Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” номын нээлт ирэх сарын 3-нд “Интерном” номын их дэлгүүрт 13.00 цагаас болохоор болжээ. Уг номонд Б.Лхагвасүрэн агсны сүүлийн хоёр жилийн хугацаанд бичиж тэмдэглэж байсан тэмдэглэлийн дэвтэр дэх шүлэг, яруу найргууд багтсан бөгөөд өөрөө 20-30 хувийг нь бэлдэж эмхэтгэсэн байсныг түүний хүү, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Л.Хасар үргэлжлүүлэн эмхэтгэж дуусгаснаар ийн уншигчдын гарт очиход бэлэн болоод байна.
Түүний хүү Хасар “Морин зэрэглээ” номыг олон тоогоор хэвлэхгүй, 2000 ширхэг орчмыг хэвлэхээр төлөвлөсөн. Уг номын нэрийг яруу найрагч Б.Лхагвасүрэн агсан өөрөө хэмээсэн юм.
Түүнчлэн “Морин зэрэглээ” ном түүний сүүлийн ном биш, үүний дараа өөрийнх нь хүсч байснаар шинэ, залуу яруу найрагчдад зориулсан судалгааны ажлууд, нооргуудыг нь эмхэтгэн хэд хэдэн ботиуд гаргана, гэвч хугацаа шаардагдана хэмээж байсан билээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ