Ховд аймгийн Үенч суманд орших Нүцгэний голыг боон, ус татаж, Алтай сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа вольфромын уурхайн олборлолтод ашиглах болсон нь цас, борооны усаар тэжээгддэг голыг ширгэх аюулд оруулж мэдэхээр байгаа юм.
Энэ асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Сав газрын хэлтсийн мэргэжилтэн З.Азжаргалаас тодрууллаа.
-Нүцгэний голыг боон, хоолой татаж, усыг нь үйлдвэрлэлд ашиглаж байгаа асуудлаар Ховд аймгийн Үенч сумын иргэдийн гомдол танай яаманд ирсэн гэх мэдээлэл бий. Салбарын яам энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Нүцгэний голын усыг үйлдвэрлэлд ашиглаж болно гэх дүгнэлт нь хэр бодитой юм бол?
-Ховд аймгийн Үенч сумын иргэдээс Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргаанд хандаж, “Талст молор” ХХК-тай холбоотой гомдол ирж, тус захиргаа өнгөрсөн тавдугаар сард Нүцгэний голын орчимд шалгалт хийсэн юм билээ. Шалгалтаар усны нөөцийн дүгнэлт гараагүй зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг нь зогсоох дүгнэлтийг орон нутгийн удирдлагад нь хүргүүлсэн байсан. Энэ дагуу Үенч сумын Засаг дарга “Талст молор” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох захирамж гаргаж, шугам хоолойны ажил хийж байхад нь зогсоосон. Гэтэл “Талст молор” ХХК нь Монгол Улсын төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хандсан байдаг. Тус газраас 2019 оны тавдугаар сарын 14-нд усны таван хувьд хүрэх хэмжээг гольдрилыг нь өөрчлөхгүйгээр ашиглах боломжтой гэдэг дүгнэлтийг гаргасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, усны ашиглалтын нөөц хэмжээ хүрэлцээтэй гэж тодорхойлсон. Тэгэхээр тухайн төсөл хэрэгжих боломжтой болж байгаа юм. Бид энэ асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж, уг дүгнэлт үнэн бодитой юу гэдгийг тодорхойлохоор тодорхой чиг үүрэг өгч ажиллаж байна.
-Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргаа өмнөх гаргасан шийдвэрээ долоо хоногийн дараа өөрчилж, “Талст молор” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг?
-Иргэдийн гомдлын дагуу Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргаанаас Нүцгэний голыг хоёр удаа шалгаж, “Талст молор” ХХК нь хууль бус үйл ажиллагаа явуулж буй талаар аймаг, сумын засаг захиргаанд мэдэгдсэн байдаг юм билээ. Гэтэл Монгол Улсын төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас Нүцгэний голын усны нөөц хангалттай гэсэн дүгнэлт гаргуулчихаар тус компани үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин нь бүрдэж байгаа юм. Одоогоор ийм нөхцөл байдалтай л байгаа юм.
-Тэгэхээр өнөөдөр ч “Талст молор” ХХК Нүцгэний голд үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг үү?
–Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргаанд албан тоот бичиг илгээж, онлайн хурал хийсэн. Яамнаас Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргаанд “Талст молор” ХХК-тай холбоотой асуудал ямар шатанд байгааг мэдээлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу тус захиргааныхан 2019 оны наймдугаар сарын 3-ны өдөр нөхцөл байдалтай танилцсан. Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргаанаас ажлын хэсэг томилогдож, Оцог хад хэмээх газарт шалгалтаар очиход “Талст молор” ХХК-ны үйл ажиллагаа зогсонги байдалтай, Үндэсний их баяр наадмаас хойш Нүцгэний голд үйл ажиллагаа явуулаагүй, голыг дагасан шугам хоолой нь хаагдсан нь хэвээрээ байгаа тухай албан ёсны тайланг бидэнд ирүүлсэн.
-Монгол Улсын төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас Нүцгэний гол нь усны нөөц хангалттай гэсэн дүгнэлт гаргачихаар цаашид “Талст молор” ХХК усаа татан үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй байх шиг?
-Нүцгэний голыг дагаж суурилуулсан шугам хоолойд ус татах ажлыг Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргааны шаардлагаар зогсоосон хэвээр байна. Хамгийн гол нь уг асуудалд цөөрмөөс ашиглалтын талбай хүртэл ус ашиглах дүгнэлт нь гарсан байгаа юм. Яамнаас ус ашиглах боломж нөөц хангалттай гэсэн дүгнэлт хууль ёсных уу үгүй юу гэдгийг тодруулахаар ажиллаж байна.
-Ховд аймгийн Засаг захиргаанаас өмнө нь энэ асуудлаар салбар яамд хандаж байсан юм болов уу?
-Манай яаманд УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос удаа дараа албан тоот бичгээр хүсэлт ирүүлсэн. Үенч сумын нутагт “Талст молор” ХХК үйл ажиллагаа явуулж байгааг иргэд эсэргүүцэж буй тул анхаарч ажиллахыг хүссэн байдаг. Энэ дагуу яамнаас Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргаанд уг асуудлын нөхцөл байдал хэр байгаа талаар шалгах чиг үүргийг өгсөн. Харин Ховд аймгийн Засаг захиргааны зүгээс эл асуудлаар хандаж байгаагүй.
-Нүцгэний голоос машин, шугам хоолойгоор ус татахад нөөц дундрахгүй
-Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргааны газрын дарга Б.Батзоригтой утсаар холбогдож дараах асуултад хариулт авсан юм. Өмнө нь Үенчийн голын асуудалтай холбоотой асуудлаар түүний талаар мэдээллийг хүргэж байсан билээ.
-Нүцгэний голын асуудлаар та “Талст молор” ХХК-ны үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг аймаг, сумын захиргаанд хүргүүлж байсан атлаа дараа нь гаргасан шийдвэрээ өөрчилж, тус компанитай гэрээ байгуулж, Нүцгэний голыг ашиглуулах болсон нь ямар учиртай вэ. Таныг тус компанитай хуйвалдаж, өмнөх шийдвэрээ өөрчилсөн юм болов уу гэх хардлагыг иргэд хэлж байгаа?
–Үенч сумын нутаг Нүцгэний голын усыг боож, уул уурхайн олборлолт явуулснаас болж хүн, мал, амьтан ундаалах усгүй болж байна гэсэн иргэдийн гомдол мэдээлэл манай байгууллагад ирсэн. Үүний мөрөөр өнгөрсөн тавдугаар сард бид нөхцөл байдал дээр нь очиж шалгалт явуулахад “Талст молор” ХХК нь Нүцгэний голоос ус татах зөвшөөрөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас аваагүй байсан тул үйл ажиллагааг нь зогсоох хүсэлтээ орон нутгийн удирдлагад мэдэгдсэн. Тухайн аж ахуй нэгж нь Нүцгэний голоос ус татаагүй, олборлолт явуулахаар голын эрэг дагуу долоон км газар ус татах шугам хоолой татсан байсныг бид лацадсан нь одоо ч хэвээрээ байгаа. Шугам, хоолой ажиллаж эхлээгүй харин машинаар ус зөөж байгаа юм. Үүнийг иргэд буруугаар ойлгосон болов уу. Хүмүүсийн ярьж байгаа шиг хүн, мал ундаалах усгүй болсон нөхцөл байдал угтаагүй. Бидэнд тус компанийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах эрх байхгүй. Харин үйл ажиллагааг нь таслан зогсоох хүсэлтээ аймгийн удирдлагуудад илгээсэн. Миний хувьд “Талст молор” ХХК-тай ашиг сонирхлын журмаар гэрээ байгуулаагүй. Тус компани шугам хоолойгоор голоос ус татах үйл ажиллагаа явуулаагүй, албан ёсны зөвшөөрлөөр машинаар ус зөөж буй тул хууль эрх зүйн хүрээнд гэрээ байгуулсан.
-Машинаар ус зөөсөн ч голын ус татрахад нөлөөлөхгүй юу. Цас борооны усаар тэжээгддэг голоос уурхайд хэрэглэх ус татна гэхээр хүн, мал, амьтан усгүй болно шүү дээ?
-Бид иргэдийн гомдол мэдээллийн дагуу Нүцгэний голын орчимд шалгалт хийснийг дурдсан. Ингэхдээ Монгол Улсын төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Нүцгэний голын нөөц ямар хэмжээнд байгаа тухай тогтоолгох хүсэлт тавьсан юм. Дүгнэлтээр, Нүцгэний голын усны нөөц хангалттай гэдгийг нь тодорхойлсон. Тэгэхээр Усны тухай хуулийн 28.4, 28.5 дугаар зүйлд заасны дагуу дүгнэлт гарсан тул 50 хүртэлх шоо метр ус ашиглах заалтын дагуу л машинаар ус зөөвөрлөж байгаа юм.
-Цаашид шугам хоолойг ашиглаж эхэлбэл усны нөөцгүй болох эрсдэл өндөр юм биш үү?
–Монгол Улсын төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Нүцгэний гол нь хангалттай нөөцтэй гэж дүгнэсэн учраас машинаар болон шугам хоолой татсан ч голын усны нөөц, голдрилд нь нөлөөлөхгүй. Горхиноос багахан салаалуулсан цөөрөм үүсгэсэн учраас тэндээс ус зөөж байгаа. Энэ нь голын усыг хааж, голдрилыг өөрчлөөгүй.
-Машинаар ус зөөвөрлөж байгаа гэхээр “Талст молор” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг үү?
-“Талст молор” ХХК-ийн долоон км газарт татсан шугам хоолой лацтай хэвээр үйл ажиллагаа явуулаагүй. Үйл ажиллагаа явуулна гэдэг нь шугам хоолой, шавхуурга ажиллаж эхэлнэ гэсэн үг. Машинаар усыг уулын орой руу тийм өндөр газарт зөөвөрлөхөөс өөр арга байхгүй. Шугам татах боломжгүй. Усны нөөц, ундарга хүн мал ундаалах тэнцвэртэй түвшинд байгаа.
Холбоотой мэдээ