Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны Су-30СМ загварын байлдааны дөрвөн онгоцоос бүрдсэн “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр өчигдөр /2019.08.28/ Хүйн долоон худагт боллоо
Су-30СМ нь Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай, дөрөвдүгээр үеийн амдан сөнөөгч онгоц аж. Энэхүү тийрэлтэт онгоц нь яндангийн хэлбэрээ өөрчилдөг тул огцом эргэлт, өндөр хурдаас зогсолт хийх, эгц доош газар руу довтлох зэрэг уран бөгөөд амаргүй хүнд жолоодлогуудыг хийхэд дөхөм байдаг юм байна.
ОХУ-ын нисэгчид өндөр ур чадвар, техник шаардсан хүнд үзүүлбэрүүдийг амжилттай гүйцэтгэсний дотор “үхлийн гогцоо” хэмээх бүтэн тойргоор эргэлдэх үзүүлбэрийг хийсэн нь хамгийн хүнд үзүүлбэр гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.