Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тухай ээлжит хоёр дахь тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2015 онд хэлэлцэж Засгийн газарт хандаж 150 зөвлөмж өгсөн. Монгол Улс 2020 оны 5 дугаар сард эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлсэн тухай буюу удаах гурав дахь удаагийн тайлангаа Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцүүлэх юм.
Өнөөдөр Гадаад харилцааны яаманд Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, үр нөлөөнд иргэний нийгмээс өгч байгаа дүгнэлт тайланг хэлэлцэх зөвлөлдөх уулзалт болж байна.
Зөвлөлдөх уулзалтад Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум, холбогдох яамд, ЦЕГ, МХЕГ, ШШГЕГ, Жендэрийн үндэсний хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон бусад байгууллагын төлөөлөгчид оролцов.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хүрээнд өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад оролцогчид хүний эрхийн үндэсний тогтолцоо, бодлогын уялдаа холбоо, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл, эрүүдэн шүүхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх мөн гэр бүлийн хүчирхийлэл, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, хар тамхи, мансууруулах бодисоос ангид байх болон хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилтийг хэлэлцэж байгаа юм.
Зөвлөлдөх уулзалт Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагын ойлголтыг нэгтгэх, харилцан мэдээлэл солилцох мөн хүний эрхийн төлөв байдлыг бодитоор үнэлэхэд ач холбогдолтой болж байна.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ