энэ удаагийн семинарын гол зорилго бол Японы талаас гемодиализийн технологийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, аппаратын уусмалын чанарыг дээшлүүлэхэд чиглэж байгаа аж. Аппаратын уусмал сайн байвал өвчтөнд очих тусламж, үйлчилгээ нь илүү байдаг юм байна. Япон улс бол энэ чиглэлийн эмнэлгийн тусламжаар дэлхийд тэргүүлдэг улс юм.

Кеничи Кокубо Япон улсын Китасато Их сургуулийн доктор, профессор

-Дэлхийд сүүлийн үед гемодиализийн аппарат тоног төхөөрөмжийн хувьд ямар дэвшил гарч байна вэ?

-Бүх улсад ажиллаж байгаа аппарат адилхан. Хамгийн гол нь тухайн төхөөрөмжийг зөв ашиглаж, ажиллуулж гэдэг их чухал. Тухайлбал энэ аппарат шавхуургаар ажилладаг. Тэгэхээр цус шингэнийг гүйлгэхийн тулд зөв хэмжээс, эзэлхүүнтэй, зөв явуулах гэдэг арга техникийг сайн мэдэх ёстой. Хүний биеэс хортой бодис усаар шүүх процесс нарийн тооцоололтой байна. Ашиглаж байгаа зүйл нь шаардлага хангаж байна уу гэдгийг анхаарах нь чухал.

-Японд уг аппаратаар үйлчлүүлэх өвчтөн хэр их байдаг вэ, эмчилгээний баг хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй байдаг вэ?

-Япон улс 100 гаруй сая хүн амтай. Гемодиализийн аппаратад ордог 330 мянга хүн байна. Уг аппаратын хүртээмж манай улсад маш сайн байдаг учир хүн бүр энэ тусламжийг авах боломжтой. Тэр хэмжээгээр хүмүүсийн амьдрах наслалт өндөр байдаг. Жишээ нь бөөрний дутагдалтай боловч аппаратад ороод 30,40 жил амьдарч байгаа хүмүүс байна.

Японд 40 ортой диализийн төвд 3-4 эмч, 10 гаруй сувилагч, 10 гаруй инженер, техникч ажилладаг. Дээр нь хоол зүйч, бариа засалч, сэтгэл зүйч, физик эмчилгээ, нийгмийн ажилтан зэрэг хүмүүстэй баг хамтарч ажилладаг юм.

Харин Монгол улсын хувьд одоогоор эдгээр үйлчилгээг эмч, сувилагч нь давхар хариуцаад явж байгаа тухай 1-р төв эмнэлгийн бөөрний төвийн эмч Т.Хурцбаяр ярьж байна. Тэрбээр “Бөөрний дутагдалд орсон өвчтөнд наад зах нь сэтгэл зүйч, нийгмийн ажилтан зайлшгүй шаардлагатай болдог. Тэд уур бухимдлаа ар гэрийнхэн, эмч сувилагчдад гаргадаг байна. Гэтэл өвчнийг зөвхөн биеийн талаас бус сэтгэлзүйгээр давхар эмчлэх нь илүү нөлөөтэй байдаг гэнэ.

Монгол улсад бөөрний дутагдалд орсон өвчтөнүүдийг сэтгэлзүйгээр эмчлэх байтугай диализийн аппаратаа ажиллуулах инженер, техникийн ажилтан маш ховор байна.

Бид гаднын улс оронд сургадаг боловч тэд хэдэн жил ажиллаад ажлын ачаалал, цалин хөлсөө голоод өөр газарт ажиллахаар явж байна. Өөрөөр хэлбэл бид боловсон хүчний дутагдалд ороод байгаа юм. Тиймээс бид Япон улстай хамтран эмч, сувилагч, инженер, техникийн ажилчдаа сургах энэхүү семинарыг зохион байгуулж байгаа юм” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүн 2019-08-29 66.181.161.77

хаа сайгүй хүн дутагдаад байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж