Цахилгааны үнэ нэмэгдсэн нь мянган зовлон өдөөжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Цахилгааны үнэ нэмэгдсэн нь мянган зовлон өдөөжээ

Суурь үнэ нэмэгдсэнээс бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, макро эдийн засагт нөлөөлнө

Цахилгааны үнэ нэмэгдсэн нь мянган зовлон өдөөжээ

Зуны турш налайж, найрлаж амарсан монголчууд намар болмогц ажил, амьдралын хэмнэлдээ орж “ус, цахилгааны төлбөр яагаад нэмэгдчихэв ээ” гэсэн асуулттай тулгарлаа. Хариулт нь “цаанаасаа” гэсэн жижүүрийн үгтэй. Энэ үгийг нарийн тайлбар дагалдаж буй учир хэрэглэгч бүрт таниулах нь чирэгдэл, зардал шаардах ажил учраас “цаанаасаа” гээд хэлчих нь “мянган үгийн таглаа” болох дог. Гэхдээ асуудал нь тайлбар тавьж, танилцуулах үйлчилгээндээ бус юм. Гол нь энэ он гараад цахилгаан, цэвэр усны үнэ яагаад нэмэгдсэн бэ гэдэгт байгаа юм. Бүр нарийвчилбал хэдэн төгрөгөөр нэмэх шаардлага хаанаас үүсэв гэдэгт буй.

Цахилгааны үнийг эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог. Тус байгууллага өнгөрсөн хавар цахилгааны үнийг 16 хувиар нэмэх шийдвэр гаргаж төвийн бүсийн цахилгааны төлбөрийг квт/цаг тутамд 12 төгрөгөөр нэмжээ. Тухайлбал, 150 квт/цаг хүртэлх хэрэглээтэй энгийн тоолууртай өрхийнх нэг квт/цаг тутамд 98.4 төгрөг байсныг 110.4 төгрөг болгожээ. Мөн хоёр тарифт тоолууртай айлын өдөр, оройн хэрэглээг тус бүрд нь 12 төгрөгөөр нэмсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нэг өрхийн цахилгааны дундаж хэрэглээг 220 квт/цаг гэж үздэг бөгөөд 12 төгрөгийн нэмэгдлээр тооцвол нэг өрх жилдээ 31.6 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт нэмж тушаах болж байна. Үүн дээр сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөрт 10.5 мянга, суурь үйлчилгээний хөлс хоёр мянга, телевизийн хураамж 1200 төгрөг гээд жилдээ 80.4 мянган төгрөгийг хэрэглэсэн цахилгааны үнээсээ гадна төлөх болжээ.

Өрхийн хэрэглээнд ийм хэмжээний зардал нэмэгдсэнийг одоогоор тооцож эсэргүүцсэн хүн алга. Уул уурхай эрхлэгчдээс авах цахилгааны төлбөрийг нэмээгүй атлаа өрхийн хэрэглээний цахилгааны үнийг нэмсэн нь төр “иргэд дуугүй төлнө” гэж тооцсоных буй за.

Энэ нь иргэн бүрийн ухамсар, санхүүгийн боломж чадвартай холбоотой учир энэ удаад хов зөөгөөд л орхиё.

Харин үйлдвэрлэл, ААН-ийн цахилгааны төлбөрийг нэмсэн нь эдийн засагт нөлөөлөх, цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх учир дуугүй сууж боломгүй.

Үнэ тогтоохдоо салбарын төлөөлөл, судлаачдын саналыг авдаг болмоор байна

Эрчим хүчний зохицуулах хороо ААН-ээс авах цахилгааны төлбөрийг ч энгийн, өдөр, орой, шөнө ялгалгүй квт/цаг тутамд нь 12 төгрөгөөр нэмсэн.  Энэ нэмэгдэл үйлдвэрлэгчдэд нөлөөлөх нь дамжиггүй. Сарын орлогоосоо хэдэн саяар нь цахилгааны төлбөрт өгдөг компаниудад квт/цаг тутмын 12 төгрөгийн нэмэгдэл гэдэг шууд нөлөөлөхөөс гадна овоо хэмжээний төлбөр гарна гэсэн үг. Мэдээж энэ нэмэгдэл төлбөрийг бүтээгдэхүүний үнэд шингээж, худалдан авагчаас гаргуулж байгаа нь гарцаагүй. Тэгэхээр эцсийн бүлэгт ААН-ийн цахилгааны үнийн нэмэгдэл таны, миний халааснаас гарч байна гэсэн үг. Тийм учраас дуугүй сууж, “дуулсан дууг нь түрмээргүй” байна. Энэ үүднээс үнэ тогтоодог байгууллагын хаалгыг татахад хүрэв.

Эрчим хүчний зохицуулах хорооноо с цахилгааны төлбөр нэмэгдсэн шалтгааныг тодруулахад нүүрсний үнэ 40 хувиар нэмэгдсэн, валютын ханш, импортын цахилгаан, ашиглалтын хөлс 30 хувиар өссөн учир үнэ нэмэхээс өөр аргагүй болсон гэх тайлбарыг өглөө. Тус байгууллагын үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болорэрдэнэ хэлэхдээ “Дээрх олон хүчин зүйлээс гадна Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үнэ нэмэх шалтгаан үүссэн. УИХ-аас 2007 онд тус хуулийг батлахдаа нарнаас гаргаж авч буй нэг квт/ цаг эрчим хүчийг 18, салхиныхыг 9.5 америк центээр тооцож эх үүсвэрээс худалдан авахаар тогтоосон.

Энэ нь одоогийн валютын ханшаар тооцвол 480 төгрөг болж байгаа. Гэтэл нэгж хэрэглэгчид нийлүүлж буй цахилгааны дундаж үнэ квт/цаг тутамд 158 төгрөг байгаа нь алдагдалтай байгаа. Үнийн зөрүүг нөхөх зорилгоор үе шаттайгаар цахилгааны үнэ нэмэх хуультай. Манай байгууллага 2015 оноос хойш цахилгааны үнийг нэмээгүй байсан учир өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан алдагдал үнэ нэмэх шалтгаан болсон” гэж хариуллаа.

Төрийн албан хаагчид хууль хэрэгжүүлэх үүрэгтэй, дээрээс нь алдагдлаа нөх гэсэн захирамжтай учир тэднийг чичлэх нь өвчигнөл болох дог. Харин нэг буруу шийдвэр нэжгээд шалтгаан “доргиодог”-ийг төр баригсдад сануулах хэрэг гарах нь. Үүний тод жишээ нь цахилгааны үнийг нэмснээс цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ дагаж нэмэгдэх шалтгаан болов.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл цэвэр, бохир усны үнийг тогтоодог. Эднийх мөн л өнгөрсөн тавдугаар сард усны үнийг огцом нэмсэн. Тухайлбал, айл өрхийн нэг куб цэвэр, бохир усны төлбөр 200, жижиг үйлдвэрлэл, албан байгууллагынх 380, архи, пиво, ундаа үйлдвэрлэл, автомашин угаалга 440, ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр 450 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ийн нэмэх болсон шалтгааны 20 хувь нь цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбоотой гэж тус зөвлөлийн үнэ тарифын албаны дарга Ж.Гэрэлчулуун ярилаа. Тэрбээр цэвэр, бохир усны төлбөр нэмэхэд цахилгааны үнээс гадна гэр хорооллын усны хэрэглээг хангахад зарцуулсан хөрөнгийг нөхөх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн зардлыг багтаах, ажилчдын цалинг нэмэх “даалгавар” нөлөөлсөн тухай дурдсан юм. Цэвэр ус шахах, бохир ус татуургын ажилд цахилгаан маш их хэрэглэдэг, мөн ус түгээх олон салбарын цахилгааны хэрэглээ нэмэгдэхээр усны үнэд нөлөөлсөн нь энэ аж.

Нэг үнийг дагаж бас нэг суурь үнэ хөдлөхөөр үйлдвэрлэгчдэд бүр ч их дарамт болж, тэр нь бүтээгдэхүүний үнийг дахин өсгөж байгаа юм. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр зөвхөн хэрэглэгчдэд дарамт болоод зогсохгүй дам байдлаар энэ нь үйлдвэрлэгчдэд ч муугаар нөлөөлнө. Иргэдийн орлого дорвитой өсөж, амьжиргаа сайжраагүй энэ үед бүтээгдэхүүний үнийн өсөлт бизнес эрхлэгчдийн борлуулалтыг сааруулна уу гэхээс өсгөхгүй нь ойлгомжтой. Иймээс борлуулалтгүй компани ажлын байраа танах нь гарцаагүй. Мэдээж ажлын байрны хомсдол ядуурал руу хөтөлнө.

Ингээд тооцохоор төрийн алдагдлаас илүү сөрөг нөлөөллүүд макро эдийн засагт үүсэж, нэг мангуу шийдвэр мянган сөрөг шалтгааныг доргионо гэдэг энэ. Гэтэл бид ядуурлыг бууруулна, ажлын байр нэмэгдүүлнэ, инфляцыг нэг оронтой тоонд барина, гуравдагч оронд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэсэн гоё лоозонгийн өмнө зогсож байгаагаа санах хэрэгтэй.

  • Нэг үнийн нэмэгдлийг дагаж бас нэг суурь үнэ хөдлөхөөр үйлдвэрлэгчдэд бүр ч их дарамт болж, бүтээгдэхүүний үнийг дахин өсгөж байна.
  • Уул уурхай эрхлэгчдээс авах цахилгааны төлбөрийг нэмээгүй атлаа өрхийн хэрэглээний цахилгааны үнийг нэмсэн нь төр “иргэд дуугүй л төлнө” тооцсоных буй за.
  • ААНийн цахилгааны үнийн нэмэгдэл эцэстээ таны, миний халааснаас гарах учраас дуугүй сууж, “дуулсан дууг нь түрмээргүй” байна.

    Цахилгаан, усны үнийн нэмэгдэл нэг өрхийн хэрэглээнээс илүү, эдийн засагт нөлөөлж тэр нь олон шалтгааныг доргиодог гэдгийг үнэ тогтоогч хийгээд шийдвэр гаргагч нарт ойлгуулах субъект энд үгүйлэгдэж буйг төгсгөлд нь онцолъё. Ер нь аливаа шийдвэрийг гаргахдаа тухайн салбарын төлөөллөөс асуудаггүй, эрдэмтэн судлаачдын үгийг сонсдоггүй, бүрэлдэхүүндээ багтаадаггүйн “хар гай” манай улсад түгээмэл. үүний нэг нь “ухаангүй ноёд, урагшгүй албад”-ын эл үлгэр юм.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж