Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Игорь Моисеевийн нэрэмжит ОХУ-ын Ардын бүжгийн эрдмийн чуулга Монгол Улсад дөрөв дэх удаагаа хүрэлцэн ирж, ирэх долоо хоногийн Мягмар, Лхагва гариг буюу есдүгээр сарын 3, 4-нд тоглолтоо хийх гэж байна.
Игорь Александрович Моисеев бол дэлхий дахинд Оросын нэр хүндийг өргөөд зогсохгүй, ардын бүжиг бол дэлхийн соёлын өв юм гэдгийг батлан харуулсан эрхэм. Тэрбээр Монгол Улсад уригдан, ажиллаж байх хугацаандаа Ц.Сэвжид гуайтай танилцаж, дотнын анд нөхөр бололцож, харилцан туршлага солилцож байв. Тэр цагаас хойш монгол ардын бүжиг, бүжигчид дэлхийд танигдаж, Орос-Монголын соёлын харилцаа оргил үедээ хүрч байсан түүхтэй.
Монголын бүжгийн урлагт оруулсан хувь нэмрийг нь Монголын төр үнэлэн 1947 онд БНМАУ-ын “Алтан гадас” одон, 1976 онд Д.Сүхбаатарын одонгоор шагнаж байв.
Дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан, агуу бүжиг дэглээч Игорь Александрович Моисеев, түүний монгол ардын бүжгийн урлагт үзүүлсэн ач гавьяаг мэдэх цөөн хүний нэг бол Сэвжидийн Сүхбаатар юм. Сэвжидийн Сүхбаатартай цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Игорь Моисеевийн нэрэмжит ОХУ-ын Ардын бүжгийн эрдмийн чуулга Монгол Улсад дөрөв дэх удаагаа хүрэлцэн ирж, тоглолтоо хийх гэж байна. Таны эцэг Ц.Сэвжид Игорь Моисеевтэй дотнын анд нөхөр байсан гэдэг. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
–ЗСБНХУ 15 холбооны улстай байх үед тэдгээр улсын түүхэн уламжлалыг хадгалсан бүжгийн чуулгыг Игорь Моисеев хэмээх агуу бүжиг дэглээч санаачлан, 1937 онд байгуулсан юм. Игорь Александорвич Моисеевийн чуулга 1937 онд байгуулагдаад анх удаагаа гадаадад тоглолт хийсэн нь БНМАУ байлаа. Энэ чуулга Монголд 1942 онд анх ирэхэд миний аав Ц.Сэвжид Цэргийн дуу, бүжгийн чуулгад ажиллаж байсан. Цэргийн дуу, бүжгийн чуулгынхан Оросын мэргэжилтэн багш нараар бүжиг заалгаж байсан үе. Энэ үед аав маань Игорь Моисеевтэй танилцаж, дотно найзалж, бүжиг заалгах их хувь тохиосон юм.
Цэргийн дуу, бүжгийн чуулгад аав маань Гомбо, Долгорсүрэн зэрэг алдартай бүжигчидтэй хамтран ажиллаж байв. Харин Оросын мэргэжилтэн багш нар орос ардын бүжиг, Кавказ бүжгийг зааж өгч байсан. Мөн Цэргийн дуу, бүжгийн чуулгад ажиллаж байсан орос багш нар гоцлол хөдөлгөөн болох трук зааж өгөв. Аав маань пляска хөдөлгөөнийг маш сайн хийдэг байсан гэж үеийнхэн хүмүүс ярьдаг.
–Игорь Моисеевийн нэрэмжит чуулга Монголын ардын бүжгийн чуулгад маш том гавьяа байгуулсан гэж ахмад уран бүтээлчид ярьдаг. Энэ талаар та дурсахгүй юу?
-Игорь Моисеевийн нэрэмжит чуулга 1942 онд Монгол Улсад анх хүрэлцсэн ирж, тоглолтоо хийсэн. Дараа нь 1972 онд Монголд хоёр дахиа ирсэн. Тухайн үед аав маань Ардын дуу, бүжгийн чуулгын Ерөнхий бүжиг дэглээч болчихсон байсан үе. Анх хоёулаа хальт уулзаж, танилцаж байсан бол 1972 онд дахин уулзахдаа монголын бүжгийн хөгжлийн тухай, Монголын түүхэн уламжлалын тухай ярилцсан түүхтэй. Энэ үед аав маань Монгол Улс нэгэн том багт бүжгээ бүжиглэхгүй байгаа талаар Игорь Моисеевд дуулгасан юм. Энэ бол цамын бүжиг. Энэ цамын бүжгийг үлгэрийн сэдэвт оруулан, хамтарч бүжиг дэглэж болох уу гэсэн асуудлыг Игорь Моисеевд тавьсан.
Игорь Моисеев Монголын цамын бүжгийг судалж, “Үлгэрийн бүжиг” гэж нэрлээд цамын бүжгийг дэглэж, зарим хийж болохгүй байсан бүжгийг нь Оросын Моисеевийн чуулгын бүжигчид бүжиглэхэд Монголд гарцаагүй хийж болох юм аа гэдгийг хүлээн зөвшөөрч, дараа нь Ц.Сэвжид Монголдоо цамынхаа бүжгийг дэглэж, “Цагаан өвгөн” багт бүжгээ дэглэж, мөн “Төгсгөл” кинонд цамын бүжгийнхээ анхны дэгийг оруулж өгсөн байдаг. Мөн Ц.Сэвжид цамын бүжгээс гадна, монголын хүүхэлдэйн бүжиг, “Адуучин” бүжгээ Игорь Моисеевийн чуулгад зааж өгч байсан. Энэ мэтчилэн түүхэнд мартагдсан бүжгийг аав маань Игорь Моисеевд ярьж өгч, Игорь Моисеев монгол бүжиг дэглэж, бие биеэсээ харилцан суралцаж, мэргэжлийн багш нарыг солилцох, ажиллуулах зэрэг хамтын нөхөрлөл, хамтын ажиллагааг эхлүүлсэн.
Игорь Моисеевийн нэрэмжит чуулга болон Оросын мэргэжилтэн багш нар Монголд орос ардын бүжгээс гадна дэлхийн сонгодог бүжгийг заан сургаж байсан. Игорь Моисеевийн нэрэмжит чуулга Монгол Улсад хоёр дахиа ирэхэд би Ардын дуу, бүжгийн чуулганы бүжигчин байсан. Оросын мэргэжилтэн багш нараас балет бүжиг, европын бүжиг, дэлхийн үндэстний бүжгийг заалгуулсан. Монголын Ардын дуу, бүжгийг чуулгын уран бүтээлчид ЗХУ-ын төдийгүй дэлхийн үндэстний бүжгийг орос багш нараар заалгаж, бүжиглэж, тоглолт хүртэл хийж байв.
-Игорь Моисеевийн нэрэмжит ОХУ-ын дуу, бүжгийн чуулга болон Игорь Моисеев гэдэг хүнийг судалж байхад Ц.Сэвжидтэй их төстэй санагдлаа. Учир нь, Игорь Моисеев хэмээх энэ агуу эрхэм олон орноор явж, улс үндэстний ардын бүжгийг судалж, шинэ санаа хайж, дараа нь бүжгээ дэглэдэг байсан юм байна лээ. Харин монгол ардын бүжгийн ноён оргил болсон Ц.Сэвжид монголын олон үндэстний онцлогийг судалж, монгол ахуй, ардын бүжиг, соёл, ёс заншлаа хүртэл бүжигтээ шингээж явсан эрхэм шүү дээ?
-Сонирхолтой гэмээр, гайхалтай гэмээр түүх ярьж өгье. Игорь Моисеевийн нэрэмжит чуулгын тоглолтыг үзэж байхад бид Башаев багштай хамтран ажиллаж байв. Башаев багш бол Игорь Моисеевийн шавь. Тэр багш Монголын ардын урлагт их том гавьяа байгуулсан хүн.
Башаев багш Монголын ард түмэнд, бүжигчдэд Игорь Моисеевийн чуулгын олон ардын бүжгийн дасгал, сургуулилтыг бүтнээр нь зааж сургасан хүн юм. Мөн Оросын ардын үндэстэн болон Европын дуу, бүжгийн чуулгын бүжгийг хүртэл заан сургаж, дараа нь бид “Ахан дүүсийн дуулал” хэмээх бүжгийн концертыг тоглосон. Игорь Моисеевийн чуулгын уран бүтээлчдийн ур чадвар, авьяас билэг өнөөдөр уламжлагдаж, хойч үе нь Монголд ирж, заан сургаж байна.
1976 онд би ЗХУ-ын Театр, урлагийн дээд сургуулийн найруулагч, бүжиг дэглэгчийн ангид суралцсан. Тэр үед Игорь Моисеевийн шавь Анатолий Алексеевич Борзов манай анги удирдсан багш байсан нь их гайхалтай. Монгол-Зөвлөлтийн ахан дүүсийн холбоо гэдэг шиг аав маань ЗХУ-ын мэргэжилтэн багш, тэр дундаа Игорь Моисеевоор хичээл заалгаж байсан бол би хөгжим бүжгийн дунд сургуулиа төгсөөд ЗХУ-ын мэргэжилтэн багш нараар хичээл заалгаж, хожим нь дэлхийд алдартай бүжиг дэглээч Игорь Моисеевийн шавийнх нь шавь болж очсон юм. Оюутан байхдаа би сургуульд суралцахын хажуугаар Игорь Моисеевийн чуулга руу очиж, тэдний сургуулилтыг ажиглаж, аавынхаа найз болон түүний шавь нартай ойр байж, орос болон дэлхийн үндэстний бүжгийг сурах, эрдэм мэдлэгийг олж авах их хувь заяа тохиосон. Курсын ажилдаа зориулан дэглэсэн бүжгээ би Игорь Моисеевийн чуулгын бүжигчдээр бүжиглүүлж байсан. Тэрхүү бүжгийн агуу чуулгатай Монголын Ардын дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид хамтран ажиллаж, тэднээс суралцаж, тэдний ур чадварыг судалж ирсэн.
–Игорь Моисеевийн нэрэмжит Оросын ардын дуу, бүжгийн чуулга анх 1937 онд байгуулагдсан талаар та дээр дурдсан. Өдгөө 82 дахь жилдээ уран бүтээлээ туурвиад явж байна. Харин монголын Ардын дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид тэртээ олон жилийн өмнө эзэмшсэн тэрхүү ур чадвараа өнөөдөр хойч үедээ өвлүүлээд явж байгаа нь хэр юм болоо?
-Нэг сонин түүх ярьж өгье. Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филатова тухайн үеийн дуурийн театрын бүжиг дэглээч н.Жамъяандагваас “Сэвжид гэдэг хүн ямар сургууль төгссөн вэ” гэж асуусан удаатай. Тухайн үед н.Жамъяандагва “Сэвжид гэдэг хүн бол мэргэжлийн бус хүн. Мэргэжлийн газар мэргэжлийн бус хүн ажиллаж болох уу” гэдэг асуудлыг дэвшүүлсэн юм. Энэ үед А.И.Филатова И.А. Моисеевоос “Ц.Сэвжид хэр зэргийн бүжиг дэглээч вэ” гэж асуухад Игорь Моисеев “Танайд Игорь Моисеев байна” гэж хэлсэн удаатай.
Энэ тухай ойр дотнын хүмүүсийнх нь яриа бий. Энэ бол А.И.Филатовад өгсөн их гүн ухаан юм. Ингэснээр аавыг маань ардын бүжгийн чуулгын бүжиг дэглээч хэвээр үлдээсэн юм. Тухайн үед мэргэжил эзэмшсэн бүжиг дэглээч цөөн байсан. Харин авьяас гэдэг бол дундаршгүй, мөнхийн юм гэдгийг харуулсан тод жишээ болсон.
Гэхдээ дан ганц Игорь Моисеевийн чуулга манай улсад ирж байгаагүй. Оросын алдартай “Берёзка”, Молдав, Польш, Чех, Унгар, Вьетнам, Лаос, Куба зэрэг орны ардын урлагийн алдартай чуулгууд манай улсад хүрэлцэн ирж байсан түүх бий. Монголын төр засаг бодлогоор дээрх чуулгыг урьж, тоглолтыг нь ард түмэндээ үзүүлж, агуу бүжиг дэглээчдийг судалж, монгол ардын бүжгээ хөгжүүлж, бүжигчид нь дэлхийн олон ардын бүжгийн дасгал сургуулилтыг сурч бүжиж, Монгол ардын бүжгийн урлаг дэлхийн хэмжээнд хүрч дэглэгдэж байсны тод жишээ.
Энэ бүхний хүчинд социалист гэгдэж байсан улс оронд “Монголын соёлын өдрүүд” зохион байгуулагдаж байв. Итали улсад Ц.Сэвжид багш “Монгол бүжгийн гайхамшиг” бүжгийн тоглолтоо хийж байсан. Италичууд монгол ардын бүжгийг гайхалтай хэмээн биширч, энэ бол "Монголын балет" хэмээн нэрлэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хүртэл Монголын ардын бүжгийн хөгжлийн тухай өгүүлж байв.
Үүгээрээ бид Монголын бүжгийн хөгжил, Монгол Улс гэж дэлхийд тамгалагдсан өөрийн гэсэн өвөрмөц онцлог, ард түмнийхээ зан заншил, түүхэн уламжлалыг харуулж чадсан ард түмэн гэдгээ харуулж чадсан юм. Мөн дэлхийн бүжгийн хөгжилтэй эн зэрэгцэж чадсан бүжиг дэглэгчидтэй, бүжигчидтэй гэдгээ нотолсон.
Монголын цамын бүжиг өнөөдөр Игорь Моисеевийн нэрэмжит Оросын ардын дуу, бүжгийн чуулгын урын санд байдаг болов уу?
–Игорь Моисеевийн чуулга 1972 онд Монгол Улсад ирэхдээ цамын бүжгийг бүжиглэсэн. Өнөөдөр энэ бүжиг урын санд нь бий. Игорь Моисеевийн чуулга олон хөтөлбөртэй. Тэд анх 1942 онд ирэхдээ тоглолтоо хийсэн, дараа нь 1972 онд ирэхдээ тэрхүү анхны тоглолтоо баяжуулсан байсан. Хожим нь, 2018 онд ирэхдээ Монголд анх удаа ирэхдээ ямар тоглолтыг үзүүлж байсан яг тэр тоглолтыг баяжуулан тоглосон. Энэ бол агуу бүжгийг ард түмэндээ зуун дамжуулан мөнхлөн, үе дамжуулан бүжиглэж, ард олныг бишрүүлж байна. Оросын ард түмэн Игорь Моисеев хэмээх агуу бүжиг дэглээчийн урын санг мөнхлөн үлдээж чадсан нь харагдаж байгаа юм.
Одоо 2019 онд ирэх гэж байна. 1937 оноос хойш өнөөдрийг хүртэл 80 гаруй жил уламжлалаа авч явж, хойч үедээ тэр бүжгийг, тэр хөгжмийг, тэр хувцасны загварыг өвлүүлж байна. Энэ бол Орос үндэстний агуу их бодлогын нөлөө юм. Би бүжигчин хүн гэдэг тэрхүү чуулгын бүжгийг үзэж ханахгүй байна шүү дээ. 80 жил уламжлагдан бүжиглэгдэж буй тэрхүү хөтөлбөрийг өнөөдөр дэлхийн ард түмэн тэр дундаа Монголын ард түмэн гайхан, шагшин биширч байна. Шинэ ертөнц шиг хүлээн авч байна.
Бүжиг дэглээч гэдэг авьяас цөөн хүнд олддог. Игорь Моисеев хэмээх эрхмийн Оросын түүхэн үлдээсэн энэ их өв соёлыг бишрэн шүтэж, хүндэтгэж байна. Игорь Моисеевийн 100 насны ойг тэмдэглэхэд ЗХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцын хүндэтгэл үзүүлж, Орос орныг дэлхийд сурталчилсанд нь ард түмнийхээ өмнөө мэхийн ёсолж байсан. Урлаг гэдэг бол төрөө, улсаа авч явж, дэлхийд сурталчилж болдог гэдгийг харуулсан гайхалтай үйл явдал болсон.
Бид хойд хөршөөсөө Европын, дэлхийн бүжгийг сурсан. Одоо бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчидтэй хамтарч, Азийн бүжгийн сургуулилтыг сурч, судалж байна. Монголын Ардын дуу, бүжгийг чуулгын уран бүтээлчид дэлхийн таван тивийн үндэстний бүжгийг бүжиглэж чадна. Өнөөдөр Монголын 21 аймгийн ардын дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид Игорь Моисеевийн шавь нарийн заасан тэрхүү дасгал сургуулилтаар ардын бүжгээ хөгжүүлж байна. Өнөөдөр Монголын бүжгийн бие даасан чуулга бий болно гэдгийн үе үеийн төлөөлөл хүсэн мөрөөдөж байна.
Холбоотой мэдээ