Москва хотод амьдарч байгаа гадаад орны цагаач иргэд зөвхөн өөрсдийн нутаг нэгтний хүрээлэлд амьдарч байгаатай шашны удирдагчид тэмцэх хэрэгтэй, тэгэхгүй бол энэ байдал нь аюултай үр дагавартай байж мэдэх юм хэмээн Москва хотын Үндэсний бодлого, бүс нутгийн харилцааны албаны дарга Константин Блаженов хэлсэн байна.
Тэрбээр энэ байр сууриа Москва хотноо зохиогдсон шашны асуудлаарх "Ненависть в нашем мире, ненависть в нашем городе" хурлын үеэр илэрхийлжээ.
"Гадаад орны төдийгүй Оросын бүрэлдэхүүнд байдаг Холбооны улсаас нийслэлд ирсэн хүмүүс хүртэл зөвхөн өөрсдийн хүрээлэлд амьдарч байна. Гадаад орноос ирж байгаа хүмүүст орос хэлээр нэвтрэлцэх тийм ч амар биш байдаг нь ингэж өөрсдийгөө тусгаарлах бас нэг шалтгаан болж байна. Хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ ч харьцдаггүй тохиолдол түгээмэл байна” хэмээн тэр хэллээ.
Энэ байдал хотын хүн амыг автоматаар “өөрийн”, “хүний” гэж ангилахад хүргэж, өөрсдийн гэм бол гэм биш, бусдын гэм бол гэм гэсэн хандлагыг бий болгож байна гэсэн байр суурийг хурлын үеэр ярьсан байна. Гэхдээ энэ тусгаарласан байдлыг хүчээр нураах биш, тэдгээр иргэдтэй илүү ойртох замаар хийх нь зүйтэй, үүнийг шашнаар дамжуулан хийх нь хамгийн зөв гэсэн байр суурийг Москва хотын захиргаа барьж байгаа ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ