Ардчилал авчирсан сонгууль

Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

Ардчилал авчирсан сонгууль

Монгол Улсад анхны чөлөөт, ардчилсан сонгууль болсны 25 жилийн ой өнөөдөр тохиож буй. Энэ хүрээнд зохион байгуулж буй Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр үдээс өмнө “Шангрилла” зочид буудалд боллоо.

Баярын хурлыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, хотын дарга Э.Бат-Үүл нар үг хэлж, ардчилсан сонгууль, Монголын ардчиллын ололт амжилтын талаар үг хэлж, оролцогсдод баяр хүргэлээ. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер, БНАУ-ын Ерөнхийлөгч Хайнц Фишер, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Швейцарийн холбооны улсын дэд ерөнхийлөгч Йохан Шнайдер Амман нарын видео мэндчилгээг хүргэсэн юм.

Түүхийг эргэн сөхвөл 25 жилийн өмнөх долдугаар сарын 22-ны өдөр Ардын их хурлын депутатуудыг сонгох сонгуулийн эхний үе шат явагдсан байдаг. Харин тухайн өдрөөс долоо хоногийн дараа буюу долдугаар сарын 29-нд Ардын их хурлын сонгуулийн хоёрдугаар үе шат явагдсанаар нийт 459 депутатыг монголчууд амжилттай сонгосон байдаг. Анхны сонгуульд сонгогчдын ирц 98 хувьд хүрсэн.

Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж, жил бүрийн долоодугаар сарын 29-ний өдрийг Анхны ардчилсан чөлөөт сонгуулийн өдөр болгон, тэмдэглэлт баяр болгож байх шийдвэрийг гаргасан билээ.  


Тухайн үед ардчилсан сонгууль зохион байгуулах ажилд гар бие оролцож байсан хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.  

УИХ-ЫН ГИШҮҮН С.БАЯРЦОГТ:

-Юуны өмнө танд Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн мэндийг хүргэе. Одоогоос 25 жилийн өмнө та анхны ардчилсан сонгууль нэр дэвшсэн, сонгогдсон хамгийн залуу депутат байсан. Тэр үеэ эргэн дурсвал?

-Өнөөдөр бид анх удаагаа 25 жилийн дараа Ардчилсан сонгуулийн өдрийг төрийн хэмжээний баяр болгон тэмдэглэж байна. Энэ нь  манай ардчилал эрийн цээнд хүрсэний баталгаа болж буй юм. Тухайн үед би 1990 оны сонгуулийг зохион байгуулах 25 гишүүнтэй комиссын гишүүн байлаа. Мөн Сэлэнгэ аймгийн 288-р тойргоос давхар нэр дэвшиж өрсөлдөж байсан юм.

-Нэр дэвшихийн сацуу, сонгуулийн төв комисст ажилласан гэсэн үг үү?

-Тухайн үед Ардчилсан сонгуулийг зохион байгуулах туршлагатай байнгын бүрэлдэхүүнтэй, сонгуулийн хороо гэж байгаагүй. Иймээс шинээр сонгуулийн төв комисс гээд тухайн үед сансрын нисгэгч Ж.Гүррагчаа даргалаад тухайн үеийн төрийн зүтгэлтнүүд орлогч даргаар нь, намын гишүүд болоод идэвхтэй залуучууд комисст ажилласан юм. Хамгийн гол нь сонгуулийн комисст хүмүүс сэтгэлээрээ нэгдэж, ажиллаж байсан. Ингээд анх удаа ардчилсан сонгууль өгч  байсан юм. Тухайн үед хүмүүс нэг сонгууль өгсөн гэж боддог юм.  Уг нь бол дөрвөн сонгууль нэгэн зэрэг болсон байдаг. Тодруулбал, Ардын их хурлын 430 депутатыг сонгох сонгууль, аймгийн ардын хурлын депутат, сумын депутатын хурлыг сонгох сонгууль, Улсын бага хурлыг сонгох пропорционал сонгууль буюу намуудад санал өгдөг систем бий болж байсан түүхтэй. Гэхдээ энэ сонгууль болохдоо зөвхөн намуудаас нэр дэвшүүлээгүй. Албан байгууллага, олон нийтийн байгууллага бүр өөрийнхөө хурлыг хийгээд  төлөөлөгчдөө сонгон нэр дэвшүүлж байсан. Давхар Монголын хувьсгалт залуучуудын эвлэл гээд 240 мянган залуучуудын нэгдсэн байгууллагаас  нам бус 30 гаруй  залуучуудыг сонгон нэр дэвшүүлж, өрсөлдүүлж сонгуулсан.

-Тэгээд нэр дэвшсэн залуучууд сонгогдож чадсан уу?

АИХ-д бараг 70 гаруй гишүүнтэй залуучууд бүрдж, ардчилалын төлөө гэсэн фракцтай байсан. Тэгээд үндсэн хуулийг батлах, бусад шийдвэрүүд дээр идэвхтэй оролцож байсан юм. Өнөөдрийн энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулаад ардчилсан сонгууль зохион байгуулахад гар бие оролцож явсан төв комисс, тойрог, хэсгийн хороонд ажиллаж байсан нийт иргэддээ болон АИХ-ын 430 гаруй депатут, ардын бага хурлын баярыг хүргэе.


УИХ-ЫН ХУРЛЫН ГИШҮҮН Д.ДЭМБЭРЭЛ:

1990 оны сонгууль бол чухал ач холбогдолтой сонгууль болсон.  Харин ч асуудлыг хожуу гарган тавьж байна. Хүмүүс зүгээр нэг жагсаал цуглаан хийгээд эрх чөлөөг олоод авсан юм шиг ойлголт нийгэмд явж байсан шүү дээ. Яваандаа болвол үндсэн хуулийн нэмэлт хууль, тухайн үеийн МАН өөрийнхөө монополь байр сууринаас татгалзаад олон намуудыг сонгуульд оролцуулъя, олон ургальч үзлийг дэмжье гэсэн өргөн агуулгатай санал гаргаж байсан юм. Удахгүй энэ чухал  сонголтыг МАН-ынхан бас хийсэн гэдгийг аажимдаа нийгэм мэдэрч, олон нийт ойлгох байх.  


БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН МАЛЧИН Ш.ДАМБИЙЖАНЦАН:

-Тэр үед бол ардчилалд итгэх итгэл орон нутгийн малчдад тийм их байгаагүй. Одоо бол энэ замыг эргэж буцалтгүйгээр туулна гэсэн сэтгэл Монголын бүх ард түмэнд байгаа байх. Тийм болохоор 25 жилийн дараах ардчилал нялх үеийн ардчилалаас хамаагүй илүү хүчтэй болжээ. Анх ардчилалыг хүн бүр сайн ойлгож чаддаггүй, ухаардаггүй байлаа. Ойлгоход ч хэцүү байсан юм. Тухайн үеийн бид өмнөх социализмын үеийн нийгэмд амьдраад хэвшчихсэн байсан үе. Хэвшмэл ойлголтоосоо сална гэдэг нэг хэсэгтээ л ээдрээтэй байсан. Социализмын нийгэмд бол хүнээр л бүх юмаа бэлдүүлдэг, дарга юу гэнэ түүнийг нь л хийдэг, өөрийн гэсэн эрх мэдэлгүй, эрх чөлөөгүй байсан юм. Гэхдээ сайн ажиллавал сайхан л амьдарч байсан үе. Хүнээс хамааралтай байсан улс эрх чөлөө гэдэгт чинь эхэндээ дасаж өгөхгүй хэцүү байсан үе бий. Харин ардчилал гарч ирээд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эрх чөлөөг утгаар нь мэдэрч эхэлсэн. Хүн юу сэтгэж чадна, юу хийж бүтээж чадна түүнийгээ л хийдэг. Энэ бол маш том эрх чөлөө юм.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж