Азийн төлөөлөл Йорданы вант улсын сагсан бөмбөгийн эрэгтэй баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 дахь удаагаа оролцож байна. Йорданы шигшээ 2010 онд Турк улсад болсон тэмцээнд анх удаагаа оролцож байсан ч хожил авч чадаагүй байдаг. Йорданы шигшээ баг Ази тивийн АШТ-д 2009 онд хүрэл медаль хүртсэн бол 2011 онд маш сайн оролцож Хятадын шигшээ багтай финалд шалгарч 1 онооны зөрүүтэй хожигдсон. Энэ нь Йорданы сагсан бөмбөгийн тив, дэлхийд үзүүлсэн хамгийн том амжилт юм. Харин олимпийн наадамд хараахан оролцож чадаагүй байгаа.
Йорданы шигшээ баг Азийн бүсдээ 6, дэлхийд 49-рт эрэмбэлэгдэж байна. Тэд Азийн бүсээс дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын С хэсэгт Ливан, Сири, Энэтхэгийн шигшээ багуудтай өрсөлдөн Ливаны хамтаар хэсгээ тэргүүлсэн. Дараагийн шатанд Хятад, БНСУ, Шинэ Зеланд, Ливан болон Сирийн шигшээ багуудтай өрсөлдөж хэсгээс шалгарснаар дэлхийн аваргын эрхээ авсан. Азийн сонгон шалгаруулалтанд тун боломжийн өрсөлдөөн үзүүлсэн Йорданы шигшээ баг дэлхийн аваргын G хэсэгт Франц, Герман болон Бүгд найрамдах Доминикан улсуудын шигшээ багтай багтсан. Эхний тоглолт нь Йордыны шигшээ багийн хувьд дэлхийн аваргын анхны хожил авахын төлөөх тоглолт байх бөгөөд Доминиканы эсрэг хийнэ. Энэ тоглолтоос хожил авч чадахгүй бол Франц болон Германы эсрэг тоглолтонд хожил авахад хүнд байна.
Йорданы шигшээ багт дотоодын лигийн тоглогчид ихэнх хувийг нь бүрдүүлж байгаа бол Хятадын лигт тоглодог нэг тоглогч, Евролигт тоглодог нэг тоглогч багтсан. Евролигийн 2017 оны аварга Турк улсын Фенербахче клубын төвийн тоглогч Ахмет Дювериоглу шигшээ багийнхаа гол тоглогч нь юм. Самбарын тоглогч А.Дювериоглу Турк руу гараад 4 жил болж байгаа бөгөөд сүүлийн 3 жил нь Фенербахче клубт хүчин зүтгэхдээ 2017 онд Евролигийн аварга, 2017, 2018 онд Туркийн лигийн аварга, 2015, 2016, 2017 онуудад цомын тэмцээнд түрүүлсэн шилдэг тоглогч ажээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ