Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Жүдогийн үнсгэлжин

“Ньюс” агентлаг ХҮМҮҮС булангийнхаа энэ удаагийн дугаарт Дэлхийн хошой аварга, Европын аварга, жүдоч Дарья Геннадьевна Белодедын тухай онцолж байна.

-БЯЦХАН ДАРЬЯ ЗУРГААН НАСТАЙГААСАА ЖҮДОГООР ХИЧЭЭЛЛЭЖЭЭ-

Дарья Белодед 2000 оны аравдугаар сарын 10-ны өдөр Украины нийслэл Киев хотноо алдарт жүдоч Геннадий Белодед, Светлана Кузнецова нарын охин болон мэндэлжээ. Аав нь Дэлхийн цомын гурван хүрэл медальт, Европын хошой аварга, Европын залуучуудын олимпийн хүрэл медальтай жүдоч бол ээж Светлана Кузнецова нь ЗХУ-ын спортын мастер, ЗХУ-ын залуучуудын аварга, Зэвсэгт хүчний аварга аж.

Бяцхан Дарья багаасаа аавын заавраар хүмүүжжээ. Эцэг, эх нь түүнийг дасгалжуулдаг байна.

Тэд охиноо спортын ямар нэг төрлөөр хичээллэхийг дэмжиж байсан ч жүдогоор хичээллэхийг эхэндээ огт зөвшөөрдөггүй байжээ. Ээж нь Дарьяг уран гимнастикаар хичээллүүлж, дасгалжуулагч нь ажлаа өгсний дараа бусад дасгалжуулагч нар дасгалжуулахыг хүсээгүй байна.

Тухайн үед Светлана Кузнецова жүдогийн дасгалжуулагчаар ажиллаж байсан тул охин ээжийнхээ удирдлага дор бэлтгэл хийх болжээ. Дарья бэлтгэлийн явцад тамирчдыг харан, улмаар тэмцээн уралдаанд хүчээ сорьж үзэхийг хүсэх болж, “Энэ спорт-минийх” гэж өөртөө хэлжээ.

Аавынх нь хувьд охиноо жүдогоор хичээллүүлэхийг эсэргүүцэж байсан аж. Тэмцээн битгий хэл, бэлтгэл сургуулилтад нь нэг ч удаа очиж байгаагүй, жүдогоор хичээллэж байхыг нь харахаас хүртэл айдаг байжээ. Дараа нь Дарьяг энэ спортыг эргэлт буцалтгүй сонгож, чухал тэмцээнүүдэд оролцоод эхлэнгүүт аргагүйн эрхэд хүлээн зөвшөөрч, дасгалжуулж эхэлсэн байна.

Дарья гурав, дөрвөн настайдаа гимнастикаар хичээллэж байгаад зургаан настайгаасаа жүдогоор хичээллэжээ. Эхлэн суралцагчид дөнгөж техникт суралцаж байхад түүнийг аав, ээж нь хэдийнэ дэлхийн аваргад бэлтгэж эхэлсэн байна.

АНХНЫ ЯЛАГДАЛ БА ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ

Дэлхийн жүдогийн спортын хамгийн залуу аварга тэрбээр өглөө 07.00 цагт босон, 08.00 цагаас эхлэн хоёр цагийн турш дасгал сургуулилт хийдэг байна. Дараа нь сургуульдаа явна. Хэдийгээр тэрбээр чөлөөт хуваарьтай ч үргэлж ийш тийш яваад байдаггүй байна.

Дарья Шевченкогийн нэрэмжит Киевийн Үндэсний Их сургуулийн сэтгүүлчийн ангид эчнээгээр суралцдаг тухайгаа өнгөрсөн онд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр даалгавраа аваад, гэртээ хичээлээ хийнэ. Орой гурван цаг гаруй бэлтгэл хийгээд, 21.00 цагийн үед гэртээ харьж, телевизээр кино үздэг.

Тамирчны хувьд шөнө дундаас өмнө амардаг бөгөөд заримдаа маш их ядардгаа өгүүлжээ. Үдээс хойш дор хаяж нэг цаг унтдаг байна. Унтахгүй бол дасгал сургуулилтаа хийхэд хүндрэлтэй болдог аж.

Нэг жингийн өрсөлдөгчидтэйгээ найзлаад байдаггүй ч дэлхий даяар олон найзтай болсон тэрбээр хаа нэгтээ яваад очиход үргэлж сайнаар угтах олон хүн бий гэж боддог байна.

Дарья Белодед 2018 онд дэлхийн бүхий л тэмцээнд оролцож, тэргүүн байруудыг нь эзэлжээ. Жилийн өмнө тэрбээр дэлхийн аваргад оролцоод ялагдсан бөгөөд энэ нь түүний спорт, жүдогийн карьерт медальгүй хоцорсон, анхны ялагдал нь байж. Дарья энэ талаар “Хоёр сарын дараа казак бүсгүйтэй дахин барилдаж, ялсан. Маш хүнд барилдаан, нийт минут 10 секунд барилдсан юм. Түүнээс хойш Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр сарын өмнө Загребийн Гран-При тэмцээнд түүнийг дахин хоёр удаа ялж түрүүлсэн. Дэлхийн аваргын барилдаан миний хувьд том сургамж байсан, алдаагаа эргэн харж, зассан. Чухамдаа ялахын тулд тэр үед би алдсан байх” хэмээн ярьжээ.

Дарья Аргентины Паула Паретаг ялж, финалд өөрөөсөө зургаан насаар эгч, Японы Фуна Тонакаг давж аварга болжээ. Эхлээд Косовагийн Дистрия Красникитэй учраа таарсан байна. Дарьягийн хувьд тэр хамгийн хүчтэй өрсөлдөгч нь учраас түүнтэй таарах вий гэхээс үргэлж айдаг байжээ. Учир нь косова бүсгүй 52 кг-аас дээш ангилалд хүч сорьж байсан туршлагатай бол Дарья дөнгөж 48 кг-ын жинд шилжээд байсан аж. Түүнтэй бэлтгэл дээр олон удаа барилдаж ялагджээ.

Олимпийн аварга Паула Парета, дэлхийн аварга Фуна Тонаки нар хүчтэй өрсөлдөгчид боловч Красники Дистери бие махбодийн хувьд ч тэр хамгийн “хэцүү” өрсөлдөгч нь байжээ. Дарья түүнтэй таарч, барилдаан эхлэх үеэр зүрхшээсэн ч “Тэмцээнд би ялах гэж ирсэн. Өөр сонголт байхгүй” хэмээн өөрийгөө зоригжуулаад, айдсаа ор тас мартсан байна.

Тэрбээр өрсөлдөгчдөөсөө чац урттай, өндөр. Өрсөлдөгчдийнх нь хувьд Дарьяд ойртоход хүндрэлтэй байдаг аж. Түүнд анх удаа барилдаж буй өрсөлдөгчөө судлах хугацаа маш хомс байдаг байна.

Тэрбээр анх удаа Дэлхийн цомын эзэн болоод уйлжээ. Энэ талаараа "Жүдод иппон буюу цэвэр ялалт гэсэн үнэлгээ байдаг. Би япон жүдочийг давсныхаа дараа шүүгчид ямар оноо өгснийг шууд ойлгоогүй. Хэрвээ шүүгчид иппон биш, базари оноо өгсөн бол дахин барилдах л болно гэсэн бодол тэрхэн үед толгойд зурсхийн орж ирсэн. Тиймээс эхэндээ баярлаагүй, дараа нь шүүгчдийг шийдвэрээ танилцуулахад ойлгосон. Миний хувьд "шок" байсан" хэмээн ярьжээ.

ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ, НАЙЗ ЗАЛУУ…

Тэрбээр багаасаа аав, ээжийнхээ хичээллэдэг байсан "Залуу Спартак" сургууль дээр бэлтгэл хийсээр иржээ. Бэлтгэл сургуулилт хийх газар тэдний хувьд хамгийн их санаа зовоодог асуудал нь аж. Говерла хотын ойролцоо Карпатад бааз байдаг ч жилд хоёр, гурван удаа очдог. Ууланд байрладаг тул хүйтэн, бүр гурван давхар хөнжил нөмөрч унтах хэрэгтэй болдог байна. Зарим тамирчид хүйтнээс нь болж өвддөг аж.

Дэлхийн аварга 26 мянган ам.долларын шагнал хүртдэг. 1990-2000 оны үед аав нь барилдаж байх үед ямар ч шагнал урамшил олгодоггүй байжээ. Одоо жүдогийн спорт дэлхийд дээд түвшинд хүрч хөгжсөн ч тэмцээнд оролцох зардал нь өндөр.

Дарьягийн хувьд маш чанартай хоолонд мөнгө их зарцулдаг байна. Тэрбээр далайн хоол, түрс, бөднө шувууны мах, нугасны мөч, жимс, жимсгэнэ хэрэглэдэг. Долоо хоногт хоёр удаа усанд сэлж, саунд ордог ажээ.

Түүнд дэлхийн орнуудаас өөрийн улсын нэр дээр тэмцээн уралдаанд оролцох олон санал ирдэг байна. Гэвч тэрбээр улсынхаа төрийн далбаан дор оролцохыг чухалчилдаг тул тэдгээр саналуудаас шууд татгалздаг аж.

Өдгөө Киевт амьдарч, Лицей №328-д сурч буй тэрбээр “Рио 2016” олимпийн аварга, Италийн жүдоч Фабио Базилтэй жилийн турш дотно харилцаатай байсан бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард хос хоёр тийш болжээ.

Дарья Белодед хөгжим сонсох дуртай. Украины хамтлагуудаас "Океан Эльзы"-г биширдэг. Үнэртэнээс "Escada" усыг таашаадаг байна. Тэрбээр сайхан хувцасладаг, загварын өндөр мэдрэмжтэй. Дарья Герман, Серб, Франц гээд олон найзтай бөгөөд тэдэнтэй англи хэлээр харьцдаг аж.

Энэ жил 19 нас хүрч буй түүнд загварын алдартай брэндүүд хамтарч ажиллах санал их тавьдаг байна. Загвар өмсөгчдөөс дутах зүйлгүй, өв тэгш бие галбир, чийрэг байдал нь түүнийг улам бүр алдар нэртэй болгожээ.

Спортын сэтгүүлч, загвар өмсөгчийн карьер хөөх талаар бишгүй их бодож үзжээ. Энэ талаар тэрбээр “Факты”-д ярихдаа “Би эмэгтэйлэг байж, янз бүрийн зураг авалтад оролцохыг хүсч байна. Гэхдээ аав загварын карьерын эсрэг байдаг. Магадгүй аавыгаа итгүүлж болох юм. Би загварын бизнест шууд орно гэж хэлж чадахгүй. Эцсийн эцэст миний амьдралын гол зүйл бол жүдо. Аливаа зүйлийг нухацтай хийхийн тулд ийш тийш үсчих хэрэггүй, нэг л зүйлийг сонгох хэрэгтэй” хэмээн ярьжээ. Дарья Белодедын мөрөөдөл 2020 оны Токиогийн олимпийн аварга болох.

Гаргасан амжилтууд:

  • Дэлхийн аварга – 2018, 2019 он
  • Европын аварга – 2017, 2019 он
  • Нээлттэй Континентал цомын ялагч (Прага) – 2017
  • U18 дэлхийн аварга (кадетуудын дунд) – 2015 он
  • Европын аварга U18 – 2015, 2016 он
  • U21 Европын цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт (Каунас, Пакс) – 2016
  • U18 Европын цомын тэмцээний ялагч: Загреб – 2015, Теплиц – 2015, Клуж-Напока – 2015, Загреб – 2016, Теплиц – 2016
  • Украины U21, 2015, 2016 оны аварга
  • Украины U18 – 2015, 2016 оны аварга
  • Украины U17 – 2014, 2015 оны аварга
  • Украины U16 – 2014 оны аварга

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: LIGA, ФАКТЫ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж