Давхар дээлтэй сайд нарыг хуралдаа суухыг шаардав

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

LiveДавхар дээлтэй сайд нарыг хуралдаа суухыг шаардав

Давхар дээлтэй сайд нарыг хуралдаа суухыг шаардав
19 : 35
2019-8-29

Давхар дээлтэй сайд нарыг хуралдаа суухыг шаардав

Зарим давхар дээлтэй сайд нар чуулганы хуралдаа ирэхгүй байгааг Ж.Мөнхбат гишүүн шүүмжилж, маргааш /2019.08.30/ өглөө ирцээ бүрдүүлсний дараа хуралдъя гэснээр чуулганы хуралдааныг хаалаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:  

Бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар маш хариуцлагатай ажил хийж байгаа. Нэг хүн чуулганы танхимд дур зоргоороо яриад бусдыгаа доромжлоод, нэг хүний кноп харж бусдыгаа царайчилж ийм байдлаар Үндсэн хуулийг өөрчилнө гэж юу байхав. Дан дээлтэй гишүүд нь өглөөнөөс орой хүртэл сууж л байна. Давхар дээл өмсчихсөн Засгийн газрын гишүүд нь ирцээ бүрэн бүрдүүлсний дараа нь төслийг хэлэлцье. Маргааш хүртэл чуулганы хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж горимын санал гаргав. Уг саналыг УИХ-ын гишүүн Н.Энхболд дэмжиж байгаагаа тодотгов.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Бид нийгэмд тулгамдсан амин чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Ийм асуудалд нэг намын бүлэг дангаараа хүч түрч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж болохгүй. МАН-ын бүлэг бүх гишүүнээ оруулж ир. Зарим нь зугтаж, зарим нь барьцаалагдчихсан байдлаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд хариуцлагагүй хандахгүй шүү.

УИХ-ын дарга Г.Занданшатар “МАН-ын бүлэг гишүүдийнхээ ирцэд анхаарах хэрэгтэй” гэж хэлснээр өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа.

Маргааш /2019.08.30/10.00 цагт чуулган хуралдана. Хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон УИХ-ын байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт үргэлжилнэ.

 

19 : 03
2019-8-29

"МАН бүлгийн хурал дээрээ гишүүдийнхээ ярих эрхийг хаачихсан байна"

Үндсэн хуулийн төслийн заалт дахь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн ДТэрбишдагва нэг асуудлаар хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гарсан бол хамтад хэлэлцье гэсэн гормын санал гаргахад гишүүдийн 56.7 хувиар дэмжлээ.

Уг горимын саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү эрс эсэргүүцсэн юм. Тэрбээр “Дэгээ барьж ажилламаар байна. 18.00 цаг өнгөрч байхад чуулганы хуралдааныг сунгая талаар хэн нь хэлсэнгүй. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зарчмын зөрүүтэй гаргасан санал бүрийг хэлэлцэх учиртай. Үүнийг ард түмэн харж байгаа шүү. Би ярих дуртайдаа эсвэл завтайдаа та нарыг зовоох гээд энд суугаад байгаа юм биш. Нас намба ахиад ядрахыг чинь ойлгож байна. Олонхоороо та нар түрэмгийлж бүлгийн хурал дээр гишүүдийнхээ ярих эрхийг хааччихсан. Ард түмэн анхаарал хандуулж сонсож байна. Би эсэргүүцлээ илэрхийлж, дараагийн шатны тэмцлээ эхлүүллээ” гэв.

УИХ”-ын гишүүн Д.Лүндээжанцан “Д.Тэрбишдагва гишүүний гаргасан горимын санал бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хуулийн дагуу нэг асуудлаар хэд хэдэн санал гарсан бол түүнийг хамтад нь хэлэлцэж болно гэсэн заалтай уялдаж байгаа” гэж тодотгов.

Ингээд дээрх горимын санал дэмжигдсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалт үргэлжилж байна.

УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахгүйгээр зориуд санаатайгаар үймүүлж байгаа О.Баасанхүү гишүүнийг чуулганы танхимаас гаргана уу гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн юм.

18 : 22
2019-8-29

Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн санал дэмжигдэв

УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлж байна.

Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж ажлын хэсгээс санал гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн төслийн уг заалтыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн боловч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Техникийн хүн дэргэд баймаар байна. Дэмжиж саналаа өгсөн атал дэмжээгүйгээр гарлаа. Дахин санал хураалт явуулъя” гэсэн юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Санал хураалтын төхөөрөмж асуудалгүй байж цааш нь явна. Саналаа өгөөд тэр нь гарахгүй байгаа тохиолдолд эхний санал чинь хүчингүй болно шүү. Тэгээд сүүлд нь Үндсэн хуулийн цэцэд “Гишүүний бүрэн эрхэд халдсан, санал тоолоогүй” гэсэн гомдол гаргаад бөөн маргаан болно. Тиймээс өмнөх саналаа хүчингүй болгоод дахин санал хураалт явуулах горимын санал гаргаж байна” гэлээ.

Ингээд Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын саналаар дахин санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 60 гишүүний 58 нь буюу 96.7 хувиар дээрх саналыг дэмжлээ. Өөрөөр хэлбэл, Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн Ажлын хэсгийн санал дэмжигдэв.

УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэсэн хэсэг нэмэх заалтыг оруулсан бол Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн саналд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэж өөрчлөн найруулахаар,  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасах саналыг тус тус гаргасан юм.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар нар дээрх саналаа татсан тухайг Я.Содбаатар гишүүн хэллээ. Тэрбээр “Төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.”гэж өөрчлөн найруулахыг Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар бид гурав гаргасан. Бид уг саналаа татаж байна. Учир нь бидний санал ажлын хэсгийн түвшинд агуулгын хувьд орсон гэж  үзлээ. Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг нь бодлогын хэмжээнд гэж төсөлд найруулах учраас саналаа татаж байна” гэв.

 

Үргэлжлүүлэн төслийн заалт дахь “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн хөрөнгө оруулалтын эх сурвалж болон зарцуулалт нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт  үйл ажиллагааны санхүүжилт ил тод байдал төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлыг хуулиар тогтооно” гэсэн төслийн заалтыг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

 

 

 

17 : 14
2019-8-29

ЧУУЛГАН: Гишүүдийн ирц бүрдэхгүй байна

Чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагаас товлогдсон ч дөнгөж сая буюу 17.00 цагийн үед эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлэн хийнэ.

УИХ-ын зарим гишүүн чуулганы танхимдаа орж ирээгүй байгаа тул УИХ-ын дарга Г.Занданшатар тэднийг орж ирэхийг шаардан нэрсийг нь дуудаж байна. Одоогоор УИХ-ын гишүүн С.Жавхлан, Д.Ганболд, М.Билэгт, Н.Учрал, Г.Мөнгөнцэцэг, С.Эрдэнэ, Б.Мурат, Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар хуралдаа орж ирээгүй байна.

13 : 55
2019-8-29

Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах санал дэмжигдсэнгүй

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Нам иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн төслийн заалттай холбогдуулан гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 83,9 хувиар тус заалтыг дэмжсэнгүй.

Уг заалтыг МАН-ын бүлгийн хувьд дэмжээгүй, харин ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар төслийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг тусад нь хэлэлцүүлэхгүй төслийн заалт, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулна гэж заасан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн юм. Мөн тэрбээр "Техникийн хэлтсийн даргыг орцонд нь үл таних хоёр хүн зодсон тул өнөөдөр ажилдаа ирэх боломжгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Техникийн саатлыг холбогдох газрууд шалгаж байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэснийг дэмжихгүй байгаа. 365 суманд 365 нам байгуулагдах нөхцөл бүрдэнэ. Нам төрийн ажил ойртож байгааг шүүмжлэх болсон. Энэ талаас нь харвал уг заалтыг дэмжих боломжгүй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг дэмжихгүй байна. Энэ нь баг, сум бүрт намынхаа хороог байгуул гэдэгтэй агаар нэг. Үндсэн хуулийн нэг л буруу үг, өгүүлбэр цааш буруу үр дагаварт хүргэнэ шүү. Монголчууд цаашаагаа нам төвтэй нийгэм рүү явах уу эсвэл иргэн төвтэй нийгэмтэй байх уу гэдгээ шийдэх цаг болсон. Хэрэв улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулбал нам төвтэй тогтолцоо цааш үргэлжилнэ гэсэн үг. Монголчуудыг намаар нь хагаралдуулдаг намчирхсан нийгмийн тогтолцоо руу орно. Үүнийг зогсоох нь бидний зорилго гэж харж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь үндэсний зөвшилцлийн асуудал. Улс төрийн намтай холбоотой асуудалд бид сайн бодох хэрэгтэй. Янз бүрийн заалт оруулж ирж бужигнуулах хэрэг байна уу, хүссэн, эс хүссэн Монгол Улс нам төвтэй улс болох алхам руу орох заалтыг оруулаад ирлээ.

Үүгээр чуулганы хуралдааныг 15 цаг хүртэл түр завсарлууллаа.

13 : 00
2019-8-29

“Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж оруулах нь улстөржилтийг улам нэмэгдүүлнэ”

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байгаа юм.Тухайлбал, улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг гишүүд дэмжихгүй байгаагаа хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

Өнгөрсөн 30 жилийн улс төрийн нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгөөд магадгүй ирэх 20-30 жил Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсын хөгжилд ямар нэмэр болох вэ гэдэг үндсэн чиглэлд энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг хийж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дотор зайлшгүй анхаарал хандуулж, зохицуулах цаашдаа Монгол Улс парламентын засаглалыг илүү төлөвшүүлье гэж байгаа бол парламентад суудалтай улс төрийн намуудынхаа төлөвшлийг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр илүү тодорхой болгох шаардлагатай байна. Монголд өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намуудын үйл ажиллагаанд нь гэрэл гэгээ, итгэл үнэмшил тусгасан зохицуулалтуудыг хийж өгөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Миний зүгээс хуулийн төслийг сайжруулах чиглэлд 15 зарчмын зөрүүтэй санал гаргасан. Тухайлбал намуудын үйл ажиллагаатай холбоотойгоор нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахыг Үндсэн хууль заахаар оруулж байгааг дэмжихгүй байна. Тиймээс хасах санал оруулсан. Одоогийн улс төрийн намууд аймаг намын хороотой, суманд мөн намын хороо багуудад намын үүр ажилладаг. Өөрөөр хэлбэл энэ нь маш нүсэр бүтэц. Гэтэл Үндсэн хуулиар нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж тусгавал одоогийн намуудын үйл ажиллагааны нүсэр бүтцийг хуульчилсантай адил болж хувирна. Энэ нь улстөржилтийг улам дэвэргэж жижиг намуудын хөгжлийн төлөвшлийг хаана. Улс төрийн олон намын тогтолцооныхоо эсрэг заалт оруулж болохгүй. Мөн эвлэлдэн нэгдэх гэсэн суурь үзэл баримтлалтай зөрчилдөж байна. Улс төрийн сонгуулиудад оролцдоггүй зэрэг асуудлыг Сонгуулийн тухай хуулиараа зохицуулах бүрэн боломжтой.

 УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг саналыг дэмжиж байна. Өнөөдрийн нийгэмд улс төрийн намуудыг үнэлэх үнэлэмж, иргэдийн хандлага ямар болсныг, нийгмээ хэрхэн хагалан, хувааж байгааг, улстөрчид ёс суртахууны доройтолд хэрхэн орсныг харж байна. Тиймээс улс төрийн намуудын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, санхүүжилтийг олон нийтэд ил тод болгох зэрэг асуудлыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай. Ер нь намуудад тавих шаардлагыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагаар нь харахаас өөр аргагүй.

12 : 03
2019-8-29

"Нам бол сайн дурын уран сайхны байгууллага биш"

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Нам бол ашгийн бус байгууллага. Хүмүүсийн сэтгэлийн хандив, төрийн дэмжлэгээр санхүүждэг. Одоо бодлогын болон салбарын намыг ялгах хэрэгтэй. Одоогийн 34 намд карманы, компанийн нам байгааг үгүйсгэхгүй гэлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд нам байгуулах босгыг 20 мянгаас дээш гишүүнтэй байхаар тусгасан байлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Одоогийн байгаа улс төрийн намуудыг хязгаарласан зүйлгүй. Судалгааны үндсэн дээр харгалзаж, заалт оруулсан. Нам бол сайн дурын уран сайхны байгууллага биш. Төрийн бодлогоороо өрсөлддөг улс төрийн байгууллага. Дээр нь орон нутгийг улстөржүүлэх гэсэн зүйлгүй. Орон нутагт үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт хийж болохгүй гэж үзсэн.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Нам иргэдийн хүсэл зорилгыг биелүүлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг нэмж оруулжээ. Хөдөө орон нутагт, суманд хэдэн нам болоод иргэд хуваагдсан. Хоорондоо байнгын зөрчилдөөнтэй байдаг байдал руу оруулсан байгаа. Гэтэл бусад улс төрийн хүчнүүд хэд хуваагдах болоод байна.

10 гаруй гишүүд үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулна.

09 : 52
2019-8-29

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон УИХ-ын байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна.

Байнгын хорооны хуралдаанаар төслийн 2 дугаар хэлэлцүүлгийг хийх явцад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс 42 саналын томьёолол, Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс 70 гаруй зарчмын зөрүүтэй санал, нийт 144 саналаар санал хураалт явуулсан. Түүнчлэн Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан 20 гаруй зарчмын зөрүүтэй саналыг санал гаргасан гишүүд татаж, 56 саналаар нь санал хураалт явуулсан. Санал хураалтын явцад Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаас 15 санал нь дэмжигдэж, 41 санал дэмжигдээгүй билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж