Б.Тамир: Анги бүр бүрэн хэмжээний киноны дайтай бүтсэн

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

Б.Тамир: Анги бүр бүрэн хэмжээний киноны дайтай бүтсэн

“Миний ах атаман”, “Маш нууц – 1, 2”, “Зүрхний хилэн” зэрэг хит киног үзэгчдэд өргөн барьсан “Фантастик” продакшны уран бүтээлчид арван  жилийнхээ ойг угтаж “37-р точка” олон ангит уран сайхны кино бүтээжээ. Нийт 21 ангитай тус бүтээлд 200 орчим уран бүтээлч оролцсон бөгөөд нэг анги нь л гэхэд бүрэн хэмжээний кинотой ойролцоо урттай болсон байна. Тэгвэл  өнөөдөр /2019.08.28/  "Фантастик" продакшны  уран бүтээлчид  “37-р точка ” олон ангит уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон талаар  мэдээлэл хийлээ. 


Энэ үеэр тус киноны ерөнхий найруулагч МУСТА, Б.Тамираас цөөн асуултад хариулт авсан юм.

-"Фантастик" продакшны анхны олон ангит кино тун удахгүй нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ том ажлын ард гарсан танай хамт олонд баяр хүргэе.

-Баярлалаа.

 -“37-р точка” кино бусад олон ангит киноноос юугаараа онцгойрох вэ?

Энэхүү уран бүтээл “Фантастик” продакшны анх удаа хийж байгаа олон ангит кино. Өөрсдийнхөө хийсэн бүтээлийг үзэгчдэдээ тайлагнахад бэлэн болоод байна. Мэдээж өмнө нь монголд хийгдэж байсан олон ангит  киноноос “ 37-р точка” бүхэлдээ онцлог. Ер нь “Фантастик” продакшн уран бүтээл хийх бүртээ  цензур тогтоох  зорилготой ажилладаг. Ямар ч байсан миний анзаарч байгаагаар Монголд энэ хэмжээнд олон ангит кино хийгдэж байгаагүй. Киноны нэг анги гэхэд л  бүрэн хэмжээний киноны дайтай хийгдсэн гэдгээрээ ихээхэн онцлог.

Тэгвэл энэхүү киногоороо юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Кино тэр чигтээ л хүний амьдралыг өгүүлэх болно. 37-р точкад амьдардаг хэсэг залуус явсаар байгаад Улаанбаатарт ирж байгаа үйл явдал гарна. Цаг хугацааны хувьд яг тэдэн он гэсэн зүйл байхгүй. “Фантастик”-ийн залуус маань киноны ихэнх үйл явдлыг ийм цаг үе байсан бол гоё байхдаа гэсэн өөрсдийнхөө төсөөллөөр сэтгэж бүтээсэн. Гэхдээ мэдээж энэ нь Монгол Улсад болж байсан тод томруун үйл явдлуудтай холбогдоно.  Кино маань үндсэн үйл явдлаар нь хуваасан нийт хоёр бүлэгтэй, бүлэг бүр нь арван ангиас бүтэж байгаа. Скаймедиа видео санд киноны нэгдүгээр анги есдүгээр сарын 12-нд орох бол  есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Стар ТВ болон NTV телевизээр үзэгчдийн хүртээл болно. Анги бүрийг долоо, долоо хоногийн хүлээлттэйгээр үзэгчдэдээ хүргэнэ.

-Яагаад киногоо долоо, долоо хоногийн зайтай үзэгчдэд хүргэхээр   болов. Киноны хоёр бүлэг дууслаа гэхэд цааш нэмж бүлэг  хийх үү?

-Тухайлбал,  сүүлийн хэдэн жил “Game Of Thrones” телевизийн цуврал дэлхийг байлдан дагууллаа. Тус кино олон хоногийн зайтай гарахад бид  үзсээр л байсан шүү дээ. Манай үзэгчид тэрхүү соёлд суралцсан  гэж бодож байна. Киноны хоёр бүлэг дууслаа гэхэд цааш үргэлжлэн хийгдэх эсэхийг хэлж мэдэхгүй юм.  Кино маань үзэгчдийн таашаалд хэр нийцэхээс шалтгаалж байдал яаж ч эргэж болно.

-Кинонд 1970-1980 оны  үйл явдлыг харуулж байгаа болохоор обьектууд олдохгүй хэцүү байв уу. Хүндрэл бэрхшээл юу байв?

-Мэдээж объектууд хомс байсан учраас ихэнхийг нь өөрсдөө хийсэн. Тухайн үеийн олон ч объектуудыг бид өөрсдөө зассан. Нэг объектыг 7-8  хувиргаж ч байсан. Эмнэлэг, цагдаа, нийтийн байр, бүжгийн клуб, сургууль, шорон гээд л… Энэ дашрамд хэлэхэд хуучны барилга байшингуудыг өв соёл болгож авч үлдэх тал дээр төр  анхаарахгүй бол дараа, дараагийн уран бүтээлчид 1970-1980 оны   кино хийе гэхэд хэцүү санагдаж байсан шүү. Гэхдээ энэ миний хувьдаа эмзэглэж явдаг зүйл.

-Ярианы төгсгөлд киноны нэрийг асуухгүй өнгөрч чадахгүй нь?

 -"Точка" гэдэг үгийг задлаад үзэхээр цэг гэсэн утгатай. Хүмүүс цэг гэдэг утгаар  нь биш Орос хэллэгээр нь бодоод байгаа. Харин 37 нь миний утасны дугаарын тоо. /инээв/

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж