Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2019 оны ДАШТ-ий тав дахь өдөр /2019.08.29/ эрэгтэй 90 кг болон эмэгтэй 70 кг-ийн жингийн барилдаан болно. Эдгээр жинд Монголоос 2018 оны Азийн наадмын мөнгө, Тбилисийн Гранпри тэмцээний хүрэл медальт Г.Алтанбагана /эрэгтэй/, залуу тамирчин Ц.Энхчимэг /эмэгтэй/ нар барилдана.
18 настай залуу тамирчин Ц.Энхчимэг анх удаагаа дэлхийн аваргад оролцож байгаа бол Г.Алтанбагана гурав дахь удаагаа оролцож байна. Залуу тамирчин Г.Алтанбагана 2017 оны ДАШТ-д амжилттай оролцон, шилдэг наймд шалгарч байжээ. Хэсгийн аваргын төлөө А.Кукожтой барилдан хожигдсон бол дагах барилдаанд Риогийн олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт БНСУ-ын Гван Дон-хванд ялагдаж байжээ. 2018 оны Бакугийн ДАШТ-ий хоёрдугаар шатанд Японы К.Нагасавад ялагдан тэмцээнээ өндөрлүүлж байсан. Энэ жилийн ДАШТ-д С хэсэгт багтсан бөгөөд эхний өрсөлдөгч нь Италийн Н.Мунгай юм.
Эмэгтэй 70 кг-ийн жинд өрсөлдөх Ц.Энхчимэг тэмцээний А хэсэгт Португалийн Б.Тимотой барилдана. Ялсан нь Бельгийн бөхтэй барилдаад хэсгийн хагас шигшээд Ч.Арайтай барилдах хуваарьтай байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ